Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хүний ялгадаснаас анх удаа бичил хуванцрууд илэрчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Саяхны судалгаагаар хүний ялгадаснаас анх удаа бичил хуванцруудыг илрүүлсэн нь хүн төрөлхтний хоол хүнсэнд хуванцрын бохирдол нэвтэрч эхэлснийг харуулжээ.

Бага хэмжээний уг судалгаанд Европын орнууд, Япон, Оросын найман иргэнийг оролцуулсан байна. Ингэхэд тэдний бүгдийнх нь өтгөнөөс хуванцрын бичил хэсгүүд илэрчээ. Шалгаж үзсэн 10 төрлийн хуванцраас ес нь илэрсэн бөгөөд хэмжээ нь 50-500 микрометрийн хэмжээтэй байсан гэнэ.

Полипропилен, полиэтилен терефталат төрлийн хуванцрууд хамгийн олноор олдож байжээ.

Дунджаар 10 грам өтгөнд 20 ширхэг хуванцрын хэсэг ноогдож байсан байна. Энэхүү судалгааны үр дүнд дэлхийн хүн амын 50-аас дээш хувийн ходоод гэдсэнд хуванцар ямар нэг хэмжээгээр орсон гэсэн дүгнэлт гаргажээ.

Үүнийг батлахын тулд илүү өргөн хүрээтэй судалгаа хийх хэрэгтэйг мөн тайландаа дурдсан байна. Туршилтанд оролцсон хүмүүсийн ялгадасны дээжийг Австрийн нийслэл Вена хот дахь лабораторид илгээж, Фурьегийн инфра улаан туяаны микроспектрометрээр шинжилжээ.

Далайн болон гол мөрний усанд жил бүр 8 сая тонн хуванцар материал хаягддаг гэсэн тоо бий. Энэ нь задарч, ундны усанд шингэснээр өнөөдөр хүн төрөлхтөн хуванцаргүй хоол хүнс хэрэглэх бараг боломжгүй болоод байна.

Өнөөдөр минут тутамд нэг сая хуванцар савтай ундаа дэлхий даяар зарагддаг. Энэ тоо 2021 онд 20 хувиар өснө гэсэн судалгаа бий. Тиймээс дэлхийн улс орнууд хуванцрын гамшигтай тэмцэх талаар эхний алхмуудыг хийж эхлээд байгаа билээ.

 

Эх сурвалж: The Guardian