Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Сандагсүрэн: 25 жил хуримтлагдсан асуудлыг бодлогын шинэчлэлээр шийдэхээс өөр аргагүй

Г.Нацаг-Эрдэнэ, Үндэсний шуудан
2018 оны 10 сарын 17
Үндэсний шуудан
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнтэй ярилцлаа.

-Сонгинохайрхан дүүрэг газар нутгийн хэмжээ, хүн амын тоогоороо нийслэлд тэргүүлдэг. Иргэдийн олонх нь хөдөө орон нутгаас шилжин ирсэн. Дагаад амжиргааны төвшин доогуур. Дүүргийн төсөв хүрэлцдэггүй учир нийслэлээс татаас авч байна гэж олон жил ярьж, “гомдоллолоо”. Гэвч санасан хэмжээнд үр дүн гарсангүй. Удахгүй төсөв батлах гэж байна. Төсвөө нэмэгдүүлэхийн тулд юу хийх ёстой юм бол оо?

-Дүүргийн хэмжээнд зовлон бэрхшээл олон бий. 25 жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлыг ганц хоёрхон удаагийн үйлдлээр шийдэх боломжгүй. Магадгүй бусад дүүрэгт ч гэсэн зовлон бэрхшээл бий. Гэхдээ асуудал нь манайхаас олон дахин бага байх. Учир нь манай дүүргийг бодвол нийслэлээс татаас авдаггүй. Татаас авахгүй байна гэдэг нь дүүрэг өөрийн дотоод нөөц боломжоороо төсвөө бүрдүүлж чадаж байна. Тэр хэрээрээ асуудлаа шийддэг гэсэн үг. Тэгэхээр бид бодлогын зохицуулалт хийхээс өөр аргагүй. Нөлөөтэй нэг гишүүн их хуралд сонгогдонгуутаа тойргийнхоо амьдралыг дээш татдаг байж болохгүй шүү дээ. Өнгөрсөн сонгуульд түүхэндээ анх удаа манай дүүргээс зургаан нэр дэвшигч УИХ-д сонгогдсон. Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тэр хэмжээний төлөөлөлтэй боллоо. Шууд утгаар нь харвал энэ хүмүүс сонгогдсон тойрог, дүүрэг рүүгээ гээд байвал Сонгинохайрхан дүүрэг амархан хөгжинө. Гэтэл УИХ-ын гишүүн улс эх орноо хөгжүүлэхийн төлөө бодлого тодорхойлох ёстой болохоос биш жалга довоороо талцаж суух ёсгүй. Төсөв хүрэлцээгүй, татаас авдаг гэж олон жил ярьлаа гэлээ. Ямар асуудал тулгараад байна вэ гэдгийг учир мэдэх цөөхөн хүн л ойлгодог. Гэтэл олон жилийн хуримтлагдаж, овоорсон асуудлыг шийдэж, яаж хөгжих вэ гэхээр бид төсвөө нэмүүлэхээс өөр аргагүй. Яг үнэндээ эцэг, эхээсээ халаасны мөнгө авч амьдралаа залгуулдаг хүн шиг л байна.  

-Татаас авдаг гэхээс илүүтэй дүүргийн чадавхийг бэхжүүлэх тал дээр ямар гарц байна вэ. Уг нь хотын захиргаа танай дүүрэгт байгуулагдана гэсэн сургаар дүүргийн иргэдийн магнай тэнийх шиг болсон. Олон ч бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалт хийсэн. Дагаад Ханын материалын эцэст ганцхан жилийн дотор хотхон босгож байлаа. Харамсалтай нь нийслэлийн удирдлагуудад газрын байршил нь “гологдчих” шиг болсон. 

-Гологдох гэхээс илүүтэй 250 сая ам.долларын төсөв шаардлагатай гэсэн санагдаж байна. Дараагийн нэг асуудал нь хэрвээ Э.Бат-Үүл дарга шавь тавьснаараа хотын захиргааг барьвал барихаар цаг хугацаа өнгөрсөн. Метро ч ялгаагүй. Хүмүүст таалагдах юм ярьж болно. Гэхдээ бодит амьдралтай нь уях хэрэгтэй. Хамгийн наад зах нь дэд бүтцэд холбоход хэдэн төгрөгийн зардал хэрэгтэй вэ гэдгээс эхлээд олон талын тооцоо судалгаа хэрэгтэй. 

-Асуултын маань гол санаа нь бусад дүүрэг татвар төлөгч томоохон аж ахуйн нэгж олонтой учраас асуудлаа шийдэж чадаж байна. Гэтэл танайд бараг алга. Тиймээс бизнес эрхлэгчдийг татах үүднээс магадгүй татварын ч гэдэг юм уу, эсвэл газар олгох тал дээр уян хатан хандах боломж бололцоо байдаг уу. Хэрвээ хөрөнгө оруулагчдыг татвал дүүргийн төсөвт амь тариа болно биз дээ?

-Нэг талаас нь харвал тийм. Үүнийг бодоогүй биш бодож үзсэн. Хэрвээ манай дүүрэгт үйл ажиллагаа эрхэлбэл 10 хувийн татварыг есөн хувь болгоё гэж хэлж болмоор. Гэтэл ийм боломж бидэнд огт байхгүй. Манай улс татварын нэгдсэн тогтолцоотой. Үүнийгээ дагаад ямар нэг байдлаар татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах эсэх нь зөвхөн хууль тогтоох эрх бүхий байгууллага буюу УИХ-д бий. За, газар гээд бодож үзье. Тухайн газрыг иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхдээ хууль, журмын дагуу олгох ёстой. Түүнээс биш татвартай уялдуулах эсвэл, өөр ямар нэг боломж байхгүй.

Бизнес эрхлэгчид бидэнд санал тавихгүй биш тавьдаг. Тиймээс жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих замаар татвар төлөлтийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Гэлээ гэхдээ энэ нь ойрын жилүүдэд Сонгинохайрхан дүүргийг санхүүгийн эрх чөлөөнд хүргэхгүй. Магадгүй 10 жилийн дараа үр дүнгээ өгч эхлэх байх. Одоо миний хэрэгжүүлж байгаа боловсролын ажлууд ч ялгаагүй. Хэрвээ амжилттай хэрэгжүүлж чадвал 5-6 жилийн дараа боловсролтой, соёлтой, улс эх орноо хөгжүүлэх юмсан гэдэг сэтгэлтэй залуус гарч ирнэ.

Ойрын хугацаанд жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих, тэдний чадавхийг нэмэгдүүлэх үүднээс санхүүжилт авах хүсэлтэй байгаа. Дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн албанаас жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зээлийн төрөл бүрийн хэлбэр орж ирдэг. Зээлийг нь банк хариуцдаг. Ганц, хоёрхон оёдлын машинтай иргэд барьцаанд хөрөнгөө тавьж зээл авах боломж тэр бүр байхгүй. Тиймээс орон нутгийн зөвлөл хуралдаж баталгаа гаргаж өгөх замаар зээл олгодог юм. Энэ хэмжээг гурав орчим тэрбумаар нэмүүлэх хүсэлтэй байгаа. 500 иргэнд эргэн төлөх нөхцөлтэйгээр зээл олголоо гэж үзэхэд цаана нь 2,000-2,500 хүн ажлын байртай болно. Дагаад амьдрал нь дээшилнэ шүү дээ.  

-2018 онд төсвөө ахиулж батлуулсан гэж сонссон. Хэдэн төгрөгөөр нэмүүлсэн бэ?

-Өмнөх оноос хоёр тэрбум төгрөгөөр ахиулж чадсан. Өмнө нь хогны компаниуд нь өрөнд орж, санхүүжилтээ авч чадахгүй хүндхэн байсан юм. Дээр нь гэрэлтүүлгийн үйлчилгээ үзүүлдэг компаниудад өртэй байлаа. Төсөв хоёр тэрбум төгрөгөөр нэмэгдсний ачаар энэ өрнөөс гарч байна. Дагаад хоггүй дүүрэг боллоо. Өмнө нь байсан хур хогын цэгүүдийг бүгдийг нь цэвэрлэсэн. Төсөв хангалттай хэмжээнд тавьж өгвөл дүүргийн амьдрал дээшлэх боломжтой байгаа биз дээ. 

-Төсөв удахгүй батлах гэж байна. Хийх ажил их байгаа байх. Хамгийн түрүүнд юу хийх төлөвлөгөөтэй байна вэ?

-Төлөвлөсөн олон ажил бий. Заримыг нь өөрсдөө хөгжүүлэлт хийгээд явахад шийдэж болохоор. Нэн тэргүүнд ахмадын ордонтой болох төлөвлөгөө бий. Баяр ёслолын үеэр ахмадуудаа цуглуулах гэхээр “Соёмбо” кино театраас өөр газар олддоггүй. Үүнээс гадна хамгийн чухал асуудал нь сургууль, цэцэрлэгийн хүртээмж. Улсын хэмжээнд 85 хувь хүргэх зорилт тавьсан. Харин бид 88 хувьд хүргэхийн төлөө ажиллаж байгаа. Хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар хүмүүжил, боловсролд нь эерэгээр нөлөөлнө. Хамгийн гол нь эрүүл мэндийг нь хамгаалах боломж бүрддэг. ГССҮТ-д хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн олонх нь гэртээ өнждөг, эцэг, эхийн хараа хяналт сул хүүхдүүд байгаа.

Эрүүл монгол хүн төлөвшиж, бойжих эхлэл нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахаас эхлэлтэй. За, тэгээд автомашины зам гээд олон асуудал бий. Гэхдээ энэ бол тулгамдсан асуудал биш. Бид ирээдүйгээ харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, улсын төсөвт тусгасан ажлыг надтай надгүй хийнэ. Мөнгийг нь олж ирэх л чухал. Найдвартай эх үүсвэртэй болоход Засаг даргын үүрэг оролцоо маш чухал. Дээр нь эрүүл мэнд, боловсрол, гэмт хэрэг зөрчлийн зэрэг статистикийн тоон судалгааны үзүүлэлтийг харж, зөв төлөвлөгөө гаргах нь чухал. Өнөөдөр эрүүл мэнд нэг номерийн асуудал боллоо.

Халдварт өвчний тархалт маш ихээр нэмэгдсэн. Эрүүл мэндийн яамтай хамтарч 22 дугаар хороонд уушгины тандалт судалгаа хийсэн. Сүрьеэ өвчин ихэссэн. Иргэдийг эмчилгээнд хамруулж байна. Мөн элсэлтийн ерөнхий шалгалтын голч дүнг дээшлүүлэхийн тулд төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Ирэх жилийн шалгалтад манай сурагчид өмнөх жилээс илүү оноо авна гэдэгт итгэлтэй байгаа.    

-Тусгай сургалтад хамруулах юм уу?

-Олон талын ажиллагаа хийгдэнэ. Эцэг, эх, багш, сурагч гэсэн гурвалсан холбоогоор ажиллах юм. “Олонлог”, “Сант” сургуулийн захиралтай уулзсан. Ерөнхий боловсролын сургуулийн багш нартайгаа тус сургуулийн багш нарыг холбож өгөх, дээрх сургуулиудад тусгай анги нээж сурагчидаа сургана. Дээр нь ЭЕШ-д сурагчаа сайн бэлтгэсэн багш нарт 5-10 сая төгрөгийн урамшуулал өгөхөөр ярилцаж байна гээд олон ажил төлөвлөж байна.

-Сургууль, цэцэрлэгийн барилгыг нь шинэчлэх нэрээр хаалгыг нь лацдаж орхидог тохиолдол цөөнгүй бий. Танай дүүрэгт ийм зүйл бий юү?

-Байхгүй. Царцсан барилга гэхээс илүү харин ч ашиглалгүй удсан барилгын зориулалтыг өөрчилж, цэцэрлэгийн шугмаар ашиглаж байна. Өөрөөр хэлбэл, дүүргийн орон нутгийн өмчийн бүртгэлтэй хэрнээ ашигладаггүй цөөнгүй барилга байсан юм. Жишээлбэл, төслийн шугамаар баригдсан халуун усны зориулалтын барилга 30 дугаар хороонд байсан. Мэргэжлийн хяналтаар дүгнэлт гаргуулахад “Ашиглаж болно” гэсэн дүгнэлт гарсан. Иймээс цэцэрлэгийн зориулалтаар тохижуулсан. Нэг цэцэрлэг нь 120 хүүхэд хүлээж авч байна. 

-Хэдэн төгрөгийн төсөв шаардагдсан бэ?

-Энэ жил ийм хоёр цэцэрлэгийг ашиглалтад оруулсан. Нэг цэцэрлэгт нь 260 сая төгрөгийн төсөв зарцуулсан. Үүний жаахан хэсгийг дүүргээс, бусдыг нь гадны компани гаргасан. 

-Гаднынх гэхээр төлбөртэй цэцэрлэг юм уу?

-Гаднын байгууллага хөрөнгө оруулалт хийж, улсад хүлээлгэж өгсөн.

-Ямар буянтай үйл вэ. Засаг даргын сүйхээ багагүй нөлөөлсөн байх?

-Гаднын компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд нийгэм рүү чиглэсэн ажил хийдэг юм. Тэднийг олж хөрөнгө оруулалт татахад найз нөхдийн туслалцаа их байсан. Гэхдээ би зөвхөн нэг цэцэрлэгийн асуудлыг шийдэхэд оролцсон. Нөгөө цэцэрлэгийг нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачилгаар төрийн бус байгууллага хөрөнгө оруулалт хийж, мөн л улсад хүлээлгэж өгсөн.

-Зориулалтыг нь өөрчилсөн өөр барилга бий юү?

-Толгойт, Баянхошууд бий. Зориулалтыг нь өөрчлөх барилга одоо бараг дууссан байх. 

-Та цэцэрлэгт хүрээлэн, номын сан гэсэн төсөл хэрэгжүүлсэн. Гэр хороолол дунд номын сан байгуулахдаа хаанаас санхүүжилт олсон юм бэ. Уг нь мөнгөгүй гээд байгаа биз дээ?

-Юмыг хэтэрхий томоор харах нь нэг талаасаа буруу юм шиг ээ. Энэ төсөлд маш бага мөнгө зарцуулсан. Хамгийн гол нь идэвх санаачилга. Дүүргийн хэмжээнд ногоон байгууламж байхгүй. Дээр нь Цамбагаравын номын сангаас өөр ном унших газар алга. Монгол Улсыг хэн хөгжүүлэх вэ. Мэдээж бидний үр хүүхэд. Бидний үеийнхэн суурийг нь тавьж өгөх ёстой юм. Тиймээс бид үр хүүхдээ боловсролтой, хүмүүжилтэй болгох эсэхээс улсын ирээдүй хамаарна.

Хүүхэд сургууль төсгөхдөө хэр мундаг байх нь гол биш. Харин багаасаа ном унших дадалтай, зөв бурууг дэнсэлж чаддаг, алдаагаа ойлгож, бусдаас уучлалт гуйж чаддаг байх хэрэгтэй. Үүнийг хаанаас олж авах вэ гэхээр номноос авна. Тиймээс л цэцэрлэгт хүрээлэн байгуулъя. Хажуудаа номын сантай байг гэж бодож хийсэн. Цалин мөнгийг нь Иргэний танхимаасаа зохицуулсан. Яг үнэндээ 1,000 ном цуглуулах гэж жаахан гүйсэн болохоос биш мод тарих, орчны тохижилтыг дүүрэгтэй хамтарч ажилладаг компаниуд хийж өгсөн юм. 

-Тоглоомын талбай, ногоон байгууламжаар хүрээлүүлсэн жижигхэн хөөрхөн байшинтай гэж бодож байна?

-Яг тийм. Гэр хороололд ч гэсэн яагаад ийм гоё орчин байж болохгүй гэж. Дараагийнх нь номын сан нь 15 дугаар хороонд ирэх сарын эхээр ашиглалтад орно. Дотроо кофе шоптой байгуулна гээд их гоёор мөрөөдөж байгаа. Ирэх жил дахиад хоёрыг байгуулна. Үүнээс гадна УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хоёр ч ногоон байгууламжийн төслийг Баянхошуунд эхлүүлсэн. Нэг нь 200 сая төгрөгийн өртөгтэй. 

-“Ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар архидалтын үүр болдог” гэж Толгойт орчмын иргэд хэлсэн. Арчлалт, хамгаалалтыг яаж зохицуулах вэ?

-Номын санч нь хамгаалалтын ажлыг ерөнхийд нь хариуцна. Арчлалтыг нь өөр компани хариуцахаар төлөвлөсөн. Уг нь заавал төмөр цоож өлгөх ёсгүй юм л даа. Аав, ээж нь ухамсартай бол хүүхдүүд нь тэр хэрээрээ төлөвшилтэй өснө. Дагаад ногоон байгууламжаа хайрлаж халамжилна. Гэтэл одоогоор бидэн яг ийм төлөвшил 100 хувь суугаагүй байгаа нь харамсалтай.

-Ирэх онд хичнээн сургууль, цэцэрлэг ашиглалтад орох вэ?

-Ажил эхлээд дуусаагүй олон барилга бий. Ирэх жил 4-5 сургууль шинээр нэмэгдэнэ. Цэцэрлэг 10 орчмоор нэмэгдэнэ. 

-Танай дүүрэг газар олголтын тоогоороо дээгүүрт жагсдаг. Хэрвээ газрыг зориулалтаар ашиглаагүй, төлбөр тооцоо төлөөгүй бол захирамж цуцлах эрх нь бий. Дүүрэгт шаардлагатай үед сургууль, цэцэрлэг байгуулах нөөц газар бий юү?

-Гурван тусгай хамгаалалтын газартай. Газар зүйн байршлаараа боломжтой гэсэн 10 гаруй газрыг сургууль, цэцэрлэгийн шугамаар дүүргийн мэдэлд авч үлдсэн. Гэхдээ захын хороогоор л доо. Төвөөр гэхээр иргэдийн өмчлөлд шилжсэн учир сул зай олдохгүй юм билээ.  

-2017-2018 онд Улаанбаатар хот шүлхийнд бүслүүлэхэд танай дүүргийн малтай иргэдийн оруулсан “хувь нэмэр” багагүй байсан. Хотын шийдвэрээр тэднийг суурьшлын бүсээс гаргасан. Шүлхий дахиж гарахгүй гэх баталгаа энэ болж чадах уу?

-Суурьшлын бүсэд мал орох эсэхэд хороон даргаар дамжуулж хяналт тавьж байгаа. Магадгүй хоёр, гурван жилийн дараа сэрэмж алдах вий гэдэг байдлаар хянамгай хандаж байна. Өнгөрсөн зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулиар шүлхий өвчинөөөс үүдэж гарсан хохирлыг буруутай этгээд хариуцахаар болсон. 

-Дүүргийн Мал эмнэлгүүд шаардлага хангахгүй байна. Ажлын байргүй, мэргэжлийн боловсон хүчингүй, вакциныг зориулалтын дагуу хадгалдаггүй, тун хэмжээг стандартын дагуу тохируулдаггүй гэгддэг. Зөвшөөрлийг нь цуцлуулах гэхээр тухайн дүүргийн удирдлагууд нөлөөлдөг гэж байсан. Гэрээтэй ажилладаг мал эмнэлэгтээ хяналт, шаардлага тавьж ажиллаж чадаж байна уу?

-Яг үнэндээ сэтгэл ханамж тэг гээд хэлчихэд буруудахгүй байх. 

-Гэрээгээ цуцалж болдоггүй юм уу?

-Болно. Өөр компанитай хамтарч ажиллах санал нээлттэй байгаа. Энэ чиглэлээр сай компани ховор юм билээ. 

-Гадаадад төгссөн залуучууд өөрсдийн хөрөнгөөр мал эмнэлэг байгуулж танайд санал хүргүүлтэл хүлээж аваагүй гэсэн?

-Яг ийм санал ирсэн эсэхийг мэдэхгүй байна. Гэрээтэй ажиллаж байгаа гурван компани бий. Тэдэнд сэтгэл дундуур байдаг. Шүлхий гарах үед арай хийж л давж гарлаа. Хэрвээ ажиллаж чадах компани санал ирүүлбэл одоо ч хамтарч ажиллахад бэлэн байна. Мал эмнэлгийн компаниуд хариуцлага алдсан зүйл бий. Шүлхий гарах үед малаа дутуу вакцинжуулсан нь илэрсэн. Энэ бол наад захын жишээ шүү дээ. 

-Агаарын бохирдлыг бууруулахад 190 гаруй тэрбум төгрөгийг төсөвлөх тухай яригдаж байна. Индүкц суурилуулах, сайжруулсан шахмал түлш турших гээд олон ажил хийхээр төлөвлөсөн гэсэн. Ингэх нь утааг бууруулж чадах болов уу?

-Утаа үйлдвэрлэгчийн олонх нь манай дүүрэгт оршин суудаг нь үнэн. Индүкц суурилуулах юм яригдсан байна лээ. Би нүдээрээ хараагүй. Хар ухаанаар төсөөлбөл, утаа янданд ирэх үед тог өгч шатааж гаргана гэж ойлгосон. Сул тал олон бий байх. Наанадаж тог их зарцуулна. Магадгүй цахилгаан халаагуур хэрэглэсэн нь дээр гэж зарим хүн хэлэх байх. Аль нь үр дүнтэйг сайн судалж олох хэрэгтэй. 

-Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Баянхошуу дэд төвийг байгуулахаар болсон. Хэзээ ашиглалтад орох вэ?

-Дэд төвийн ажил энэ жилээс боломжийн эрчимтэй явж байна. Дулааны шугам сүлжээ татсан. Цогцолбор байр байгуулах ёстой. Үүний ажил эхэлсэн. Утааг бууруулъя гэвэл Сонгинохайрхан дүүргийн хамгийн багадаа 50 мянган өрхийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Тэгж байж л мэдэгдэхүйц өөрчлөлт гарна. Манай дүүргийн хүн амын 73 хувь нь гэр хороололд амьдардаг. Тэдгээрийн 60 хувь нь гэрт амьдардаг. Гэрээ дулаалах боломжгүй айл олон бий. 

-Та утаагүй гудамж төсөл хэрэгжүүлнэ гэсэн. Ганцхан гудамж утаа үйлдвэрлэхгүй байлаа гээд утаа буурна гэж үү?

-Жишиг гудамж гээд л ойлгочих. Айлууд нь гэрээ сайн дулаалдаг, орчноо цэвэрхэн байлгадаг жишиг гудамж гэх үү дээ. Гэрийн дулаалгын хувьд олон хувилбар яригдаж байгаа. Энхтайван гээд манай дүүргийн иргэн бий. Үнсээр дулаалга хийдэг юм. Гэрийг сайн дулаалж чадвал дулаан алдагдлыг 40 хувь бууруулна. Дагаад нүүрсний хэрэглээ 40 хувь буурна гэсэн үг биз дээ. Тэгэхээр энэ төслөө хэрэгжүүлэх гээд үзнэ дээ.

 

Зураг