Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Батбаяр: "Centеrra Gold" компанийн асуудлаар Дээд шүүхэд гомдол гаргана

С.Бадрал, iKon.mn
2018 оны 10 сарын 17
iKon.MN

Ноён уулаа аврах хөдөлгөөн, Босоо хөх монгол ТББ-тай хамтран "Centеrra Gold" компанийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Centеrra Gold" компани Монгол дахь бизнесээ худалдсан тухайгаа энэ сарын 12-нд зарласан. Тэд Бороогийн алтны уурхай, Гацуурт төслөө нийтэд нь 35 сая ам.доллараар үнэлэн зарсан тухайгаа мэдэгдсэн нь хууль бус үйлдэл хэмээн үзэж буйгаа Ноён уулаа аврах хөдөлгөөнийхөн илэрхийлсэн юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар өмгөөлөгч Г.Батбаяр "Ноён уулаа аврах хөдөлгөөнөөс 2016 оны нэгдүгээр сард Ноён уулан дахь "Centеrra Gold" компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг. Шүүхээс тус оны зургаадугаар сард шүүхээс тухайн талбайд олборлолт ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон шийдвэр гаргасан. Гэтэл энэ хугацаанд "Centеrra Gold" компани хувьцаагаа бусдад худалдаалсан тухай мэдээлэл хэвлэлээр гарч эхэллээ.

2018 оны зургаадугаар сарын 7-ны өдөр анхан шатны шүүхээс "Centеrra Gold" компанийн эзэмшдэг дөрвөн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гарсан. Гэтэл 2018 оны есдүгээр сарын 23-ны өдөр давж заалдах шатны шүүх хурал болоод анхан шатны шүүх рүү буцаан дахин хэлэлцүүлэх шийдвэр гаргасныг хуулийг буруу тайлбарлаж байна гэж үзэж байгаа учраас Улсын дээд шүүхэд гомдол гаргахаар бэлтгэж байна. Дээд шүүхийн хуралдаан ирэх 11 дүгээр сарын дундуур болох төлөвтэй байгаа.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байгаа одоогийн нөхцөлд энэ компани орд газрыг бусдад худалдан борлуулсан нь хууль бус үйлдэл" хэмээн тайлбарласан юм.

Ноён уулаа аврах хөдөлгөөний зүгээс дээр дурдсан дөрвөн зөвшөөрлийг хүчингүй болгох шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд тус талбайгаас олдож байсан түүхийн дурсгалт зүйлсийг хөндлөнгийн байгууллагаар үнэлүүлж, Арбитрын шүүхэд хандан хохирлоо барагдуулах асуудлаар нэхэмжлэл гаргах төлөвлөгөөтэй байгаагаа хэллээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Босоо хөх монгол ТББ-ын УЗ-ийн гишүүн П.Шинжээравдан "Ноён уулаа аврах хөдөлгөөний нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал олон удаа хойшилсоор 40 дэх удаагийн шүүх хурлын шийдвэрээр анхан шатны шүүх рүү хэрэг буцаад байна. Энэ нь Монголын төрийг шүүх засаглалтай нь доромжилж байгаагийн тод жишээ. Ингээд шүүх дээр хэрэг маргаантай байж байхад гадны хоёр компани наймаа хийгээд байж болох уу.

Ер нь манайхан 1 сая ам.доллартай ирээд 100 сая ам.доллартай буцахыг гадны хөрөнгө оруулалт, орон нутагт уурхай нээгдэхийг ажлын байр гэж тайлбаралдгаа болих хэрэгтэй" гэв.