Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд аудит хийж эхэллээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Үндэсний аудитын газраас Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хийх аудитын нээлт өнөөдөр боллоо. Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг шалгахдаа иргэд, олон нийтийн оролцоог дэмжин, аудитыг ил тод гүйцэтгэхэд “Нээлттэй нийгэм форум” ТББ-ыг хараат бус хөндлөнгийн шинжээчээр оролцуулж, гурван жилийн хугацаанд хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.

Тус байгууллагаас судалгаа, дүн шинжилгээ хийж ирүүлсэн дүгнэлт, тайланг Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх “Аудитын иргэний танхим”-аар хэлэлцүүлж, аудитын тайланд нэгтгэх аж.

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг "Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг шалгахад иргэд, олон нийтийн байгууллага анх удаа оролцож байгаагаараа онцлог болж байна. 2018 онд Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэд иргэний танхим байгуулагдсан. Энэ аудитад анх удаа Иргэний танхим оролцож, хамтарсан аудит болж байгаагаараа онцлог юм.

Бид өнгөрсөн хугацаанд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг удаа дараа шалгасан боловч хэд хэдэн заалт өнөөдрийг хүртэл хангалттай хэрэгжихгүй байгаа. Энэ нь төрийн аудитын байгууллагын хүний нөөц, цаг хугацааны боломжгүй байдал, төсөв захирагчдын хариуцлагагүй байдалтай холбоотой. Үүнийг шийдэхийн тулд иргэний нийгмийн байгууллага сайн дураараа бидний үйл ажиллагаанд хараат бус хөндлөнгийн шинжээчээр ажиллах гэж байна.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Нээлттэй нийгэм форумтай бид шилэн данснаас гадна улс төрийн санхүүжилт, засаглалын ил тод, нээлттэй байлгахад иргэд олон нийтийн оролцоог хангах чиглэлээр хоёр жилийн хугацаанд хамтран ажиллана.

Энэхүү “Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хийх аудит”-ын ажил нь Төрийн аудитын байгууллага болон иргэд, олон нийт, төрийн бус байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааны тогтолцоог бий болгох эхний ажил болж байна” гэв.

Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн аудитад 2017 оны аравдугаар сарын 1-нээс 2018 оны аравдугаар сарын 1-нийг хүртэлх үйл ажиллагааг хамруулах аж. Аудитыг өнөөдрөөс эхлэн 2018 оны арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэл хийж, гүйцэтгэн УИХ-д хүргүүлэх юм. Аудитад бүх төрийн байгууллага, зарим төрийн бус байгууллага хамрагдана гэв.

Мөн Монгол Улсын Төрийн аудитын байгууллага нь Олон Улсын Аудитын дээд байгууллагууд болох ИНТОСАЙ, АСОСАЙ-ийн гишүүний хувьд олон улсад мөрдөгдөж буй стандартад нийцүүлэн тус аудитыг иргэдийн оролцоотой бодит мэдээлэл, баталгаат баримт бичигт тулгуурлан хууль эрх зүйн хүрээнд гүйцэтгэж дүгнэлт гарган, олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангах үүргийг зарчим болгон ажиллана гэдгээ мөн энэ үеэр мэдэгдлээ.