Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын засаг захиргааны хамгийн өндөр албан тушаалтай эмэгтэй огцрохоор боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын НҮБ дэх суурин төлөөлөгч Никки Хэйли өчигдөр албан тушаалаасаа огцорч байгааг зарлалаа.

Бүгд Найрамдах Намын мандаж буй улс төрч, Трампын багт хамгийн өндөр албан тушаал хашдаг эмэгтэйд тооцогдож байсан Хэйли НҮБ-д ажилласан 18 сарын хугацаагаа “амьдралд нэг удаа олдох нэр төртэй үйлс” гэж нэрлээд энэ оныг дуустал ажиллахаа мэдэгдсэн юм.

Хэйли нь Өмнөд Каролина мужийн захирагч байсан, Энэтхэг цагаачийн үр удам бөгөөд 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой улс төрч гэгддэг.

Гэхдээ өчигдөр тэр Цагаан ордны зууван танхимд Дональд Трамптай хамт мэдэгдэл хийхдээ сонгуульд өрсөлдөх бодолгүй гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Хэйли ирээдүйд юу хийхээ төлөвлөөгүй байгаагаа хэлж, яагаад ажлаа өгч байгаагаа огт тайлбарлаагүй юм. Харин Трамп түүнийг зургаан сарын өмнөөс ажлаа өгөх хүсэлтэйгээ мэдэгдэж байсан, шалтгаанаа “хэсэг хугацаанд амрах хэрэгтэй байгаа” гэж тайлбарласан тухай ярьжээ.

Трамп бас Хэйлигийн гүйцэтгэсэн ажлыг “гайхалтай сайн” гэж магтсан юм.

46 настай Хэйли НҮБ дэх Трампын нүүр царай болон Иран, Хойд Солонгосын эсрэг хатуу байр суурь баримталж, НҮБ-ын хэд хэдэн төсөл хөтөлбөрөөс АНУ-ыг гаргаж байв.

Хэйлитэй цуг мэдэгдэл хийснийхээ дараа Трамп түүний оронд Голдмэн Саксын захирал асан, Цагаан ордны зөвлөх Дина Пауэлыг томилох талаар бодож байгаагаа хэвлэлд ярьжээ. Харин охин Иванкагаа томилох гэж байна гэсэн цуурхлыг няцаасан юм.

 

Эх сурвалж: Reuters