Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Содном: Намаа засаад, төрөө зас

Х.Тулга, Үндэсний шуудан
2018 оны 10 сарын 12
Үндэсний шуудан
Зураг зураг
Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавьяат эдийн засагч Д.Содном

Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содномтой ярилцлаа.

-Улсынхаа нийгэм, эдийн засгийн байдлаас ярилцлагаа эхлүүлье. Өнөөгийн байдлыг хэрхэн дүгнэж сууна даа?

-Хөгжиж байна. Монгол Улс 1960 онд нэг сая хүн амтай байсан бол 1990 онд 2.1 сая, өнөөдөр 3.3 саяулаа болсон. Хүн амын дундаж наслалт 1990 оны үед 64 байсан бол одоо 70 орчим. Нэг хүнд ногдох ДНБ 1990 онд 400 орчим ам.доллар байсан бол 2017 онд 4,000 орЧим болж өссөн. Эдийн засаг тогтвортой биш ч гэсэн өсөж, хүн амын тоо тогтвортой нэмэгдэж, өндөр боловсрол, мэдлэгтэй залуус олон болж байгаа нь Монгол Улс хөгжиж буйн баталгаа.

Гэвч ард иргэдийн бараг 30 хувь ядуу гэж олон жил ярьж байгаа. Зээлийн өртэй хүн олон байна. Гуйлга гуйж, хог түүж амьдрагсад өнөө хэр оршсоор байна. Ядуурлыг арилгах гол асуудлаа шийдэж чадсангүй. Энэ бүхэн хөгжлийн хурд удаан, хүрсэн түвшин хангалтгүй гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байгаа.

-Хөгжил удаан, хангалтгүй байгаа гол шалтгаан юу вэ?

-Манай улсад 1990 оноос хойш эдийн засгийг хүчирхэг болгож, нийгмийг хөгжүүлэх алс хэтийг харсан тооцоо үндэслэлтэй бодлого төлөвлөгөө боловсруулж, хуульчлан сахиж хэрэгжүүлсэн, тогтвортой ажилласан Засгийн газар байсангүй. Арилжаа, үйлчилгээний салбар хөгжиж байгаа боловч, эрэлт хэрэгцээ хангах, экспортыг дорвитой өсгөх боловсруулах үйлдвэрүүдтэй болох бодлого хэрэгжүүлээгүй явдал нь хөгжлийн түвшин дорой, ядуурлаа арилгаж чадаагүйн баталгаа юм. Өнгөрсөн хугацаанд эдийн засгаа өөд татах төсөл боловсруулж хэрэгжүүлэх чадваргүй, тооцоогүй амлалтаар сонгогчдыг хуурч өрсөлддөг улс төрийн намууд засаг төрийн эрх барьж байсан явдал улс төрийн шалтгаан гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй байх.

Монгол Улс 1990 оноос хойш хөгжлийн бодлого төлөвлөгөөгүй байсан явдал хүндрэл бэрхшээлийн шалтгаан, бодлого төлөвлөгөөгүй байсны хариуцлагыг төрийн эрх барьж байсан улс төрийн намууд хүлээх ёстой гэж үздэг миний дүгнэлт зөв эсэх, ямар гарц шийдэл байхыг монголчууд бид бүгдээрээ ухаан гаргаж тунгаан бодож олох ёстой. ДНБ-ийн төгрөгөөр тодорхойлсон дүн 2016, 2017 оны гүйцэтгэлээр зарим хэмжээгээр өссөн дүн гарсан. Гэвч төгрөгийн худалдан авах чадвар суларсан шалтгаанаар ДНБ ба түүний нэг хүнд ногдох хэмжээ энэ онуудад өсөөгүй, буурсан мэдээ гарсан байна билээ.

-Өнгөрсөн 2015 онд УИХ 2030 оныг хүртэл хугацааны Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг баталсан. Тэр нь хөгжлийн бодлого болж хэрэгжихгүй байгаа юм уу?

-Монгол Улсыг 2030 он хүртэл хугацаанд хөгжүүлэх Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал хэмээх бичгийн төсөл боловсрогдож байхад нь танилцаж, тусгасан зорилтууд, хэрэгжүүлэх боломжийн талаар шүүмжлэлтэй хандаж, саналаа хэлэх завшаан тохиож байсан. НҮБ-ын шугамаар хааяа зохиогддог арга хэмжээнд оролцохдоо Монгол Улс хөгжлийн үзэл баримтлалтай болсон гэж ярьж байхад зориулагдсан баримт бичиг төдий. Харин төр засгаас зохион байгуулж, ард иргэд хамжиж хэрэгжүүлдэг хөгжлийн бодлого хөтөлбөр биш болох нь одоо тодорхой болж байна.

Хөгжлийн үзэл баримтлалын төслийг Засгийн газар боловсруулаагүй. УИХ-ын дэргэд байгуулсан мэргэжлийн биш хүмүүс зонхилсон, хариуцлага хүлээхгүй ажлын хэсэг зохион бичиж өгөөд тарж явсан учраас үндэслэлгүй уялдаагүй зорилтууд бичигдсэн байдаг. Жишээлэхэд, 2030 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 17,000 ам.долларт хүргэнэ, ДНБ-ий жилийн дундаж өсөлт зургаан хувь байна гэж бичсэн байдаг нь хоорондоо уялддаггүй. Хэрэв жил бүр тасралтгүй зургаан хувиар өсөхөөр тооцвол 2030 онд нэг хүнд ногдох ДНБ 8,000 ам.доллараас хэтрэхгүй юм билээ. Эдийн засагчид яаж тооцсоны учрыг олдоггүй, хүн амын өсөлтийг тооцохоо мартсан юм болов уу гэдэг юм. Түүнийг нь УИХ хяналгүй баталсан.

Үйлдвэрлэлийг жил бүр зургаагаас доошгүй хувиар өсгөж байхад нөлөөлөх үр ашигтай ТЭЗҮ-тэй төслүүд төлөвлөгдөөгүй. Одоо хүртэл Оюутолгой, Тавантолгойгоос өөр экспорт өсгөхөд нөлөөлөх томхон төсөл яригдахгүй байгаа. Төлөвлөлтийн тухай хууль 2015 онд гарсан. Тэр хуульд зааснаар улс төрийн намууд УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох хөтөлбөрөө Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын зорилтыг хангах арга хэмжээг тусгаж боловсруулах ёстой байсан.

Гэтэл Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан мөрийн хөтөлбөр боловсруулсан улс төрийн нам байгаагүй. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтээр 2020 оны хүлээж болох үр дүнг тооцоолж, 2020-2025, 2025-2030 онд ямар зорилтууд дэвшүүлэхийг хэрэгжүүлэх тодорхой төсөл арга хэмжээний хамт боловсруулах ёстой. Засгийн газрын бүтцэд хариуцаж гүйцэтгэх яам байхгүй болохоор энэ ажил орхигдоод байгаа байх.

-Монгол Улс 1990 оноос өмнө хөгжлийн бодлоготой, урт хугацаагаар болон таван жилээр хөгжлөө төлөвлөдөг байсан. Тэр ажлыг хариуцан ажиллаж байсан хүний нэг нь байсан. Та туршлагаа хуваалцдаггүй юм уу?

-Монгол Улсын үйлдвэрлэх хүчнийг 1975-1990 онд хөгжүүлж, байршуулах схем нэртэй 15 жилийн хугацаанд улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх шаардлагатай гол төслүүдийн ТЭЗҮ, тооцооны хамт боловсруулсан. Тэр нь хөгжлийн бодлого болж хэрэгжсэн. Схемд тусгагдсан зорилтуудаа ажил хэрэг болгох арга хэмжээг тав таван жилээр тодотгож хэрэгжүүлсэн байдаг. Тэр 1990 оныг хүртэлх 15 жил их бүтээн байгуулалтын жилүүд байсан.

Эрдэнэт болон уул уурхайн олон үйлдвэр, IV цахилгаан станц мэт эрчим хүчний үйлдвэрүүд дэд бүтцийн хамт баригдсан. Олон орон сууцыг хорооллоор нь, үр тариа хүнсний ногоо тариалах аж ахуйг техник, үйлчилгээний төвүүдтэй нь, арьс,. шир, ноос ноолуурыг боловсруулж бэлэн бүтээгдэхүүн гаргаж дотоод гадаад зах зээлд борлуулах хөнгөн үйлдвэрүүдийг мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх их, дээд сургууль, техник мэргэжлийн сургуулиудыг багш, оюутан сурагчдын байртай нь барьж ашиглалтад оруулсан гэх мэт бүтээн байгуулалтын ажлын үр дүнд эдийн засаг нийгмийн олон асуудлыг шийдэхэд ихээхэн ахиц гарсан байдаг.

Хөгжлийн бодлого боловсруулах ажлыг боловсронгуй болгох тухай бодохын оронд төвлөрсөн төлөвлөгөөт системийг өөрчлөх ажлыг 1990, 1991 онд туйлшруулж байсны балгаар улс маань хөгжлийн цэгцтэй бодлогогүй, тогтвортой хөгжилгүй 27 жил өнгөрлөө. Төв орон нутагт ажиллаж байсан хөгжлийн С бодлого төлөвлөгөө боловсруулах ажилд мэргэшсэн олон зуун хүн ажилгүй болж мэдлэг туршлага нь ашиглагдаагүйд харамсдаг.

-Хэтийн хөгжлийн бодлого төлөвлөгөө боловсруулах бол нүсэр ажил. Ярилцлагынхаа цөөн хоромд багтаагаад аргыг товчоор хэлж өгч болох уу?

-Хамгийн эхэнд төлөвлөж байгаа урт, дунд хугацаанд улсынхаа хүн амын тоо, бүтэц яаж өөрчлөгдөхийг тооцоолно. Дараа нь хүн амын буюу нийгмийн хэрэгцээ шаардлага тоо ба чанарын хувьд яаж өөрчлөгдөж ямар түвшинд хүрсэн байхыг тооцоолно. Too чанарын хувьд өөрчлөгдөж өссөн байх нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангахын тулд эдийн засгийн үзүүлэлт, үйлдвэрлэл үйлчилгээний хэмжээ ямар түвшинд хүрсэн байх шаардлагатайг гаргаж ирнэ.

Эцэст нь эдийн засаг, үйлдвэрлэл үйлчилгээний өссөн байх түвшинг хангахын тулд хөгжүүлэх шаардлагатай салбар, үйлдвэрлэл нэг бүрээр хэрэгжүүлэх арга хэмжээний төслийг үндэслэл тооцоотой нь боловсруулна. Товчдоо ийм аргачлалаар хөгжлийн бодлого төлөвлөгөө боловсруулах ажил зохиогддог. Төрийн өмч давамгайлсан социализмын үеийн төлөвлөлтийн ажил, ялангуяа төлөвлөсөн зорилтуудыг шийдэх арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын арга хэлбэр нь хувийн өмч давамгайлж, либеральчлагдсан зах зээлийн эдийн засгийн нөхцөлд зохицож өөрчлөгдөх ёстой нь мэдээж. Аргачлалыг нь өөрчлөх, боловсронгуй болгоход суралцах, туршлагажих хэрэгтэй.

-Та хөгжил хангалтгүйн шалтгааныг дурдахдаа төрийн эрх барьж байсан улс төрийн намууд хар толгойгоороо хариуцах ёстой гэх санаа хэлсэн. Намын ажил, төрийн ажил болон үүрэг хариуцлага нь тусдаа байх ёстой биш үү?

-Улс нийгмийн хөгжил хангалтгүй байгаад төрийн эрх ээлжлэн барьж байсан улс төрийн намууд буруутайг тэр намууд өөрсдөө хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Нам болон төрийн ажил холилдсон, алины нь бодлого үйл ажиллагаа явагдаж буй, зөв буруугийн хариуцлага яаж яригдах нь ойлгохын аргагүй болсон байгаа. УИХ-д бүх асуудлыг ангилан хариуцсан Байнгын хороод ажилладаг байтал намын бүлгүүд, Их Хурлын бүтэц шиг ажиллаж, чуулганы нь ажилд шууд оролцож Улсын Их Хурал, Засгийн газрын нэрээр гарах шийдвэрүүдэд шууд нөлөөлж байдаг.

Тийм учраас хөгжил хангалтгүйд улс төрийн намуудыг буруутгах үндэстэй, Сүүлийн хорь гаруй жил “Төр төвтэй засаглал байх ёстой. Нам төвтэй засаглал бий боллоо. Улс төрийн намаар дамжиж төр засгийн тогтолцоо бүрэлдүүлэхээс өөр аргыг хүн төрөлхтөн олоогүй. Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх тухай Үндсэн хуулийн суурь заалт хэрэгжих эсэх” гэх мэт асуудлаар их мэтгэлцэж байгаа боловч зохистой нэгдсэн үзэл баримтлалд хүрч чадсангүй. Энэ асуудлаар би өөрийн санал бодлыг олон жил ярьж байгаа.

Миний ярьдаг санал, үзэл баримтлалаар бол төр төвтэй засаглал байх нь зөв, төрийн ажил тусдаа, намын ажил тусдаа байх нь зөв. УИХ, Засгийн газрын гишүүд нь харьяалагддаг намынхаа удирдлагын явцуу ашиг сонирхолд баригдахгүйгээр төрийн түшээ, Засгийн газрын гишүүнийхээ хариуцсан ажлыг хуулийн дагуу сэтгэл гарган гүйцэтгэх нь зөв гэж боддог юм. Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх ёстой гэсэн Үндсэн хуулийн заалтыг гуйвалтгүй хэрэгжүүлэх зохистой арга замыг олох ёстой гэсэн үзэл баримтлалтай байдаг. Энэ үзэл бодлынхоо үүднээс би манай улс төрийн намуудыг одоогоор төр засгийн эрх барих ажлаас аль болохоор хол байлгах нь зүйтэй юм байна гэж боддог.

-Улс төрийн намууд буруу үйл ажиллагаа явуулаад байгаа шалтгааныг юу гэж хардаг вэ?

-Төлөвших яагаач үгүй байгаа буюу нийгэм, эдийн засгийн хөгжлийн алс хэтийг хамарсан бодлого төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх чадваргүй юм уу, сонирхолгүй. Бэлтгэгдсэн боловсон хүчний нөөцгүй, удирдлагад нь ажиллагсдын ихээхэн хэсэг улс орны эрх ашгийг биш хувийн ашиг сонирхлоо эрхэмлэгчид байгаа.

Эдгээр ноцтой дутагдлыг засаж төлөвшөөгүй аль ч улс төрийн намд төр засгийн удирдлагыг сонгох сонгуульд оролцох эрх олгож болохгүй гэсэн хуультай болох хэрэгтэй юм уу гэж боддог. “Бие, гэрээ засаад төрөө зас" гэдэг үг дээр “Намаа засаад төрөө зас” гэсэн үг нэмье гэж ярьж байгаа санаа зөв санагддаг.

-Та Оюутолгой, Таван-толгойгоос өөр эдийн засагт дорвитой нөлөөлөх том үйлдвэрийн төсөл яригдахгүй байна гэж ярьсан. Засгийн газар Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргаж, үйлдвэрийн шав тавилаа. Та хэдэн сарын өмнө уг үйлдвэрийг Дархан хотод барих саналыг төрийн өндөрлөгүүдэд бичсэн?

-Мэдээлэл илүүтэй, шийдвэр гаргах эрхтэй Засгийн газар маань шийдвэрээ гаргаад, үйлдвэр барих ажлаа эхлүүлж байхад зөв буруугийн тухай яриад байх хэрэггүй. Техник эдийн засгийн үндэслэл нь гарч үр ашигтай байх нь баталгаатай болсон учраас үйлдвэр барих ажлаа эхлүүлж байгаа биз. Үйлдвэр хугацаандаа, төлөвлөсөн эх үүсвэртээ багтаж баригдаасай, тэрбум ам.долларын зээлээ төлж, эдийн засаг нийгэмд ач тус болж байх өндөр үр ашигтай үйлдвэр бий болоосой гэж л хүсэж байна.

Зураг