Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Оюу Толгой" валютынхаа 80%-ийг Монголбанкны ханшаар, 20%-ийг аль өндөр үнэ хэлсэн арилжааны банканд нийлүүлж байгаа гэв

А.Ням-Өлзий, iKon.mn
2018 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Байнгын хорооноос уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг 100 хувь дэмжив. 

Уг хуулийн төслийг өмнө нь өргөн барьж хэлэлцүүлсэн боловч УИХ-аас дэмжлэг авч чадаагүй учир хуулийн төслийн төсөл санаачлагчид нь буцаасан байна. 

Гэсэн ч энэ сарын 12-ны өдөр дахин өргөн мэдүүлснээр байнгын хороогоор хэлэлцэж буй нь энэ юм. 

Мөн уг хуулийн төсөлтэй зэрэгцүүлэн М.Оюунчимэг нарын гишүүд ижил нэртэй хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн бариад хэлэлцүүлгийн шатанд явж байгаа билээ. 

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав. 

З.Энхболд "Төгрөгийн тогтвортой байдлын хангах, гадаад валютын улсын нөөцийг эзэмшин удирдах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиг үүргийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглаж валютын орлого олдог хуулийн этгээдийн мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монголбанк гүйцэтгэх эрхзүйн зохицуулалт хийх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан. 

Валютын зохицуулалтын тухай хуульд Засгийн газартай гэрээ байгуулсан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг Монголбанкнаас тодорхойлсон хэмжээний экстопортын гадаадын валютын орлого олдог шаардлагыг хангасан хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болохоор тусгасан.

Хууль батлагдсан тохиолдолд Монголбанк өөр дээрээ байршуулсан тодорхой шаардлага хангасан хуулийн этгээдийн дансаар дамжуулан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, тэдгээрийн экпортын орлогыг Монгол Улсаар дамжуулах эерэг үр нөлөөтэй талаар хууль санаачлагдын судалгааны ажлуудад дүгнэгдсэн байна. 

Энэ хуулийн төслийг өмнө нь өргөн барьсан ч хэлэлцэхгүй гэдэг шалтгаанаар буцсан. Одоо дахин өргөн барьж байна. Энэ хооронд М.Оюунчимэг нарын гишүүд өөрчлөлт оруулах гэж байгаа хуулийн шинэчилсэн найруулга өргөн барьсан байсан. Энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа М.Оюунчимэг гишүүний өргөн барьсан хуулийн төсөлтэй нэгтгэхгүй бол өөрчлөлт оруулах гэж байгаа хууль маань алга болчихоод байна" гэв. 

Энэ тухай Т.Аюурсайхан  "Энэ өргөн баригдаж байгаа хууль манай эдийн засагт маш хэрэгтэй хууль.   Стратегийн ач холбогдол бүхий орд эзэмшдэг хуулийн этгээдийн гүйлгээний дансыг зөвхөн Монголбанканд байршуулах юм уу. Эсвэл төрийн болон хувийн арилжааны банкуудыг хамруулах боломжтой юм.

Арилжааны банкуудыг зөвхөн өнөөдрөөр хараад байна л даа. Хууль бол удаан хугацаанд үргэлжлэх алсын харсан байх ёстой. Хэтдээ арилжааны банкууд олон улсын стандартад шаардлага хангадаг болохын тулд ажиллаж байгаа. Тэгэхээр Монголбанкнаас гадна төр, хувийн хэвшлийн арилжааны банк гээд нэмж оруулж болох юм уу гэдгийг асуумаар байна" гэхэд  З.Энхболд   "Ердийн арилжааны банканд данс нээлгэх нь одоо ч нээлттэй байгаа. Тэрийг хориглосон зүйл огт байхгүй. 

Оюу Толгойн гэрээнд яагаад тийм заалт орсон бэ гэхээр “Танай арилжааны банкууд дэндүү жижиг байна. Дампуураад харилцахад байгаа мөнгө алга болбол яах вэ. Хоёрдугаарт, танай татварын байцаагч нар дуртай үедээ ирээд данс хаагаад байна” гэсэн. Энэ хоёроос болоод мөнгөө дамжуулахгүй байж болно гэдэг заалт орчихсон юм. 

Одоо Монголбанкныхан Оюу Толгойтой юу гэж ярих уу гэхээр, Монгол Улсын төв банк дампуурахгүй, дурын татварын байцаагч хаахгүй, бид арилжааны банкнаас өөр байгууллага гээд дансыг нь авах тухай л ярих юм.  

Нөгөө компанийн хувьд дуртай арилжааны банкандаа дансаа нээгээд явах эрх нь нээлттэй байгаа учраас энэ заалтыг энэ хэвээр нь хуульд оруулбал зүгээр байгаа юм. 

Ер нь ямар хэмжээний баялаг гараад хэр хэмжээний мөнгө орж ирээд байгаа нь мэдэгдэхгүй байна. Тэгэхээр татвар авах сууриа бид мэдэхгүй байна. Бүртгэл, валютын нөөц бүрдүүлэх, татвар авах гээд олон зорилготой юм" гэлээ. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Монголын баялгийг гаргачихаад Монголд нь буцаагаад мөнгийг нь оруулж ирэхгүй байна. Түрүүчийнх дээр Ерөнхийлөгч өргөн барьсан гээд улстөржөөд унагаасан. Гэтэл М.Оюунчимэг нарын гишүүдийн оруулж ирсэн хуулийн төсөл дээр Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэнтэй яг адилхан л өгүүлбэр явж байна. 

Зөвхөн Оюу Толгой ч биш Монголын баялгийг гадагш нь гаргадаг хэн боловч төлбөр тооцоогоо заавал Монголд оруулж ирдэг байхыг л хуульчилж байна гэж ойлгож байна. 

Стратегийн том ордуудын эзэмшигчид төлбөр тооцоогоо заавал Монгол Улсын аль нэг банкаар дамжуулж хийх үүргийг хуульд тусгаж өгөх хэрэгтэй.

Өнөөдөр Оюу Толгой урсгал зардлынхаа хэмжээгээр валют оруулж ирээд байх шиг байна. Сүүлийн үед нэг ийм яриа яваад байх юм. Оюу Толгойтой Монголбанк валютын арилжаа хийгээд гэж. Аж ахуйн нэгжтэй валютын арилжаа хийж болдог юм уу. Явж явж Монголбанкны валютын ханшийг Оюу Толгой тогтоодог болчихсон юм биш биз дээ. 

Тийм учраас энэ хоёр хуулийг нэгтгээд ажлын хэсэг байгуулаад, аль заалт нь үг өгүүлбэрийн хувьд ямар эрэмбэ дараатай байхыг нь эмхлээд цааш нь явуулах хэрэгтэй гэж үзэж байна" гэсэн юм. 

ЭЗ-ийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир "М.Оюунчимэг гишүүний өргөн барьсантай нь хамтатгаад хэлэлцээд явна. Нэг ажлын хэсэг гаргана. Асуудал ойлгомжтой байгаа шүү дээ. Гаргасан бүтээгдэхүүний хэмжээгээр орлогоо оруулж ир л гэж байгаа юм" гэж нэмж хэлэв.    

Ажлын хэсэг "Оюутолгой компани бусад хуулийн этгээд болон арилжааны банкуудад валют худалддаг үйл ажиллагаа явж байгаа. Энэ асуудлыг зохицуулах хүрээнд валют худалдах эх үүсвэрийг манайд худалдаач ээ, бусад хуулийн этгээд болон арилжааны банкуудад битгий их хэмжээгээр худалдаач, энэ чинь валютын ханшийн савлагаа зохих хэмжээгээр үүсгэж байна гэсэн хүсэлтийг удаа дараа тавьсан. 

Энэ асуудлыг хүрээнд Оюу Толгой компанитай валют худалдах, худалдан авах гэрээ байгуулаад ажиллаж байсан.  

Хуулийн төсөлд стратегийн орд газар дээр Засгийн газартай гэрээ байгуулсан хуулийн этгээдийн валютын дансыг байршуулна гэж заасан байгаа" гэж мэдээлж байлаа. 

Хууль санаачлагч М.Оюунчимэг "Бидний оруулж байгаа хуулийн төсөл дээр “Монголбанк Монгол Улсын төсвийн орлогын бүрдэлтэд чухал ач холбогдолтой стратегийн хөрөнгө оруулагч эдийн засгийн харьяат бус этгээдэд харилцан тохиролцсоны үндсэн дээр валютын данс нээх, төлбөр тооцоо гүйцэтгэж болно” гэсэн байгаа. Харин Ерөнхийлөгчийн оруулж ирсэн дээр Монголбанкан дээр данс нээнэ гэсэн байгаа. Тиймээс ажлын хэсэг дээр энэ хоёрыг нэгтгээд, томьёоллоо яаж хийх вэ гэдгээ ярилцаж болно. 

Валютын зохицуулалтын шинэчилсэн найруулга, Ерөнхийлөгчийн оруулж ирж байгаа хуулийн төсөл бүгд л Монгол Улсын валютын гүйлгээг хаах, хязгаарлах юм орж ирж байна гэсэн хардлага яваад байгаа. Огт тийм зүйл байхгүй. Монгол Улс өөрөө төлбөр тооцоогоо хяналтдаа авч, статистиктай болох, валютын нөөцөө бүрдүүлэх ач холбогдолтой юм. 

Оюу Толгой компани Монголын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Гэхдээ алдаатай зүйлүүд байна.

Тухайлбал, тус компани Монголд нийлүүлж байгаа валютынхаа 80 хувийг тухайн өдрийн Монголбанкны ханшаар нийлүүлж байгаа хэр нь үлдэж байгаа 20 орчим хувийг нь арилжааны дөрвөн банканд нийлүүлэхдээ хэн өндөр ханш хэлсэнд нь илүүг нь өгч байна. Эндээс харахад стратегийн олборлолт, борлуулалт эрхлэхээс гадна валютын зах зээлд тоглогч болж орох гээд байгаа юм шиг байдал ажиглагдаад байна. Сүүлдээ ХААН банк хамгийн өндөр үнэлгээ хэлээд авсан гэсэн яриа ч байгаа. 

Төв банк энэ бүхнийг харж, хянахын тулд валютын зохицуулалтын тухай хуулийн бас нэг зорилго нь энэ байгаа юм" гэв. 

Т.Аюурсайхан "Оюутолгойн гадаадын хөрөнгө оруулагч тал орлого, гүйлгээгээ Монголын банкаар явуулдаг зохицуулалтыг хуулиар хийж болно
Төв банк ч бай арилжааны банк ч бай аль алинаар нь хуульчлаад өгчихвөл хуулиа дагаад явахаар өөр аргагүй байдалд ороод л явна шүү дээ. 

Энд яригдаж байгаа хоёр хуулийн төсөл хоёулаа ижилхэн утгатай гэж Монголбанк ярьж байгаа чинь буруу шүү. Зарчмын маш том зөрүүтэй агуулгатай байна. 

Гишүүдийн өргөн барьсан дээр Монголбанк өөр дээрээ данс нээж төлбөр тооцоо хийж болно гэж заасан бол Ерөнхийлөгчийн оруулж ирсэн дээр илүү үүрэгжүүлсэн байна. “Болно” гэх юм бол бид өнөөдөр үүнийг яриад ямар ч хэрэггүй. Тийм учраас энэ хоёр төслийг нийлүүлэх бол үүрэгжүүлсэн байдлаар зохицуулалтыг нь хийх ёстой

Монголбанк нь арилжааны үйл ажиллагаа явуулахыг хориглосон хуулийн заалттай. Гэтэл аж ахуйн нэгжийг өөр дээрээ байршуулна гэхээр наанадаж данс нээнэ, төлбөр хураамж, хүү гээд арилжааны үйл ажиллагаа руу орж байна. Ийм болохоор өмнө нь унасан. 

Хуультайгаа дагалдуулаад Монголбанкны тухай хуулиа өөрчлөх заалт оруулж өгвөл арай илүү алсаа харсан алхам болох байх" гэлээ.