Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад, Япон улсууд эдийн засгийн хамтын ажиллагааны 500 гаруй гэрээ байгууллаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Бээжин хотод айлчилж байгаа Японы ерөнхий сайд Шинзо Абэ, түүнийг хүлээн авч, зочилж байгаа Хятадын ерөнхий сайд Ли Кэчянь нар өнөөдөр хамтарсан мэдэгдэл хийлээ.

Японы ерөнхий сайд долоон жилийн дараа Хятадад айлчилж, нэг хэсэг муудаад байсан хамтын ажиллагаагаа сэргээж байгаа нь энэ юм. Энэ удаагийн айлчлалаар хоёр хөрш орон нийтдээ 500 гаруй эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээг байгуулжээ.

Тухайлбал 2013 онд хэмжээг нь бууруулаад байсан валютын свап гэрээг ахиулан шинэчилж, инноваци, байгаль орчныг хамгаалах, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдэд хамтран ажиллахаар болсон байна.

“Хятад-Японы харилцааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх сонирхолтой байгаа, ингэх нь бүс нутгийн тогтвортой байдалд чухал ач холбогдолтой болохыг талууд илэрхийллээ. Бид бие биеийн эсрэг халдахгүй, бие биедээ аюул занал учруулахгүй байхаар тохиролцлоо” гэж Хятадын ерөнхий сайд Ли Кэчянь хамтарсан хэвлэлийн хурал дээр мэдэгдлээ.

Дайны үеийн гашуун түүх, геополитикийн өрсөлдөөн, зүүн Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаанаас үүдэлтэйгээр хоёр орны харилцаа сүүлийн хэдэн жилийн турш доройтоод байлаа.

Тэгвэл энэ нөхцөл байдлыг засахаар Японы ерөнхий сайд Шинзо Абэ 500 орчим бизнесийн төлөөлөгчөө дагуулан Пүрэв гарагт Бээжинд газардсан юм.

Үүнээс гадна АНУ-ын хувиа хичээх гадаад бодлого Азийн хоёр том гүрнийг ойртон нягтрахад хүргэж байна. Гэхдээ тэдний харилцаанд шийдэхэд бэрхшээлтэй асуудлууд бий.

Шинзо Абэ хэвлэлийн хурал дээр Бээжин-Токиогийн харилцааны хандлага “өрсөлдөгч”-өөс “хамтрагч”-ийн төлөв байдалд хувиран шилжиж байгааг онцлон хэлсэн юм.

“Өрсөлдөөнөөс хамтын ажиллагаанд шилжсэнээр манай хоёр орны харилцаа шинэ шатанд гарна гэдэгт би итгэж байна. Бид хамтын ажиллагаагаа их хэмжээгээр өргөжүүлэх хүсэл сонирхолтой байна” гэж Абэ хэлжээ.

Тэр цааш нь хэлэхдээ “Бид бол хөршүүд. Бид бол хамтрагч түншүүд. Бид бие биедээ аюул занал учруулахаас зайлсхийх хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн байна.

Өнөөдөр өглөө Шинзо Абэг Хятадын засгийн газрын тэргүүн Тяньаньмэний талбайд хүндэт харуулын өмнө угтаж авсан юм. Тэр үдээс хойш дэд бүтцийн төслүүдийн чуулганд оролцсоныхоо дараа Бээжингийн Их сургуульд зочилж, дараа нь Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй цуг оройн зоог барихаар төлөвлөжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post