Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

“Түгээлтийн машинуудыг цагийн хязгаарт оруулсан журам одоогоор огт гараагүй”

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар хотын хэмжээнд түгээлтийн үйлчилгээ явуулж буй авто машинуудыг ажлын бус цагаар буюу шөнө явуулах тухай хотын удирдлагуудын санаачилга үйлчилгээ эрхлэгчдийн бухимдлыг төрүүлж, олон нийтийн сүлжээнд маргаан өрнүүлээд буй. Тэгвэл энэ талаар өнөөдөр нийслэлийн ЗДТГ болон Замын цагдаагийн зүгээс мэдээлэл хийлээ. Товчхондоо, энэ талаар өнөөдрийн байдлаар ямар нэгэн эцсийн шийдвэр огт гараагүй байгааг нийслэлийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга А.Даваажаргал хэллээ. 

 

Нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр хийж буй ажлуудын хүрээнд дээрх санаачилгыг гаргасан бөгөөд одоогоор судалгаа явуулж байгаа аж. Судалгаагаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа 536,171 автомашин байгаагийн 67,999 нь түгээлт болон ачаа хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг гэсэн тоо байна. Мөн компаниудын өдөр тутмын үйл ажиллагааг хангахад 63,120 тээврийн хэрэгсэл оролцож байгаа аж. Гэвч эдгээр машинууд замын нэгдүгээр эгнээг хааж зогсон ачаагаа зөөдөг, замын хөдөлгөөний дүрэм журмыг мөрддөггүй, хөдөлгөөн саатуулдаг зэрэг гомдол иргэдээс өнөөдрийг хүртэл ирсээр байгаа тул шийдвэрлэх шаардлагатай байгааг А.Даваажаргал дурдаад “Гэхдээ бид нэг хэсэг үйлчилгээг зохицуулж байгаа гээд нөгөө хэсгийн эрхийг зөрчиж болохгүй. Тийм учраас судалгаа бүрэн дууссаны дараа шийдвэр гаргахын өмнө холбогдох байгууллагын саналыг заавал сонсоно” хэмээн мэдэгдэв.

Түгээлтийн машинуудыг шөнө зорчуулах нь хүнсний аюулгүй байдалд хортой гэв

Харин Монголын хүнсчдийн холбооны гишүүд гаргахаар зэхэж буй эл шийдвэрийн эсрэг байр суурьтай байгаагаа өнөөдөр ч мөн илэрхийлсэн юм. Тус холбооны гишүүн Б.Цэрэнжамц “Нийслэлд гарч буй нийт гэмт хэргийн дийлэнх нь шөнө буюу 22:00 цагаас хойш үйлдэгддэг. Энэ тоо огт буурахгүй байгааг статистикийн мэдээллүүд харуулж байна. Ийм байгаа нөхцөлд байнга их хэмжээний бэлэн мөнгөтэй харьцаж ажилладаг түгээлтийн ажилтнуудаа шөнийн цагаар явуулах нь бүгдийг нь аюул руу түлхэж байгаатай ижил. Үүнээс гадна зөвхөн хүнс биш хувцас хэрэгсэл, бүх төрлийн бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх горим гэж байдаг. Шөнийн цагаар, одоо өвлийн улирал эхэлж байхад ийм шийдвэр гаргавал хүнсний аюулгүй байдалд уршигтай” гэлээ.