Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Google компани “Pixel 3” ухаалаг гар утаснуудаа танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Google компани өчигдөр Манхеттэнд шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан нь Apple, Microsoft зэрэг компаниудтай өрсөлдөх зорилготой байв.

Энэ үеэр тэд Pixel 3, Pixel 3 XL ухаалаг гар утаснууд, Google Home Hub ухаалаг яригч, Pixel Slate таблетыг үзүүлжээ.

 

Pixel 3, Pixel 3 XL

 

5.5 болон 6.3 инчийн дэлгэцтэй эдгээр гар утаснууд 12.2 мегапиксел арын камертай, утасгүй цэнэглэх боломжтой, 4GB санах ойтой, усны хамгаалалттай бол яригч нь өмнөх загвараасаа 40 хувь илүү чанга дуугаралттай ажээ.

Мөн YouTube Music үйлчилгээний зургаан сарын эрх дагалдсан байна. Том дэлгэцтэй XL загвар нь өнгөрсөн онд Apple-ийн трэнд болгосон “notch” дизайнтай буюу яригч, камерыг багтаасан хар оруулганаас бусад хэсэг нь бүхэлдээ дэлгэцээр дүүрчээ.

Эдгээр утсанд суурилсан “Top Shot” аппликэшн нь machine learning технологи ашиглан камераар авсан зургийг хамгийн сайн хувилбараар боловсруулж гаргадаг. Нүүрний камер нь олноороо сэлфи хийхэд тохиромжтойг Google онцолжээ. Тухайлбал Apple-ийн саяхан гаргасан iPhone Xs-ээс 184 хувь илүү өргөн зураг буулгах чадвартай гэнэ.

Pixel 3-уудын үнэ $799-ээс эхэлж, Verizon, Google-ийн дэлгүүрүүдээр аравдугаар сарын 18-наас худалдаанд гарахаар болжээ. Өнгөний хувьд хар, цагаан, цайвар ягаан гэсэн гурван сонголттой байна.

 

Google Home Hub

 

Хоёр жилийн өмнө анх зах зээлд танилцуулагдаж байсан Google Home ухаалаг яригч нь энэ удаа Hub хувилбараа гаргаж байна. Онцлог нь Google Home Hub 7 инчийн точ дэлгэцтэй.

Амазон, Фэйсбүүк зэрэг өрсөлдөгчдийн бүтээгдэхүүний нэгэн адил гэр дотрох интернэт холболттой төхөөрөмжүүдийг удирдаж, асуултад хариулж, гэрэл зураг үзүүлж, видео тоглуулах чадвартай.

Гэхдээ энэ төхөөрөмжинд камер суулгаагүй нь түүнийг бусдаас ялгаруулж байна.

Хэрэглэгчийнхээ үйлдэл бүрийг мөнгө болгодог Google компани энэ удаа хувийн мэдээлэлд болгоомжтой хандаж, камераас татгалзсан бололтой.

$149-ийн үнэтэй энэ төхөөрөмж цагаан, хар, номин ногоон, ягаан өнгөний сонголтуудтай худалдаанд гарна.

 

Pixel Slate таблет

 

Энэ оны эхээр Google өөрийн Chrome үйлдлийн системийг анх удаа таблет төхөөрөмжинд зориулж гаргасан. Харин Pixel Slate нь энэ хувилбарыг суулгасан тус компанийн анхны бүтээгдэхүүн болж байна.

Нүүрэн талдаа хос чанга яригчтай, өндөр нягтралтай дэлгэц бүхий энэ таблетад гарны товчлуур бүхий нүүрний хаалт нэмбэл Chrome системтэй нөүтбүүк болно. Уг хаалт нь таблетын арын хэсэгт соронзоор наалддаг ба дэлгэцний налууг янз бүрийн хэмжээгээр тааруулах боломжтой.

Хар хөх өнгөтэй Pixel Slate нь $599-ээр худалдаанд гарна. Гарны товчлуур бүхий хаалт нь $199 үнэтэй, үзэг нэмбэл $99 төлөх хэрэгтэй. Ойролцоогоор $900 орчмоор иж бүрэн таблет худалдаж авах юм. Зөвхөн АНУ, Канадын зах зээлд энэ оны сүүлээр худалдаанд гарах ажээ.

 

Эх сурвалж: Quartz