Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Туркийн ерөнхийлөгч сэтгүүлчийн амийг хөнөөгөөгүйгээ батлахыг Саудын Арабаас шаардав

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Саудын Арабын сэтгүүлч Жамал Хашогги

Истанбул хот дахь Саудын Арабын консулын газарт очсоныхоо дараа сураггүй алга болсон тус улсын иргэн сэтгүүлчийн асуудал Турк, Саудын Арабын харилцаанд асуудал үүсгээд байна.

Washington Post сонины нийтлэлч Жамал Хашогги аравдугаар сарын 2-нд турк эмэгтэйтэй гэр бүл болоход шаардлагатай бичиг баримт хөөцөлдөхөөр Истанбул дахь өөрийн улсын консулын газарт очсон юм. Одоо Туркийн хуулийнхан сэтгүүлчийн хаана байгааг мөрдөн шалгаж байна. Туркийн зарим эх сурвалж Саудын эрх баригчид түүнийг консулын байранд байхад нь мэргэжлийн хүмүүсээр алуулсан гэж мэдээлж байгаа.

Харин консулын газар түүнийг тухайн өдрөө байрнаас нь гарч явсан гэж мэдэгдээд байна.

Өчигдөр Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган сэтгүүлчийг консулын газраас гарч явсныг батлах баримтаа үзүүлэхийг Саудын Арабын талаас шаарджээ.

Хашогги өнгөрсөн онд Саудын Арабаас гарч явахдаа өөрийн улсын эрх баригчдын бодлогыг шүүмжилдэг нь түүний аюулгүй байдалд нөлөөлж байгааг мэдэгдэж байсан юм. Тэр Саудын Арабын Йеменд хийж буй дайн, өөр үзэл бодолтой хүмүүсийг баривчлан шийтгэж байгаа явдлын талаар шүүмжлэн бичдэг байв.

Унгарт айчлал хийж байгаа Эрдоган “Түүнийг консулын газраас гарч явсан гэж хэлснээрээ Саудын тал аврагдахгүй” хэмээн хэлсэн байна.

“Тэнд маш олон камер бий. Хэрвээ тэр явсан бол яагаад камерт бичигдээгүй байх вэ? Бид энэ явдлыг зүгээр өнгөрөөхгүй” хэмээн Эрдоган Унгарын ерөнхий сайдтай хамтарсан хэвлэлийн хурал хийхдээ мэдэгджээ.

Турк, Саудын Араб хоёр нь Ойрх Дорнодын бүс нутгийн нөлөө бүхий улсууд төдийгүй өрсөлдөгчид юм. Сэтгүүлч сураггүй болсон явдал нь тэдний харилцааг муутгаж болзошгүй байна.

 

Эх сурвалж: AFP