Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Алтанцэцэг: Хятадыг ашигла. Гэхдээ эрх ашгаа нэгдүгээрт тавь

У.Сарангэрэл, Үндэсний шуудан
2018 оны 10 сарын 10
Үндэсний шуудан
Зураг зураг

Дэлхийн хамгийн олон хүн амтай, хурдацтай хөгжиж байгаа БНХАУ-ын олон улсын тавцанд эзлэх үүрэг өсөн нэмэгдсээр байгаа. Энэ нь олон улсын харилцаанд ихээхэн өөрчлөлт оруулах хандлагатай байна. Энэ улс дэлхийд шинэ дэг журам бий болгох талаар багагүй ярьж, ихээхэн хучин чармайлт гаргасаар байгаа. Олон улсын гэрээ, хэлэлцээ, тунхаг бичгүүдэд дэлхийн шинэ дэг журам тогтоохыг оролдож буйг нь Орос-Хятадын стратегийн  түншлэлийн харилцаа, БРИКС-ийн чуулга уулзалтын баримт бичгүүдээс бэлхнээ харж болно.

Улмаар Хятад Улс дэлхийн засаглалд өөрчлөлт хийх тухай хүчтэй ярих боллоо. Түүнчлэн Хятад мөнгө, санхүүгээр дэлхийг удирдах томоохон капиталист орон болно гэж өрнөдийн зарим судлаач үзэж байна. Үүнээс үүдэж, АНУ болон БНХАУ-ын хооронд худалдааны дайн өрнөж эхлээд байгаа юм. Дээрх сэдвийн хүрээнд Хятад орныг олон жил судалсан МУИС-ийн зөвлөх профессор, доктор Н.Алтанцэцэгтэй ярилцлаа.

-Та Хятад Улсыг хэдэн жил судалж байна вэ. Өнөөдөр Монголд хятад судлаач хэр олон байдаг вэ?

-Би Хятадыг насаараа судалж байна даа. 1970-аад оноос эхлээд МУИС-д хятад судлаачийг бэлтгэж эхэлсэн байдаг юм. Гэхдээ яг мэргэжлийн хятад судлал гэхээр арай өөр л дөө. Манайх өмнө нь Хятадын хэл, уран зохиолд илүү анхаарал хандуулдаг байсан. Харин одоо бүс нутгаа сайн судалж байж, шинжлэх ухааны үндэслэлтэй гадаад бодлого явуулах ёстой гэдэг зарчмыг баримталдаг. Хятад судлаач олон бий.

-Бусад орон Хятадыг хэрхэн сонирхдог вэ. Тухайлбал, ОХУ-ын хятад судлал маш өндөр төвшинд хүрсэн гэж ярьдаг юм билээ?

-Хятад Улс маш хурдтай хөгжиж байгаа учраас дэлхийн нийтийн анхаарлыг татаж байгаа. Ялангуяа Өрнөдийн орнууд сониучирхан харж байна. Яг үнэн хэрэгтээ Хятадын хөгжил нэг өдрийн дотор бий болсон зүйл биш. Маш урт удаан хугацааны стратеги, үе шаттай явуулсан бодлого нь өнөөдөр энэ улсыг өндөр хөгжилд хүргэчхээд байгаа юм. Тиймээс ихэнх орон хятад судлал руу анхаарч байна. Хятад судлал өндөр хөгжсөн орон бол яах аргагүй ОХУ. Дараа нь Энэтхэг орно. Хөрш зэргэлдээ орнууд харилцахын тулд бие биеэ судалдаг л байхгүй юу.

XVII зууны үеэс эхлээд Оросын I Петр хаан Хятадыг судлах зорилгоор Бээжинд Шашны төлөөлөгчийн газар нээж байсан юм. Шашны төлөөлөгчийн газар нь Хятадад зуун жил байхдаа тасралтгүй судалгааны ажил хийж байсан.

Тэд энэ хугацаандаа Монголыг давхар судалсан байдаг. Энэ үеэс эхлээд Оросын шинжлэх ухаан монгол судлалыг Европын шинжлэх ухааны төвшинд гаргасан шүү дээ. Жишээлбэл, Монголын нууц товчоо гэдэг үнэтэй түүхэн судрыг Оросын эрдэмтэд шинжлэх ухааны үүднээс нээгээгүй байсан бол бид өнөөдөр түүхээ ч мэдэхгүй байлаа. Түүнчлэн Энэтхэг Улсад хятад судлалын бие даасан институт байдаг юм билээ. Цаашлаад Казахстан, Узбекстанд хятад судлалын томоохон эрдэмтэд бий. Өрнөдийн орнууд Хятадыг маш их сонирхож байгаа.

-XXI зуунд чиглэсэн Хятадын бодлого дэлхийд шинэ дэг журмыг бий болгох хандлагатай байна. Энэ хурдацтай хөгжил юутай холбоотой гэж та боддог вэ. Судлаачийнхаа хувьд байр сууриа илэрхийлээч?

-Хятадын хөгжлийн зам маш алгуур явж ирсэн. Энэ хугацаанд алдаж, эндэж байсан тал их бий. Олон хүн амтай, том гүрнийг авч явна гэдэг амар ажил биш. Энэ улс 1949 онд социалист замыг сонгосон. Одоог болтол баримталж ирсэн стратеги, бодлогоосоо хазайхгүй явж байгаа шүү дээ. Гэхдээ мэдээж алдсан тал бий. Тухайлбал, 1966-1976 онд Хятадын түүхэнд хар толбо үлдээсэн “Соёлын хувьсгал”-ын үед Мао Зэдуныг дахин шүтэх үзэгдэл гарч байсан.

Энэ үед Хятад маш дорой улс төрийн хямралд орсон. Хүчтэй тэмцэл ч өрнөж байлаа. Нэг сонирхолтой жишээ хэлэхэд, манай Буянт-Ухаагийн жуулчны газарт онгоцны моторын сэг байдаг. Хятадын “Соёлын хувьсгал”-ын үед 1972 онд Хятадын удирдагчдын дунд Мао Зэдуны эсрэг тэмцэл эхэлсэн байгаа юм.

Энэ үед Монгол, Хятадын харилцаа муудсан байсан. Манайх зөвлөлтийн цэргүүдийг урд хилээрээ байрлуулдаг байлаа шүү дээ. Тухайн үед Монголын хөх тэнгэр дээгүүр урд зүгээс онгоц нисээд ороод ирсэн байгаа юм. Энэ онгоц Хэнтий аймгийн Өндөрхаан сумын нутагт унасан байдаг.

-Энэ ямар учиртай онгоц байсан юм?

-Тухайн үеийн Хятадын Батлан хамгаалахын сайд Лим Бяо гэдэг хүний суусан онгоц зугтаж яваад манай улсын нутаг дэвсгэрт сөнөсөн. Энэ үйл явдал бүхний анхаарлыг татаж байсныг санаж байна. Онгоцонд таван хүн байсны нэг нь Лим Бяогийн эхнэр нь байсан байгаа юм. Учир нь эмэгтэй хүний цүнхнээс маш тансаг зэрэглэлийн үнэтэй энгэсэг, оо гарч л дээ. Энэ мэтчилэн Хятадад маш их тэмцэл болж байсныг үүгээр илэрхийлж болно.

-Тэр онгоц яагаад сүйрчихсэн юм бэ?

-Үүнд судлаачид янз бүрийн өнцгөөс тайлбарладаг юм. Манай өмнөд хилийг хамгаалж байсан Оросууд сөнөөсөн байх магадлалтай гэж үздэг. Зарим нь онгоцонд байсан хүмүүс хоорондоо буудалцсан ул мөр олсон гэдэг юм.

-Төд удалгүй Дин Сяопин тэргүүтэй хүмүүс Хятадын өөрчлөлт, шинэчлэлтийн нээлттэй бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн биз дээ?

-Тийм. Мао Зэдунтай тэмцэлдэж байсан Дин Сяопин одоогийн Хятадын хөгжлийн суурийг тавьсан. Тухайн үед дэлхий дахин Хятадыг төдийлөн анхаарч үздэггүй байлаа. Дин Сяопиний баримталсан бодлого өөрийн улс оронд маш сайн тохиосон. Ингээд 30-аад жилийн дараа дэлхийд гарах стратегийг боловсруулж ирсэн байгаа юм. 1978-2000 он хүртэлх Хятадын бодлого нь дотооддоо эдийн засгаа хөгжүүлж, хүчтэй болгох байсан. 800 сая тариаланчдын амьдралыг өөд нь татсан. Хятадууд даавуун шаахай өмссөн ард түмэн байлаа шүү дээ. Тэд манайх шиг шууд либерал зах зээлийг хуулбарлаагүй. Нэг ёсондоо төлөвлөгөөт эдийн засгийг зах зээлтэй хослуулж эхэлсэн юм. Одоо ч гэсэн энэ зарчмаар хөгжиж байна. Ингээд эхний 20 жил ард иргэдээ хооллосон. Дараагийн 20 жилд үйлдвэрлэлээ хөгжүүлж, ард түмнээ хэрэглээний бараагаар хангасан. Дотоод амьдрал, ард иргэдээ бодсон. Энэ нь биеллээ олсон. Одоогийн 20 жилд яах вэ гэхээр шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр зорьж байна. Ирэх 2019 онд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Ойгоо эх орныхоо хөгжлийн ололт, амжилтаараа угтаж байна шүү дээ. Төлөвлөсөн зүйлээ заавал хэрэгжүүлэх ёстой гэдэг зарчмыг хатуу баримталсны хүчинд энэ улс хөгжиж байна. Гэтэл манайхан худлаа лоозогноод хий эргээд байна шүү дээ.

-Хятадын энэ хөгжлийг АНУ хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа. Тиймээс БНХАУ-тай худалдааны дайн зарласан. Энэ дайн эцэстээ ямар үр дүнд хүрэх бол?

-Хятад дотооддоо бүх зүйлээ хийчихлээ. “Одоо бид дэлхийд гарна” гэдгээ 2000 онд зарласан. Гадагшаа хөрөнгө оруулалтаа гаргах, стратегиа тэлэх бодлого нь явсаар 2013 оноос эхлээд “Нэг бүс, нэг зам” хөтөлбөрийг зарласан нь энэ. 2050 он гэхэд АНУ-ыг эдийн засгаараа гүйцэж түрүүлнэ гэж олон судлаачид, эрдэмтэд тодорхойлсон. Тиймээс АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Хятадыг дураар нь тавьж болохгүй юм байна гэдгийг мэдэрсэн. Хятадуудыг барих үүднээс худалдааны дайн зарлалаа. Маш эрс шийдэмгий арга хэмжээ хэрэгжүүлж байна. Хятадаас авч байгаа бараанд өндөр тарифын татвар тавих болсон.

Энэ нь улам хүчээ авч байна. Харин Хятад өмнөөс нь сөрч, АНУ-ыг чангалаад эхэллээ. Энэ худалдааны дайнд хэн нь хожих вэ гэдгийг судлаачид өөр, өөрийн өнцгөөс тайлбарлаж байна. Гэхдээ худалдааны дайн ширүүсэх шинжтэй байна. Хятадын эдийн засаг хөгжихийн хэрээр Зүүн Азийн орнуудад ашигтай. Нэн ялангуяа манайд ашигтай шүү дээ. Бид менежментээ сайн хийгээд, өөрийн орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж, Хятадтай зөв худалдаагаа хийж чадвал ашиг олно уу гэхээс муугаар нөлөөлөхгүй.

-“Нэг зам, нэг бүс “хөтөлбөрийн хүрээнд манайхаар дайран өнгөрөх Гурван улсын эдийн засгийн коридорын асуудал яригдаж байгаа. Энэ зорилт хэр урагштай байгаа вэ?

-Дэлхийн нийтэд ийм том стратеги одоогоор байхгүй. Гэхдээ төлөвлөгөө болон санаагаар бүх зүйл шийдэгдчихгүй. Хятад “Нэг бүс, нэг зам” хөтөлбөрт оролцох улсуудтай дээд хэмжээний төвшинд гэрээ, хэлэлцээр хийгээд явж байгаа. Бодит байдал дээр хэрэгжүүлэх гэхээр бэрхшээл гарч ирж байна л даа. Энэ хөтөлбөрийг Оросууд 100 хувь дэмжиж байна гэж хэлэхэд хэцүү. ОХУ-ын ерөнхийлөгч Путин “Евразийн эдийн засгийн орон зай” гэсэн өөрийн стратегиа явуулж байгаа. Манай хоёр хөрш өөр өөрийн эдийн засгийн стратегиа явуулж байна л даа.

Монголоор дамжих Гурван улсын эдийн засгийн коридор “Нэг бүс, нэг зам" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зургаан коридорын нэг шүү дээ. Баруун тийшээ Шиньжан Уйгураар дамжаад, Төв Азийн орнуудад хүрч, Европ руу гаргахаар анх төлөвлөсөн. Тэр тал дээр нэлээд амжилтад хүрсэн гэж үзэж болно. Гэвч зарим газар бүтэл муутай байгаа. Нэг сонин жишээ хэлэхэд, Шри Ланк Улсад “Нэг бүс.нэг зам" хөтөлбөрийн хүрээнд онгоцны буудал, далайн боомтын дэд бүтэц барьсан байгаа юм.

Гэтэл тэр онгоцны буудал нь ямар ч ашиггүй байгаа гэсэн. Мэдээж маш их хөрөнгө оруулсан байгаа шүү дээ. Шри Ланкийн ард түмэн тэр өрийг төлөх л ёстой. Гэтэл ашиггүй болохоор яаж төлөх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэр бүү хэл Энэтхэг “Нэг зам, нэг бүс” хөтөлбөрийг дэмжихгүй, эсрэг байр суурьтай байгаа шүү дээ. Энэтхэгийг хил залгаа Пакистан улсын боомт руу төмөр зам тавиад эхэлсэн юм байна. Тэр зам дээр Энэтхэг, Пакистан хоёр маргаантай байгаа. Тиймээс Энэтхэг эсэргүүцээд байгаа юм. Шулуун дардан замаар, Ши Жиньпин даргын хүссэнээр “Нэг бүс, нэг зам" хөтөлбөр явах гэж байна уу гэхээр үгүй юм.

Манайх ч гэсэн төмөр зам дээр очоод л гацчихаад байна шүү дээ. Оросын өргөн төмөр зам, Хятадын нарийн төмөр зам хоёрын стандарт нь зөрөөд арван хэдэн жил хэрэлдчихлээ шүү дээ. Ийм жишээ олон оронд байгаа. Гэхдээ мэдээж Хятадын боломж бололцоог ашиглах ёстой. Ашиглахдаа Монголынхоо эрх ашгийн нэгдүгээр тавих ёстой. Гадаад бодлого гэдэг “Тухай орны эрх ашиг байдаг” гэсэн хэлц үг ч байдаг. Аль төсөл нь Монголд ашигтай вэ гэдгээ бодох хэрэгтэй.

-Үүн дээр манай эрдэмтэд судалгаа хийгээд л байгаа харагддаг юм. Тэд ямар саналтай байгаа вэ?

-Монголын эрдэмтэд өөрсдийн эрх ашгийн үүднээс Дорнодын талаар явах төмөр замыг дэмжье гэдэг санал дэвшүүлж байна лээ. Улс төрийн хэмжээнд шийдэгдтэлээ удна л даа. ОХУ-ын Владивостокт нүүрсээ гаргах асуудал яригдаж байгаа шүү дээ. Бас хоёр Солонгосын төмөр замын-асуудал яригдаж байгаа. Энэ мэтчилэн гурван улсын эрдэмтэд санаа оноогоо хэлж байна. ОХУ-ын нэг эрдэмтэн “Монголчууд өөрсдөө эдийн засгийн үндэслэл тооцоогоо гаргаач ээ. Эцсийн эцэст танай нутгаар явах зам шүү дээ” гэж хэлсэн. Эдийн засгийн тооцоо үндэслэл хэрэгтэй.

Хоёрдугаарт, маш нарийн дипломат ажиллагаа хэрэгтэй юм. Оюун ухаанаараа хоёрт том гүрэнтэй сэтгэж, ярьж чаддаг дипломат чадвар хэрэгтэй. Ийм зүйл манайд дутагдаад байна. Гэхдээ сайхан ирээдүй байна. Хоёр Солонгос нэгдэх үү, гэдэг асуудал яригдаж байна. Япон гэж маш том зах зээл байна. Энэ улс орнуудтай хамтарч ажиллах өргөн сайхан боломж бий. Ер нь Азийн улс орнууд хөгжиж байгаа энэ үед хэрхэн хамтарч ажиллах вэ сайн бодох хэрэгтэй л дээ.

-ОХУ болон БНХАУ-ын харилцаа ямар төвшинд байгаа вэ. Саяхан Улаанбаатарт болсон нүүрсний салбарын чуулга уулзалтаар Хятадын нэгэн судлаач хэлж байсан. “Монголчууд Хятадын нүүрсний хоёр дахь түнш. Г эхдээ Оросууд танай улсын өмнө орохоор хичээж ажиллаж байна” гэж хэлж байсан. Энэ ярианаас дүгнэхэд, Оросууд Хятадтай эдийн засгийн хувьд таатай нөхцөлд ажиллахаар хичээж байгаа нь харагдаж байна л даа?

-Манай хоёр хөрш стратегийн түншлэлийн харилцаатай. Улс төрийн үүднээс хоёр орны харилцаа түүхэнд байгаагүй өндөр дээд хэмжээнд хүрлээ гэсэн цоглог тодорхойлолт яв^к байгаа. ОХУ-ын хувьд АНУ болон Өрнөдийн орнуудын эдийн засгийн хоригт орсон учраас Хятад, Энэтхэг зэрэг Азийн орнуудтай нөхөрлөхөөс өөр замгүй болчхоод байна. Путин, Ши Жиньпин хоёр гар бариад бие биеэ дэмжсэн бичиг баримтуудыг хийж байна л даа. Яг бодит байдал дээр өөр, өөрийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж байгаа шүү дээ. Ер нь хоёр хөрш маань найрамдалтай байх тусмаа л бидэнд сайн.

Манай улс 1949 оноос 1960-аад оны эхэн үе хүртэл Орос, Хятад хоёртой найрамдалт харилцаатай байсан арван жилд маш хурдан хөгжсөн байдаг шүү дээ. Орос, Хятад өрсөлдөөд манайд тусалж байсан. Хятадууд Энхтайваны гүүр, 120 мянгатыг хорооллоор нь барьж байлаа шүү дээ. Харин Оросууд өрсөөд Соёлын төв өргөө, сургууль, цэцэрлэг барьж өгсөн. Хятадын маш олон ажилчин орж ирээд барилга, байшин барьсан. Дараа нь Хятадтай харилцаа муудахад ЗХУ-ын тусламж илүү орж ирсэн. Харин одоогийн манай гадаад бодлого бол хөрш хоёр .оронтойгоо эн тэнцүү бодлого баримтална гэсэн зарчимтай.

Зураг