Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын таксины жолооч нар “апп” үйлчилгээг эсэргүүцэн тэмцэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Сөүл хотын төв талбайд 50,000 орчим таксины жолооч нар цуглаж, удахгүй тус улсад нэвтрэх гэж байгаа гар утасны аппликэшнд суурилсан такси захиалгын үйлчилгээг эсэргүүцжээ.

Тус улсын хамгийн том мессенжэр үйлчилгээг эрхэлдэг Kakao Mobility компани Kakao T Taxi app үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Шинэ үйлчилгээ нэвтэрснээр хүмүүс хамгийн ойр байгаа таксиг гар утаснаасаа илрүүлж, дуудлага өгөх боломжтой болох ажээ.

Сөүл хотод үйлчилдэг 100,000 таксины тал нь өнөөдрийн цуглаанд оролцож, тэмцлээ үүрийн 4:00 цагаас эхлэн 24 цаг үргэлжлүүлэх гэж байгааг Солонгосын Таксины Ажилчдын үйлдвэрчний эвлэл мэдээлсэн байна. Шинэ үйлчилгээ таксины жолооч нарын орлогыг хааж, салбарыг нь дампууруулна гэж тэд үзжээ.

Kakao компани өөрийн үйлчилгээг зөвхөн өглөө, оройны ачаалал ихтэй үед голлон ашиглагдах тул уламжлалт таксины салбарын орлогод нөлөө үзүүлэхгүй хэмээн тайлбарлаж байна.

Өмнөд Солонгосын Тээвэр, Дэд бүтцийн яам ийм төрлийн үйлчилгээний талаар баримтлах бодлогоо удахгүй зарлах гэж байгаа тул Kakao компани үүнээс хамааран үйлчилгээ эхлэх хугацаагаа зарлаж чадахгүй байгаа юм.

2013 онд ижил төстэй үйлчилгээ эрхэлдэг АНУ-ын Uber компани Өмнөд Солонгост нэвтэрсэн ч мөн ширүүн эсэргүүцлийн үр дүнд үйл ажиллагаагаа зогсоосон байна.

 

Эх сурвалж: Yonhap News