Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баярдаваа: Монголбанк ирэх онд хэрэглээний зээлийг хумих бодлогоо үргэлжлүүлнэ

Д.Мягмардорж
2018 оны 10 сарын 17
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Төрийн мөнгөний бодлогын 2019 оны үндсэн чиглэлийн хүрээнд Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа.

-Өнгөрсөн он болон энэ жилийн эхний хагасын байдлаар эдийн засгийн өсөлт тооцоолж байснаас өндөр гарлаа. Үүнд ямар хүчин зүйлс нөлөөлж байгаа вэ?

-Монголын эдийн засагт 2016 оны хоёр болон гуравдугаар улиралд хамгийн хүнд үе тохиосон. Эдийн засаг гурван улирал дараалан агшсан. Тэр үетэй харьцуулахад хурдацтай өсөлт үзүүлээд байна. Одоо зургаан хувийн өсөлттэй явж байгаа. Энэ бол эдийн засаг сэргэсэн гэдгийг харуулж буй үзүүлэлт.

Эдийн засгийн бүхий л салбарт сүүлийн хоёр жил дараалан өсөлт ажиглагдлаа. Үүнийг дагаад хөдөлмөрийн зах зээл дээр ч ажил эрхлэлт нэмэгдэж байна. Иргэдийн дундаж орлого, цалин өссөн үзүүлэлт гарч байгаа. Энэ нь иргэдийн хэрэглээг тэлэхэд нөлөөлж байна. Хамгийн гол нь эдийн засаг дахь хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Ялангуяа гадаад эх үүсвэртэй хөрөнгө оруулалт өссөн. Гадаадын шууд хөрөнгө оруулалтад хамгийн их нөлөө үзүүлж буй “Оюутолгой” компани. Тус компани энэ жил нийтдээ 1.1 орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг эдийн засагт хийж байна. Ирэх хоёр жилд 1.1-1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх тооцоо бий.

Мөн дотоодын хөрөнгө оруулалт ч өссөнөөр үндэсний компаниуд бизнесээ тэлж байгаа дүр зураг гарч байгаа. Энэ хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь арилжааны банкуудын зээл байдаг. Арилжааны банкуудаас аж ахуйн нэгжүүд рүү гарч буй зээл өсч эхэлсэн. Өнгөрсөн онд хамгийн том санаа зовоож байсан зүйл бол бизнесийн чиглэлийн зээлд өсөлт ажиглагдахгүй байсан явдал. Зогсонги байсан бизнесийн зээлийн өсөлт эхний найман сарын байдлаар 11 хувийн өсөлттэй гарсан. Нөгөө талдаа хэрэглээний зээл ч өсөлттэй гарч байна. Хэрэглээний зээл өрхийн хэрэглээг дэмжиж байгаа мэт харагддаг ч зах зээлдээ мөнгө нийлүүлж буй хэлбэр. Эдгээр нь эдийн засагт дотоодын хөрөнгө оруулалт болон ашиглагдаж байна. Хэрэглээний зээл жилд 17-18 хувийн өсөлттэй гарч байгаа. Нийт дүнгээрээ 2.4 орчим их наяд төгрөгөөр зээл олголт өслөө.

-УИХ-ын гишүүдийн зүгээс “Монголбанк эдийн засгийн өсөлтийг дэмжихэд юу хийсэн бэ” гэж байна. Үүнд тодорхой хариулт өгөөч?

-Ажлын байр нэмж, иргэдийн орлогыг өсгөхөд хувийн хэвшлийнхэн гол үүрэг гүйцэтгэдэг. Төрийн үүрэг оролцоо бол хувийн хэвшлийн бизнес тэлэхэд дэмжлэг үзүүлэх санхүүгийн эх үүсвэр, эдийн засгийн тогтвортой орчин бий болгох юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд төсөв болон мөнгөний бодлого эдийн засгаа сэргээх, цаашид тогтвортой өсөлтийг нь хангах, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн. Үүний үр дүнд хувийн бизнес цэцэглэж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр иргэдийн орлого өсөж, эдийн засагт өсөлттэй гарч байна.

-Төв банк ирэх оны эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгахын тулд бодлогын ямар зохицуулалт хийх вэ?

-Төрийн мөнгөний бодлого ирэх онд гурван үндсэн стратегид суурилж хэрэгжинэ. Макро эдийн засгийн өсөлт, төлөв байдлыг тогтвортой хамгаалах чиглэл, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг хөгжүүлэх замаар хөтөч болох гэсэн гурван үндсэн тулгууртай бодлогын баримт бичиг болсон. Ирэх онд макро зохистой бодлогын хүрээнд эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах чиглэлд анхаарах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Энэ жилээс шийдвэр нь гараад хэрэгжиж эхэлж буй арга хэмжээнүүдийг үргэлжлүүлнэ.

Иргэдийн хэрэглээний зээлийн тэлэлт рүү зарцуулж байгаа санхүүгийн эх үүсвэрийг ажлын байрыг нэмэгдүүлэх бизнесийн зээл рүү хуваарилах бодлого баримтална.

Дээрээс нь гадаад орчны таагүй байдалтай холбоотойгоор долларжилтын эсрэг арга хэмжээ авна. Эдийн засаг руу гарч байгаа зээлийг ам.доллар бус үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр гаргах алхмуудыг хийнэ.

-Иргэдийн хэрэглээний зээл өссөнөөр ямар сөрөг үр дагаврууд ажиглагдаж эхэлсэн бэ?

-Иргэд цалингийнхаа орлогыг зарим тохиолдолд 100 хувь зээлийн төлбөрт төлж байна. Ихэвчлэн орлогынхоо 60-70 хувийг зээлийн төлбөрт зарцуулж байгаа. Энэ байдал үргэлжилбэл иргэд ерийн дарамтад орох эрсдэл дагуулна. Өр гэдэг бол ирээдүйд төлөх ёстой мөнгө. Төлнө гэдэг нь ирээдүйн хэрэглээгээ танана гэсэн үг. Өрийн дарамтад оруулахаас сэргийлж буй арга хэмжээ боловч цаад агуулга нь иргэдийн ирээдүйн хэрэглээг буурахаас хамгаалж байгаа арга хэмжээ. Нөгөө талаар хэрэглээний зээл өсвөл, бизнесийн зээлийн санхүүжилт хомсдоно.

-Бизнесийн зээлийн санхүүжилтийг тэлэх боломж ирэх онд бүрдэнэ гэж харж байна уу. Зээлийн хүүг бууруулах чиглэлд ахиц гарах уу?

-Тоон мэдээллээр, зээлийн дундаж хүү 20-21 хувь байсан бол одоо 17-18 болж буурсан. Зарим банк 14-15 хувийн хүүтэй зээл олгож байгаа тохиолдлууд бий. Энэ үйл явц цаашид хадгалагдана. Хадгалахдаа бидний анхаарах ёстой зүйлс байгаа юм. Тэр нь эдийн засгийн гадаад орчноос орж ирж буй санхүүгийн урсгал хэр тогтвортой байх вэ гэдэг асуудал.

Нөгөө талаар арилжааны банкуудын зээлжүүлэх чадвар ямар байх вэ гэдгээс бас хамаарна. Бидний зүгээс арилжааны банкуудын зээл олгох чадварыг тодорхой төвшинд хадгалахыг бодлогын хүрээнд анхаарч байна. Тухайлбал, арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээг нэмэгдүүлэх шаардлага гарсан. Энэ бол ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хийсэн активын чанарын үнэлгээгээр гарч ирсэн асуудал. Үүнийг банкууд биелүүлээд явж байгаа. Хоёрдугаарт, Төв банкнаас арилжааны банкуудад тавьж буй хяналт шалгалтаа сайжруулахыг зорьж байна. Одоогийн тогтолцоогоор ихэнхдээ зөрчил гарах, асуудал хүндэрсэн тохиолдолд хойноос нь акт тавьж, хөөцөлддөг.

Тиймээс Монголбанкны Хяналт шалгалтын газраас эрсдэлээс урьдчилан сэргийлж, өмнө нь арга хаадаг байдал руу хяналт шалгалтаа чиглүүлэхийг зорьж байна. Арилжааны банкуудын зээлжүүлэлт, эх үүсвэр бүрдүүлэлтийн байдалд урьдчилан дүн шинжилгээ хийн эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авах нь илүү үр дүнтэй.

-Арилжааны банкууд эрсдэлээс хамгаалахын тулд активын удирдлагын компани байгуулах талаар олон жил ярьж байна. Ирэх оны Төрийн мөнгөний бодлогын хүрээнд энэ асуудлыг хөндөж байгаа юу?

-Ирэх оны Төрийн мөнгөний бодлогод активын удирдлагыг хэрэгжүүлнэ гэсэн заалт оруулсан. Энэ бол Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны хамтарч хэрэгжүүлэх ажил. Активийн удирдлагын тухай хуулийн төслийг ч боловсруулах ажлыг хийнэ.

-Активын удирдлагын компани бий болсноор арилжааны банкуудад ямар нөлөө үзүүлэх вэ?

-Активын удирдлагын тогтолцоонд үр ашигтай, хараат бусаар үйл ажиллагаа явуулах механизмыг суулгаж өгөх ёстой. Эдийн засаг тодорхой уналт, сэргэлтийн мөчлөгөөр явж байдаг. Мөчлөгийн явцад санхүүгийн мөчлөг гэдэг ойлголт гарч ирж яригддаг. Санхүүгийн мөчлөгт арилжааны банкууд маш мэдрэмтгий өртдөг. Эдийн засаг уналт үзүүлээд, агшихад хамгийн түрүүнд банк санхүүгийн байгууллагуудад мэдрэгддэг. Санхүүгийн салбар эдийн засгийн мөчлөгийн савлагааг нэмэгдүүлэх эрсдэл байдаг. 

Ийм нөхцөл байдалд зах зээлийн зарчимд тулгуурласан активын удирдлагын тогголцоог бүрдүүлэх нь санхүүгийн мөчлөгийн савлагаа, түүнээс үүдэлтэй бодит эдийн засгийн хүндрэлийг саармагжуулах ач холбогдолтой. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхдээ арилжааны банкуудын чанаргүй зээлийг татвар төлөгчдийн мөнгөөр цэвэрлэдэг тогтолцоо байж болохгүй. Цэвэр зах зээлийн зарчмаар ажилладаг тогтолцоо нэвтрүүлэх ёстой.

-УИХ-аас Банкуудыг дахин хөрөнгөжүүлэх хууль баталсан. Хуулийн хэрэгжилт хэр байгаа вэ. Цаашид арилжааны банкууд хуулийн шаардлагыг хангахгүй бол ямар арга хэмжээ авах вэ?

-Арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж эхэлсэн. Зарим банканд тодорхой үр дүн гарсан. Монголбанк энэ оны эцэс гэхэд төрөөс санхүүжилт шаардах хүртэл нөхцөл байдал үүсэхгүй болов уу гэсэн хүлээлттэй байгаа.

Монголбанк энэ оны эцэс гэхэд төрөөс санхүүжилт шаардах хүртэл нөхцөл байдал үүсэхгүй болов уу.

Үнэхээр нөхцөл байдал хүндэрвэл системийн болон системийн бус банкны асуудал яригдана. Банкны системийн хувьд ач холбогдолтой банк бол төрөөс дэмжлэг үзүүлэхээр хуульд тусгасан.

-Төв банкны зүгээс зээлийн хүүг бууруулах стратегийг гаргасан. Цаашдаа яаж хэрэгжих вэ?

-Монголбанкан дээр Зээлийн хүүг бууруулах стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулж, бэлэн болгосон. Төслийг боловсруулахдаа Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хорооноос санал авсан. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр батална. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг санал гараад байна.

-Зээлийн хүүг бууруулах стратегийг ирэх оноос хэрэгжүүлнэ гэсэн үг үү?

-Тэгнэ.

-Стратегийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөний ямар ажлууд хийх вэ?

-Эдийн засгийн нөхцөл байдлаас гадна санхүүгийн системд шийдвэрлэх асуудлууд бий. Зээлийн хүүг өндөр тогтооход нөлөө үзүүлдэг арилжааны банкуудын үйл ажиллагааны ашигт байдлыг сайжруулах шаардлагатай. Төрийн мөнгөний бодлогод гаднаас “ногоон санхүүжилт”-ийн эх үүсвэр, тогтолцоо бий болгох зорилтыг тусгасан. Мөн ухаалаг технологид суурилсан сайн туршлагуудыг банкуудын үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилт байгаа. Эдгээр арга хэмжээг авснаар банкуудын үйл ажиллагааны зардлыг бууруулж, зээлийн хүү өртөг хоёрын зөрүүг агшаах эерэг нөлөө үзүүлнэ.

-Монголбанкнаас ирэх онд орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үү?

-ОУВС-гаас Төв банк төсвийн шинжтэй үйл ажиллагаагаа зогсоох ёстой.

Ипотекийн санхүүжилт төсвийн хүрээнд хийгдэх ёстой гэдэг чиглэл өгч байгаа. Анх ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хэлэлцээр хийж байх үед л ийм шаардлага тавьсан. Тухайн үед төсөв хүндрэлтэй байсан. Эх үүсвэр муутайн улмаас барилгын салбарт ч байдал таагүй байлаа. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзээд Төв банк тодорхой хугацаанд үргэлжлүүлье гэдэг тохиролцоог ОУВС-тай хийсэн. Өнөөдрийн байдлаар Төв банк ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр дахин санхүүжилт хийгээд явж байна.

ОУВС-гаас Төв банк төсвийн шинжтэй үйл ажиллагаагаа зогсоох ёстой.

-Ирэх онд ипотекийн зээлийн санхүүжилтэд хэдэн төгрөг зарцуулахаар тооцож байна?

-Өнгөрсөн оноос эхлэн ипотекийн зээлд төсвийн санхүүжилт орсон. Энэ жил төсвөөс 120 орчим тэрбум төгрөг, Монголбанкнаас 220 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт гаргана. Ирэх оны хувьд одоогоор хэлэхэд эрт байна.

Ипотекийн хөтөлбөрийг цаашид хэрхэн явуулах вэ гэдэг асуудлыг шийдэхээр Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Санхүүгийн зохицуулах хороотой хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байна. Монголбанкнаас 4.2 их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн. Төв банкан дээр бичигдсэн энэ активыг хэрхэн шийдвэрлэх нь хүндрэлтэй байгаа. Улсын төсөв рүү энэ активыг шилжүүлбэл Төв банканд энэ хэмжээний алдагдал үүснэ. Үүнийг төсвөөс хаах уу, хаахгүй аваад үлдлээ гэхэд дараа дараагийн санхүүжилтийг хаанаас босгох вэ гэдэг асуудал ургана.

-Инфляц ямар төвшинд байна гэж харж байгаа вэ?

-Энэ оны эхний есөн сарын гүйцэтгэлээр Улаанбаатар хотын инфляц 5.9 хувьтай гарсан. Тэгэхээр оны төгсгөлд зорилтот найман хувийн төвшингөө хадгална гэж харж байна. Ирэх хоёр жилд инфляцын зорилтот найман хувийг хэвээр хадгална. 2020 оноос зургаан хувь болгон бууруулах боломжтой гэж харж байна.

-Өөр нэг анхаарал хандуулах асуудал бол валютын ханш. Ирэх онд төгрөгийн ханшийг тогтвортой хадгалах боломжтой юу?

-Би өснө, эсвэл буурна гэж хэлэх нь зохимжгүй. Харин зах зээлд оролцож буй хүмүүс юуг анхаарах шаардлагатай вэ гэвэл гадаад эдийн засгийн орчныг анзаарч байх хэрэгтэй. Улмаар гадаад орчны нөхцөл байдал манай улсын төлбөрийн тэнцэл хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Засгийн газраас ирэх оны экспорт орлогыг нэлээд өөдрөгөөр харж байгаа. Нүүрсний экспортыг 42 сая тоннд хүргэнэ гэсэн төсөөлөлтэй байна. Энэ жилийн хувьд 36 сая байгаа. Нүүрсний экспортоо даруй зургаа сая тонноор өсгене гэсэн үг. Үүнийг шийдвэрлэхийн тулд нүүрсний ордын дэд бүтцийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалтуудыг босгох ажил яригдаж байна. Ийм эерэг зүйлүүд бий.

Төлбөрийн тэнцлийн эрсдэл талаасаа бол экспортын үнэ хэр тогтвортой байх вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Сүүлийн 7-8 сарын хугацаанд гарч ирсэн том өөрчлөлт бол зэсийн үнэ 7,000 ам.доллараас 6,000  руу буусан. Алтны ханш ч 1,200 ам.доллар болж буурлаа. Манай экспортын бүтээгдэхүүний үнэ ирэх онд ямар байх анхаарах гол асуудал болж байна. Үүнд нөлөөлж буй суурь хүчин зүйл бол хоёр том гүрний худалдааны дайн. Худалдааны дайн БНХАУ-ын эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж эхэлбэл, эрдэс бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн ханшид дам нөлөө үзүүлэх эрсдэлтэй.

-Ирэх онд Төв банкны бодлогын хүүд өөрчлөлт орох уу?

-Өнгөрсөн оны Мөнгөний бодлогын хорооны, мэдэгдэл нэг зүйлийг тодорхой дурдсан. Мэдэгдэлд “Гадаад эдийн засагт тодорхой бус байдал нэмэгдэж байна. Энэ нь мөнгөний бодлогын хүү цаашид өөрчлөгдөх эсэхэд харгалзан үзэх тодорхой шалтгаан болж байна” гэж тодорхой тайлбарласан.

Зураг