Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Х.Баттулга Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бахтай уулзав

ikon.mn
2018 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Олон улсын олимпийн холбооны ерөнхийлөгч Томас Бахтай уулзлаа.

Ноён Томас Бах Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганд оролцох цаг заваараа хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Олон улсын олимпийн хорооны үйл ажиллагааг танилцуулж, Монгол Улсын спортын хөгжил, олимпийн хороон дахь үүрэг, оролцооны асуудлаар ярилцлаа.

Тухайлбал, олимпийн хорооныхон “Азийн хүүхдийн их наадам-2020” Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болох гэж буйтай холбогдуулан залуу тамирчдыг мэргэжлийн арга зүйгээр сургаж, спортын амжилт гаргахад нь түлхэц үзүүлж байгаа талаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулсан юм.

Мөн “Олимп эв нэгдэл” хөтөлбөрийн хүрээнд манай улсын тамирчдад тэтгэлэг олгож, тамирчин, дасгалжуулагчдын бэлтгэж байгаа зэрэг Олон улсын олимпийн хорооны Монгол Улс дахь үүрэг, оролцооны талаар дэлгэрэнгүй  танилцуулав.

 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Азийн хүүхдийн их наадам-2020”-ыг зохион байгуулах бэлтгэл ажлаа хангаж буй талаараа танилцуулж, “Олимп эв нэгдэл” хөтөлбөрийн хүрээнд манай улсын тамирчдад өгч буй тэтгэлэг болоод зарим спортын төрөлд мэргэжлийн арга зүйгээр хангаж буйд нь талархал илэрхийллээ. Түүнчлэн энэ хөтөлбөрийг цаашид спортын олон төрлөөр үргэлжлүүлэх, нягт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрчимжсэн хөдөө, аж ахуйг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Швейцар улсын Женев хотын сүү, сүүн бүтээгдэхүүний нэгдэл болох 1911 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа “Лайтерс Руйнерс” компанид зочилж, тус байгууллагын удирдлагуудтай уулзлаа.

Нэгдлийн захирал Тьерра Чарьветийн танилцуулснаар Швейцар улс нь цаг, банк, оюуны өмч, олон улсын байгууллагуудын төвүүд байрладаг зэрэг олон зүйлсээрээ алдартай хэдий ч хөдөө, аж ахуйн бодлого, орлого нь тэргүүлэх чиглэлүүдийн нэг хэмээн танилцуулсан юм. Тухайлбал, Женев хотын газар нутгийн 40 хувийг зөвхөн хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглаж, хөдөө, аж ахуйн салбар нь жил ирэх бүр төрөлжиж, худалдаа логистикийн салбарын дийлэнх орлогыг бүрдүүлэх болжээ.

Жишээ нь, энэхүү нэгдэл 180 гаруй фермерээс жилдээ 47 сая литр сүү цуглуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Мөн зөвхөн сүү, сүүн бүтээгдэхүүн бус мах, махан бүтээгдэхүүн, худалдаа логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж  2017 оны байдлаар 215 сая швейцар франкийн орлоготой ажиллажээ.

 

Энэ нь фермерийн аж ахуйгаас өндөр ашиг тус гаргах тус улсын технологи, фермерийн буюу эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бодлоготой нягт холбоотой гэж тус улсын Сүү, сүүн бүтээгдэхүүний нэгдлийн удирдлагууд танилцуулсан юм.

Танилцуулгын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үйлдвэрлэлийн явцтай нь танилцаж, Монгол Улсын хөдөө, аж ахуй, энэ салбарт ашиглаж буй технологийг нэвтрүүлэх, ашиглах боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцаж санал солилцсон юм.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба