Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

П.Шүрэнцэцэг: Зөгийн бал цэцэгнээсээ шалтгаалаад өөр өөр өнгөтэй байдаг

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дэлхийн хүнсний өдрийг тохиолдуулан өнөөдөр Сүхбаатарын талбай дээр Хүнсний амталгаат үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Арга хэмжээний үеэр оролцогч байгууллагаас зөгийн балны ач холбогдлын талаар иргэдэд мэдээлэл өгч байлаа. 

Монголын Зөгийчдийн холбоодын дээд зөвлөлийн ТУЗ-ын дарга Б.Занданхүү зөгийн балны ач холбогдлын талаар танилцуулав.

Зөгийн бал хүний биед 98 хувь шингэнэ
 
Гэрэл зургийг mpa.mn
  • Зөгий нь 40 сая жилийн өмнө үүссэн. Одоог хүртэл огт мутацид ороогүй, хувирч өөрчлөгдөөгүй хэвээр байна. Дэлхий гариг дээр 6 зүйлийн зөгий байдаг.
  • Зөгийн аж ахуй нь хаягдалгүй технологитой. Эндээс хог, бохир ус, хаягдал гардаггүй.
  • Монгол улс 2-8 сая бүл зөгий үржүүлэх бэлчээрийн нөөцтэй. Одоогоор бид 0.25 хувийг нь л ашиглаж байна.
  • Нэг ажилчин зөгий 1/12 цайны халбага бал бий болгодог.
  • 1кг бал үйлдвэрлэхийн тулд зөгийнүүд дэлхийг 4 тойрох хэмжээний зайг нисэн туулж, 4 сая цэцгээс амтат шүүс цуглуулан, тоос хүртээж өгдөг.
  • Зөгийн бал бол ялзарч,мууддаггүй, хамгийн ариун бүтээгдэхүүн. Одоогоор 3,000 гаруй жилийн хугацаанд хадгалагдаж байгаа зөгийн бал илэрсэн.
  • Зөгийн бал хамгийн баялаг бүтээгдэхүүн. Орцонд нь хүний биед хэрэгтэй 500 гаруй төрлийн эрдэс бодис, нүүрс ус, уураг агуулагддаг. Зөгийн балнаас хүн бүх хэрэгцээгээ авч болно.
  • Зөгийн бал хүний биед 98 хувь шингэнэ, энэ нь ялгадас гарахгүй гэсэн үг. Глюкоз фруктоз нь тархины эсийн хоол учир мэдрэлийн эс нэмэгдэж сэтгэн бодох чадвар сайжирна.
"зөгийн баланд цацрагийн хорыг устгах бичил организм байдаг"

Цэвэр зөгийн балны талаар Пермакултур Хөгжил ХХК-ийн борлуулалтын албаны менежер П.Шүрэнцэцэг "Цэвэр зөгийн балны онцлог нь 40 хэм хүртэлх бүлээн усанд найруулахад ус нь тунгалаг биш, булингартай болдог. Гар дээрээ имэрхэд тослог байдаг. Цэвэр зөгийн бал нь тасалгааны температурт дасчихдаг. Үүнийг чихэр ихтэй байна гэж хүмүүс буруу ойлгодог. Тиймээс шингэн байгаа бол тухайн зөгийн балыг халаах процесс хийгдсэн байна гэсэн үг.

Мөн зөгийн баланд цацрагийн хорыг устгах бичил организм байдаг. Өглөө өлөн элгэн дээрээ нэг халбага зөгийн бал хэрэглээд байвал ходоодон дотор шим тэжээлгүй, муу бодисыг бүрэн устгах боломжтой. Харин 0-2 насны хүүхдэд цэвэр зөгийн бал өгч болохгүй, учир нь хүүхдийн бие эмзэг байна. Өдөрт нэг халбага цэвэр зөгийн бал идсэнээр биед маш ашиг тустай. Гэхдээ усанд найруулж уусан ч зөгийн балны үйлчлэх чадвар алдагдахгүй. 

Зөгийн бал нь мод, цэцэгнээсээ шалтгаалаад өөр өөр өнгөтэй байдаг. Бүгд өөрийн гэсэн онцлогтой байна. Жишээ нь, бэрцэцэг, мангирын зөгийн бал илүү гүн бор өнгөтэй байдаг. Энэ нь ходоодны үйл ажиллагааг дэмжиж, хоолны шингэцийг сайжруулна. Илүү цайвар өнгөтэй нь зүрх судасны үйл ажиллагааг дэмжихээс гадна ханиаданд сайн байдаг" гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn
Зөгийн балны 10 ашиг тус:
  1. Зөгийн бал ханиад намдаадаг
  2. Зөгийн бал ой тогтоомжийг нэмэгдүүлнэ
  3. Зөгийн бал шарх эдгээнэ
  4. Зөгийн бал тэжээллэг бодисоор баялаг
  5. Зөгийн баланд цусны цагаан бөөм буурах эрсдлээс сэргийлэх боломж бий
  6. Зөгийн бал улирлын чанартай харшлыг бууруулах боломжтой
  7. Зөгийн бал антибиотикт дийлддэггүй бактериудыг устгаж чаддаг
  8. Зөгийн бал спиртийг задлахад тусалдаг
  9. Зөгийн бал дасгал хийхэд хүч нэмэгдүүлнэ
  10. Зөгийн бал халзралт болон хагны асуудлыг шийднэ