Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Оюу Толгой" Монгол Улсад хамгийн том ажил олгогч хувийн хэвшлийн байгууллага болсноо зарлалаа

Б.Ану
2018 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Оюу толгой” компани 2018 оны III улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцуулаа. Тус танилцуулгаас онцлох мэдээллүүдийг нь хүргэе.

  1. “Оюу толгой” компани Монгол Улсын Засгийн газарт 2010 оноос эхлэн 2018 оны гуравдугаар улирлын байдлаар 1.6 тэрбум ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт төлсний дотор 2018 оны эхний гурван улиралд 152 сая ам.доллар төлсөн байна.
     
  2. “Оюу толгой” компанийн үндсэн болон гэрээт ажилчдын тоо 17 мянга давж, Монгол Улсад ажил олгогч хамгийн том хувийн хэвшлийн байгууллага болоод байна. Ажиллах хүчний 93 хувь нь монгол бөгөөд үүний 19.4 хувийг Өмнөговь аймгийн иргэд, нийт ажиллах хүчний 53.9 хувийг гүний уурхайн ажилчид бүрдүүлж байна.
     
  3. Гүний уурхайн бүтээн байгуулалтын хуваарь, зардлын тооцооллыг 2 дахь удаагаа нягтлан шалгаж шинэчилсэн тооцооллоор гүний уурхайн төсөл анхны төсөвт өртөгтөө багтан, анхны хүдэр гаргах хугацаа төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна гэж дүгнэжээ. Харин хоёрдугаар Босоо амны бүтээн байгуулалтад тулгарч буй зарим хүндрэлүүд болон чулуулгийн нөхцөл байдлаас 2021 оны нэгдүгээр улиралд эхлэх ёстой байсан гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл бага зэрэг хойшилж, мөн оны гуравдугаар улирал руу шилжих магадлалтай гэсэн шинэчилсэн тооцоолол гарчээ.
     
  4. “Оюу толгой” нэг тонн хүдэр боловсруулахдаа ердөө 0.35 шоо метр буюу дэлхийн ижил үйл ажиллагаатай бусад уурхайн хэрэглэдгээс даруй гурав дахин бага ус ашиглаж, олон улсад жишиг болохуйц байгаль орчны гүйцэтгэлээ үргэлжлүүлэн бататгажээ.
     
  5. “Оюу толгой” компани 2018 оны эхний гурван улиралд 793 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 562 нь үндэсний компани бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтын 79 хувийг эдгээр компанид зарцуулсан байна. 2010 оноос 2018 оны III улирал хүртэлх хугацаанд үндэсний худалдан авалтад нийт 2.6 тэрбум ам.доллар зарцуулсан бол мөн хугацаанд Өмнөговь аймгийн нийлүүлэгчдээс авсан бараа, үйлчилгээ худалдан авалтдаа 379 сая ам.доллар зарцуулсан байна.
     
  6. Гуравдугаар улиралд ил уурхайн олборлолтын IV шатны хатуулаг өндөртэй хүдрийн боловсруулалт нэмэгдсэн хийгээд төлөвлөгөөт засварын түр зогсолт хийсэнтэй холбогдолтойгоор тээрмийн ашиглалтын түвшин өмнөх улирлынхаас 5 хувиар буурсан. Хүдэр дэх агуулга, метал авалт нэмэгдсэн авч бүтээмж буурснаас үүдэн зэсийн үйлдвэрлэл өсөлтгүй байлаа. Хүдэр дэх агуулга, метал авалт өндөрссөний хүчинд алтны үйлдвэрлэл 54 хувиар нэмэгдсэн. Долоо, наймдугаар сарын үргэлжилсэн их усан борооноос үүдэн Хятадын авто, төмөр замын тээвэрлэлт саарсныг дагаад борлуулалтын хувь хэмжээ буурсан. Гуравдугаар улирлын борлуулалт өмнөх улирлынхаас бага байна. Хоёрдугаар улирлын борлуулалт нэгдүгээр улирлын эрс өсөлтийн нөлөөнөөс гараагүй байсан учраас харьцангуй өндөр байсан юм. Туркойз Хилл “Оюу толгой”-г 2018 онд 125,000-155,000 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж байснаа 140,000-155,000 тонн болгон шинэчилжээ. Харин баяжмал дахь алтны үйлдвэрлэл 240,000-280,000 унци байх таамаглал хэвээр байна.

“Оюу толгой” ХХК-ийн 2018 оны III улирлын гүйцэтгэлийн тойм мэдээ: