Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн үзүүлэлт хэмжигч бугуйвч цагдаа нарт "тусалж" байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед хүмүүсийн түгээмэл зүүх болсон эрүүл мэндийн үзүүлэлт хэмжигч бугуйвч цагдаа нарын ажилд дэмтэй болсон талаар олон улсын эх сурвалжууд мэдээлэв.

Фитнесс, спортоор хичээллэдэг болон өөрийн эрүүл мэндийн үйл ажиллагааг хянах хүсэлтэй хүмүүс "фитнесс тракер" хэмээн эдгээр бугуйвчийг зүүх болсон.

Тэгвэл тэрхүү бугуйвч нь гэмт хэргийн үед цагдаа нарт туслалцаа үзүүлэх болсныг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо мэдээлжээ.

Тодруулбал, гэмт хэргийн үед, яг тодорхой хэдэн цагт хохирогчийн биед өөрчлөлт гарч, зүрх нь хэдэн цагт зогссон зэрэг мэдээллийг үүнээс авах болсон байна.

АНУ-ын Калифорни мужид өнгөрсөн есдүгээр сард гарсан нэгэн хэрээс харахад хохирогч эмэгтэйн зүрх яг камерт бичигдсэн сэжигтнийг түүний гэр лүү орсны дараахан зогссон болохыг фитнесс тракер бугуйвч нь "мэдээлсэн" байна.

Үүнээс гадна эдгээр бугуйвч нь хүний алхалтыг хэмждэг тул гэмт хэргийн явцад, эсвэл тухайн нөхцөл байдал өрнөж байх үед хэр их хөдөлж байсныг нь хэмждэгээрээ чухал эх сурвалж болж буйг цагдаа нар онцолжээ.

АНУ-ын Сиаттл хотод өнгөрсөн жил болсон нэгэн хүчингийн хэргээр мөн хохирогч эмэгтэйг хүчирхийлэгчийн эсрэг хэрхэн тэмцэж, тэвдсэнийг бугуйвчинд бичигдсэн зүрхний цохилтын хэмжүүрээр нотолсон байна.

Зөвхөн бугуйвч ч биш, ийм төрлийн эрүүл мэндийн хэмжилтийг гүйцэтгэдэг утасны аппликейшнүүд ч гэмт хэргийг нотлох зохих мэдээллийг цагдаагийн албаныханд хүргэх болсон бөгөөд эдгээр тохиолдол нь технологийн шийдэл бидний амьдралд тусалж буйн нэг илрэл юм.

 

Эх сурвалж: Qz.com