Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

“Роснефть" компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл, ам.долларын ханш шатахууны үнэ өсөхөд нөлөөлсөн

ikon.mn
2018 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

 Шатахуун импортлогч зарим компани үнээ нэмээд байгаа билээ. Ашигт малтмал, газрын тосны газраас /АМГТГ/ шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/313633292797818/

АМГТГ-ын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай учир дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть" компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл нь шатахууны жижиглэнгийн үнэд шууд нөлөөлж ирсэн.

Мөн манай шатахууны худалдаа эрхлэгч компаниуд шатахуун экспортлогч орнуудаас зөвхөн ам.доллараар төлбөр төлж худалдаа хийдэг тул ам долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлт ч шатахууны үнэд нөлөөлж байна" гэв.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөн нь ОПЕК, ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжүүлсэнтэй шууд холбоотой. Мөн АНУ болон Сирийн улс төрийн хурцадмал байдлаас болж газрын тосны үнэ 2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу 80 ам.долларт хүрчээ. Энэ өсөлттэй холбоотойгоор ОХУ-ын “Роснефть” компани энэ оны аравдугаар сард шатахууны хилийн үнийг тонн тутамд 45-85 ам.доллараар нэмэв. Ингэснээр Аи92 бензин 766 ам.доллар, дизелийн түлш 758 ам.долларын үнэтэй болжээ. Өөрөөр хэлбэл энэ үнээр манай улсад шатахуун нийлүүлэгдэж буй гэсэн үг. Дээр нь ам.долларын үнийн өсөлтөөс үүдэж, өдөр тутмын хэрэглээ болсон шатахууны үнэ нэмэгдсэн гэж АМГТГ-аас мэдээллээ.

Түүнчлэн энэ сарын 2-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дундажаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 98, Аи-92 автобензин 34, дизелийн түлш 33, ТС-1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байгаа аж.