Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Канадын өвлийн сонирхол татах зүйлс

ikon.mn
2018 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

За хүүхдүүд минь, тэр Канадын өвөл гэдэг чинь жинхэнэ цас, мөсний орон юм билээ. Айхтар их цастай газар байна лээ. Бараг өдөр бүр л 30-50 см зузаан цас орно. Тэрийгээ байрны хүмүүс өөрсдөө өдөр бүр цэвэрлэнэ. Өвөл дуусахад хүрздэж шидэх газаргүй болтол цасаа овоолно. Машинаа цасан доороос ухаж гаргах өдрүүд олон.

Ширүүн цасан шуургатай хавсарсан аягүй чийглэг агаартай болохоор -25°C нь манайх шиг хуурай хэмтэй зүйрлэх юм биш.

Тэнд бас мөсөн бороо гээч тун сонин үзэгдэл үе үе болно. Хасах хэмийн хүйтэнд орсон бороо газартай шүргэлцсэн даруйдаа хөлдөж зам харгуйг нилд нь мөсөн гадаргуугаар бүрхэж жолооч нарынхаа тэвчээрийн хязгаар шалгана. 

КАНАДЧУУД ЦАСАНДАА ДУРТАЙ ГЭЖ ЖИГТЭЙХЭН

Гэхдээ энэ ч бас гайгүй ээ... нүнжигтэй том цас нүгэлтэй их орно доо. Гэрийн үүдэнд нь хүн унаж бэртвэл бөөн төлбөрт ордог болохоор хүмүүс цасаа заавал цэвэрлэж, дээр нь давс цацах үүрэг хүлээдэг. За тэр их давсанд гутал ёстой тэсэхгүй шүү дээ.

Бас харьцангуй дулаан уур амьсгалтай мужууд бас байна аа. Ванкувер, Торонтод амьдардаг хүмүүс өвлийн дулаан хувцас гэж сүйдтэй юм бэлддэггүй. Тэр бүү хэл, 2-р сарын эхээр цэцэг тарьж эхлэхийг та нүдээрээ харж болно.

Канадчууд цасандаа дуртай гэж жигтэйхэн. Цаснаасаа залхдаггүй юм байхдаа гэтэл цастай зэрэгцээд л өнөөх алдарт хоккейн улирал эхэлж дэлгүүр хоршоо гээд энд тэндгүй л зурагт ширтэж, уухайлсан хүмүүстэй таарна. Цэнгэлдэх хүрээлэндээ орж чадаагүй хүмүүс хар хүйтэнд үүдэнд нь майхан босгож байгаад үзнэ гээч! Спортод тун чиг элэгтэй, хоккейндоо мөн ч хорхойтой хүмүүс дээ...

 

Канадын автобусны зогсоол танд шууд таалагдана. Яагаад гэж үү? Ихэнх буудал нь битүү, гэхдээ тунгалаг шилтэй учраас салхи шуурганд унаа хүлээж зогсоход ямар таатай гээч. За битгий шоолоод бай! Жижигхэн зүйл биш шүү. Ер нь хөгжилтэй орон гэж өөр юм аа. Хүмүүсээ их боддог. Жишээ нь, хар хүйтэнд гадаа алхаж явснаас газар доорх байгууламжаар дамжаад явж болно. Хүнс, бараа, банк гээд үйлчилгээний бүх цэгүүд нь эгнэн байрласан тэр байгууламж нь 30 гаруй км үргэлжилнэ. Дэлхийн хамгийн урт хонгил Канадад байна.

Замын хөдөлгөөндөө жолооч нар нь соёлч боловсон оролцож, бие биедээ зам тавьж өгдөг дажгүй найрсаг хүмүүс. Замын чанар нь мэдээж онц. Яахав хатуу ширүүн өвлийн дараа зам дээр олон тооны нүх үүсдэг ч засварыг нь 4, 5-р сардаа хийгээд л дуусчихна.

Нэг чигийн хөдөлгөөнтэй хурдны зам нь их гоё, аюул багатай, хоёр талдаа өргөн хөвөөтэй. Хамгийн сонин зүйл нь өргөн хөвөөнүүд дээрээ нидрүүлэг шиг арзгар хээтэй. Тэр нь холын тээвэр хийдэг том ачааны тэрэгний жолооч нарыг унтахаас сэргийлэх зориулалттай. Хэрэв та саваагүйтээд дээгүүр нь явж үзвэл элэг бөөрөө доргиож баларна шүү. Зүүрмэглэсэн хүн сэрэхгүй байхын аргагүй сэгсчүүлнэ дээ.

 

Нээрээ, замд явж байхад тусламж хүссэн жолооч таарвал заавал зогсох үүрэгтэй. Ялангуяа өвөл машин нь эвдэрснээс болж жолооч осгож амиа алдах тохиолдол мэр сэр гардаг болохоор тэгж дүрэмдээ заасан гэсэн.

Канадад СAA (Canadian Automobile Association) гэх сайн дурын нийгэмлэг гишүүддээ жилдээ 4 удаа үнэгүй тусламж хүртэх эрх өгнө. Аккумулятор суух, дугуй солиулах, суусан машинаа татуулах, 360км хүртэлх газраас ачуулж авчруулах зэрэг шаардлагатай үед ганц утасдаад л дуудчихна. Гишүүнээр нь элсчихвэл жилдээ 200 орчим $ төлнө.

Гэхдээ мэдээж манайхан бор зүрхээрээ тусалдаг сайхан сэтгэлтэй жолооч ихтэй улс юм даа...