Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Алагдсан сэтгүүлчийн цогцос хаана байгааг зарлахыг Эрдоган Саудын Арабын удирдагчдаас шаардав

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Энэ сарын эхээр сураггүй болсон сэтгүүлч Жамал Хашогги нь нэгэнт алагдсан тул түүний цогцсыг хаана байгааг Саудын Арабын эрх баригчид ил болгох хэрэгтэй хэмээн Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган өчигдөр буюу Баасан гарагт мэдэгджээ.

Саудын Арабын ерөнхий прокурор Ням гарагт Анкарад ирж, Туркийн талтай уг хэргийн талаар ярилцахаар болсныг тэр бас хэлсэн байна.

Саудын Арабын засгийн газар долоо хоногийн өмнө анх удаа Хашоггийн хэргийн талаар ам нээхдээ түүнийг Истанбул дахь консулын газарт албаны хүмүүстэй маргалдаж, зодолдох үеэр золгүй байдлаар амиа алдсан гэж тайлбарласан юм.

Гэтэл Пүрэв гарагт Саудын прокурорын газар Хашоггийн аллагыг урьдаас сайтар төлөвлөж бэлдсэн байсан гэж зарласан нь эхний мэдэгдэлтэй зөрчилдөж байна.

Өчигдөр Туркийн эрх баригч намын удирдлагуудтай уулзахдаа Эрдоган “Сэтгүүлч алагдсан нь тодорхой болсон. Харин түүний цогцос хаана байна вэ? Цогцос хаана байгааг хэлэх хэрэгтэй” гэжээ.

Тэрээр Саудын Арабын засгийн газрын ойлгомжгүй мэдэгдлүүдийг шүүмжилж “Тэр консулын газраас гарч явахдаа гадна хүлээж байсан найз эмэгтэйгээ орхино гэж үү? Төр барьж байгаа хүмүүс ийм хүүхэд хуурч байгаа мэт зүйл ярих ёсгүй” гэж ярьсан байна.

Хэрэгт холбогдуулан Саудын тал 18 хүнийг баривчилсан гэдгээ мэдэгдсэн.

Эрдоган тэднийг хэргийг яаралтай шүүж, буруутайг нь тогтоохыг шаардаад “Тэднээр хэргийг хүлээлгэж чадахгүй байгаа бол бидэнд шилжүүлж өг. Бид тэднийг шүүхэд бэлэн байна” гэж ярьжээ.

Туркийн ерөнхийлөгч энэ мэт хатуу мэдэгдлүүдээрээ бүс нутгийн том өрсөлдөгч Саудын Арабыг дарамталсаар байгаа бөгөөд түүний сүрдүүлэг цаашид ч үргэлжлэх нь тодорхой байна.

Саудын Арабын эрх баригчид ч Хашоггийн аллагатай холбоотой бий болсон олон улсын дарамт шахалтаас гарах аргаа олохгүй байгаа нь тэдний замбараагүй алхмуудаас харагдаж байгаа юм.

Туркийн тал өөрт нь аллагатай холбоотой чухал баримт нотолгоонууд байгааг сануулсаар байгаа. Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын тагнуулын төв газрын захирал Жина Хаспел Анкарад очиж баримттай танилцаж ирснийхээ дараа ерөнхийлөгчдөө Пүрэв гарагт тайлагнасан байна.

Үүний дараа Трамп сэтгүүлчдэд ярихдаа уг аллагын хэргийг “маш муу нуун далдалсан, магадгүй түүхэнд хамгийн муу нуусан хэрэг” гэж хэлсэн нь Саудын удирдагчдыг “нуман тулгуурт” оруулаад байгаа юм.

 

Эх сурвалж: Associated Press