Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хэвлэл мэдээллийн салбарынхныг магистрын сургалтад хамруулна

Т.Саран, iKon.mn
2018 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Эдийн засгийн үндэсний дээд сургуулиас санаачлан хэвлэл мэдээллийн байгууллагын сонгогдсон ажилтнуудад эдийн засгийн магистрын зэрэг олгох 1.5 жилийн сургалтад хамруулах хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тус сургууль нь Герман-Монгол-Америкийн хамтын хөрөнгө оруулалтаар 20 гаруй жилийн өмнө байгуулагдсан бөгөөд эдгээр оронтой хамтарсан төсөл цөөнгүй хэрэгжүүлж иржээ. 
 
Тэгвэл энэ хичээлийн жилээс Герман, Монголын талууд хамтран “Хэвлэл мэдээлэл ба эдийн засаг” ерөнхий сэдэвтэй шинэлэг төслийг эдийн засгийн бус бакалаврын зэрэгтэй хэвлэл мэдээллийн ажилтнуудад “Бизнесийн удирдлага”-ын магистрын зэрэг олгох зорилгоор эхлүүлж байна. 
 
Энэхүү төслийн гол давуу тал бол магистрын зэргийн болзол хангахын тулд суралцагч цуглуулбал зохих бүх кредит цагийн нийт төлбөрийн тавин хувийг Европын холбооны улсын тал бүрэн хариуцаж, харин төлбөрийн үлдсэн хэсгийг ЭЗҮДС-ийн тал магистрант(суралцагч)-ийг “Боловсролын зээлийн сан”-д хамруулах замаар төлбөрийг зохицуулах юм. Гэхдээ суралцагч нь магистрантурыг төгссөн өдрөөс хойш зургаа хүртэлх жилийн хугацааны явцад зөвхөн “Боловсролын зээлийн сан”-гийн зээлийн эргэн төлөлтийг хийх нөхцөлтэй байх нь.
 
Төслийн хэрэгжилтийн хугацаанд магистрантуудад үзүүлэх боловсролын үйлчилгээний зарим онцлог нь:
  • Суралцагчдын ажил, мэргэжлийн онцлогоос үүдэн хичээлэлтийн цагийн уян хатан байдлыг анхаарч Бямба,Ням гарагуудад голдуу хичээллэх;
  • Сургалтын жилийн хугацааг аль болох богиносгох, кредит цаг цуглуулах боломжийг нэмэгдүүлэх үүднээс эрчимт хэлбэрээр сургалт явуулах;
  • Хичээлийн хөтөлбөр, сургалтын төлөвлөгөөг нягтаршуулж, судлах хичээлийг аль болох багцлан заах;
  • Европын холбооны орнууд магистрын эрчимжүүлсэн сургалтын явцад хэрэглэдэг сонгомол хөтөлбөр, судлах хичээлийг сорчлох технологийг сургалтанд түлхүү хэрэглэх аж.
Энэхүү магистрын хөтөлбөрийн сургалтыг дотоод, гадаадын нэр хүнд бүхий доктор, профессор, мэргэжилтнүүд хөтлөн хэрэгжүүлнэ.