Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хутгалуулсан нэр дэвшигч Бразилын ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шатанд яллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Жайр Болсонару, Фернандо Хаддад нар

Хэт барууны үзэлтэй улс төрч Жайр Болсонару өчигдөр болсон Бразилын ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шатанд тэргүүллээ.

Тэр сар гаруйн өмнө сонгуулийн сурталчилгааны үеэрээ бусдад хутгалуулж, өнгөрсөн хугацааг эмнэлгийн орон дээр өнгөрүүлсэн юм. Гэвч тэр сошиал сүлжээг ашиглан эмнэлгээс сурталчилгаагаа үргэлжлүүлж байсан юм.

Болсонару нэгдүгээр үед 50 хувийн санал авч чадаагүй тул аравдугаар сарын 28-нд болох хоёрдугаар шатанд зүүн жигүүрийн Ажилчдын Намын нэр дэвшигч Фернандо Хаддадтай өрсөлдөнө.

Эхний шатанд Болсонару 46 хувь, Хаддад 29 хувийн санал авчээ.

Болсонару нь одоогийн эрх баригчид, Бразилын улс төрийн тогтолцоог шүүмжилдгээрээ алдаршиж, “Халуун бүсийн Трамп” гэгдэх болсон.

Түүнийг ийнүү амжилт гаргахад есдүгээр сарын эхээр хутгалуулсан явдал нь нэмэр болсон гэж шинжээчид үзэж байна. Болсонаругийн арьс өнгөөр ялгаварлах, ижил хүйстний эсрэг, эмэгтэйчүүдийг үл хүндэтгэсэн мэдэгдлүүд нь нийгэмд маргаан дэгдээж, түүний эсрэг жагсаал цуглаан гарахад хүргэж байв.

Тэр бас цаазын ялыг сэргээнэ гэдгээ амлаад байгаа.

Болсонаругийн санаанд оромгүй ялалт нь Бразилын иргэд эрх баригчдад итгэхгүй болсон, ардчилал аюулд орсны илрэл гэж ажиглагчид үзэж байна.

 

Эх сурвалж: BBC