Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Х.Баттулга Европын зарим хотод ажиллаж амьдарч байгаа монголчуудтай уулзлаа

ikon.mn
2018 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Бельги улсын Брюссель хотноо болсон Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцохоор Швейцарын холбооны улсын Женев хотод өчигдөр хүрэлцэн ирсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн ирсэн даруйдаа Женев хот болон Европын бусад ойролцоо хотуудад оршин суугаа монголчуудын төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонсон, нээлттэй ярилцлаа.

Швейцарын холбооны улсад 1,500 гаруй монгол иргэн ажиллаж амьдардаг бөгөөд уулзалтад Цюрих, Парис зэрэг хотуудаас монголчууд ирж оролцсон юм. Уулзалтад оролцогчид Монгол Улсдаа эргэж очихыг хүсдэг ч тэнд ажлын байр хангалтгүй, цалин орлого муу болон нийгмийн халамж үйлчилгээний хүртээмж, УИХ-ын сонгуульд саналаа өгөх боломж, хүнсний аюулгүй байдал, авлига гэх мэт олон асуудлаар санал бодлоо илэрхийлж, сонирхсон асуултдаа хариулт авлаа.

 

Тэд Монгол Улсад амьдрах орчин баталгаагүй, шударга бус байдал газар авч, авлига их байгаа зэрэгт ихээхэн санаа зовж байгаагаа илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Европын зарим хотод сурч, ажиллаж, амьдарч байгаа монголчуудтай хийсэн уулзалтад Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Женев дэх төв болон Олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгч, Монгол Улсаас Швейцарын холбооны улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэн нар оролцлоо.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба