Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд төрөлхийн тэмбүүгийн өвчлөл нэмэгджээ

ikon.mn
2018 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ХӨСҮТ-ийн Бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албатай хамтран “Глобал” сангийн санхүүжилтээр “БЗДХ, ХДХВ, ДОХ-ын эрт илрүүлэг оношилгоо эмчилгээ, хавьтал илрүүлгийн чиглэлээр анхан шатны эмч, мэргэжилтнийг чадавхижуулах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Энэ сарын 2-19-ний хооронд дүүрэгчилсэн байдлаар зохион байгуулсан  есөн удаагийн сургалтанд дүүргийн эрүүл мэндийн төвийн ХДХВ/ДОХ, БЗДХ-ын кабинетын зохицуулагч, тархвар судлаач, ӨЭМТ-ийн нийт 240 гаруй эмч, мэргэжилтнийг хамруулжээ.

ХДХВ/ДОХ-ын нийт 266 тохиолдол бүртгэгджээ

Манай улсад бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) нийт халдварт өвчний дотор дийлэнх хувийг эзэлж байгаа юм. Мөн бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) сүүлийн таван жилд тасралтгүй нэмэгдэж буй бөгөөд өнгөрсөн 2017 оны байдлаар зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварын 6,902 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25.7 хувийг эзэлжээ. Харин өвчлөлийн 25.6 хувийг заг хүйтэн, 45.2 хувийг тэмбүү, 29.2 хувийг трихомониаз тус, тус  эзэлж байна.

Одоогийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 266 тохиолдол бүртгэгдсэн аж. Улсын хэмжээнд төрөлхийн тэмбүүгийн өвчлөл 59 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 17 тохиолдлоор нэмэгдсэн байна. Үүнээс нийслэл хотод нийт 41 тохиолдол бүртгэгджээ.

Бэлгийн замаар дамжих халдвар тасралтгүй нэмэгдэж байгаа нь дээрх тоо баримтаас харагдах бөгөөд халдварыг эрт илрүүлэх, халдвар тархалтыг бууруулах, мөн хянах эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм.

БЗДХ, тэмбүү, ХДХВ/ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх, халдварын тархалтыг тогтоон барих үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрсдэлтэй хүн амыг шинжилгээнд бүрэн хамруулахаас гадна тэдний хувьд халдвар авсан эсэхээ мэдэх, эмчилгээнд эрт хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, халдвар дамжих эрсдлийг бууруулах, хавьтал илрүүлэх нь нэн чухал ач холбогдолтой юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл мэндийн газар, ХӨСҮТ