Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

С.Зоригийн амь насыг бүрэлгэхийг ЗАХИАЛСАН этгээдийн нэрийг Ц.Амгаланбаатар хэлсэн гэв

Б.Ану
2018 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өчигдөр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа С.Зоригийн амь насаа алдсан хэргийн талаар өөрт байгаа хэд хэдэн мэдээллийг хуваалцсан юм. 

Хэргийн захиалагч өдий хүртэл яагаад илрэхгүй байгаа тухай тэрбээр "Үнэхээр захиалагч байгаа бол зарла гэдгийг би ажлаа авсан өдрөө цагдаагийнханд хэлсэн. Одоо хүртэл ажлыг нь хийлгэхгүй байна.  Тэр үед бодож байсан миний бодол улам лавширч байгаа. Сая Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат шийтгүүлсэн гурван хүн алуурчин биш гэж Б.Булган мэдүүлэг өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна лээ. 

Би анх Б.Булганыг яагаад шүүхэд оруулаагүйг мэддэггүй байсан. Эцэст нь Б.Булган хуулийнханд ашиггүй мэдээлэл өгсөн учир холдуулахын тулд шүүх хуралд оруулаагүй юм байна. Шүүх хуралд оролцуулахгүйгээр тэр хүний хэлсэн зургаар гурван хүнд ял онооно гэж юу байх вэ. Энэ бол байж болохгүй асуудал юм.

Шалгуулах шаардлага, өргөдөл ирж байгаа. Прокуророос шалгая гэсэн чиглэл гарч, холбогдох байгууллагууд хөдөлж эхэлж байгаа гэсэн мэдээлэл надад байна. Ер нь Захиалагчийг хэн болохыг Ц.Амгаланбаатар хэлж байсан юм билээ. Мөрдөн байцаалтын шатанд ч, шүүх хурлын шатанд ч ярьсан. Хэн, хэний нэрийг хэлснийг хуулийнхан цөм мэдэж байгаа. Гэхдээ би үүнийг хэрэг үйлдсэн гэдэг утгаар нь хэлж байгаа юм биш. Захиалагч гэж хүний нэр хэлсээр байтал түүнийг нь шалгалгүй шүүх хурлаар тасалсанд байгаа юм" гэв.  

Өөрөөр хэлбэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял авсан Ц.Амгаланбаатар захиалагчийн тухай хуулийнханд хэлсээр байтал холбогдох хүмүүс ямар ч арга хэмжээ авахгүй байгаа тухай ийнхүү ярьсан байна. Мөн тэрбээр энэ асуудлаар ярьсан хүн болгоныг дарамтлах ажиллагааг өнөөдрийг хүртэл хийж байгаа гэж мэдээлжээ. 

Ярилцлагыг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.