Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын засгийн газар Интерполын ерөнхийлөгчийг баривчилснаа зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Ням гарагийн орой Хятадын албаныхан сураггүй болоод олон хонож байгаа Интерполын ерөнхийлөгчийг баривчлан шалгаж байгаагаа анх удаа зарласан байна. Хятадын Коммунист Намын хяналт шалгалтын хороо түүнийг саатуулан шалгаж байгаагаа мэдээлсэн юм.

Энэ мэдэгдлийн дараа Мэн Хонвэй Интерполын ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорсныг тус байгууллагын Франц дахь төвөөс мэдээлжээ.

Интерпол ямар шалтгаанаар ерөнхийлөгчөө огцорсон талаар мэдээлээгүй байна.

Есдүгээр сарын сүүлээр эх орноо зорин Францаас явсан Мэн Хонвэй сураггүй болж, өнгөрсөн Баасан гарагт эхнэр нь хэвлэлд хандсан юм.

Түүний хэлснээр Хятадад очсоныхоо дараа Мэн эхнэртээ хутганы зураг илгээсэн байна. Нөхөр нь аюултай нөхцөл байдалд орсноо уг зургаар илэрхийлсэн гэж үзэж байгаагаа Грэйс Мэн сэтгүүлчдэд ярьсан байна.

Энэхүү мессэж есдүгээр сарын 25-нд ирсэн бөгөөд үүнээс хойш дахин холбоо бариагүй гэнэ. 

Мэн Хонвэй нь 2016 оны арваннэгдүгээр сард Интерполын ерөнхийлөгчөөр сонгогдож, тус байгууллагын төв байрладаг Францын Лион хотод амьдарч байсан юм. Тэр өмнө нь Хятадын дотоод хэргийн яамны дэд сайдын албыг хашиж байв.

Хүний эрхийн байгууллагууд түүнийг хилийн чанадад байгаа тэрс үзэлтнүүдийг баривчлахад Хятадын засгийн газарт тусалдаг хэмээн шүүмжилж байжээ.

 

Эх сурвалж: Associated Press