Төрийн албаны зөвлөлөөс МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлажээ. Ингэснээр жинхэнэ захирал томилогдох аж. Одоо тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр Я.Төмөрбаатар ажиллаж байгаа юм.
Сонгон шалгаруулалт 2018 оны аравдугаар сарын 12-ны өдрийн 09.00 цагт эхэлнэ.
МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг доорх байдлаар зохион байгуулна.
Сонгон шалгаруулалтад оролцох иргэнээс удирдах ур чадварын түвшингийн болон ярилцлагын шалгалт авна. Оролцогч нь докторын зэрэгтэй, тухайн сургуулийн эрхэлдэг сургалт, судалгааны чиглэлээр мэргэшсэн Боловсрол, шинжлэх ухааны салбарт удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан, менежмент, эрхзүйн зохих мэдлэг туршлагатай, байгууллагын хамт олон, сургалт судалгааны ажлыг удирдан зохион байгуулах чадвартай, 2-оос доошгүй гадаад хэлний мэдлэгтэй байхаар ажлын байрны шаардлагад дурджээ.
МУИС-ийн захирлын ажлын байрны шаардлага:
Боловсрол: Докторын зэрэгтэй
Мэргэжил: Тухайн сургалтын байгууллагын эрхэлдэг аль нэг сургалтын чиглэлээр дээд боловсролтой
Мэргэшил: Тухайн сургуулийн эрхэлдэг сургалт, судалгааны чиглэлээр мэргэшсэн
Туршлага: Боловсрол, шинжлэх ухааны салбарт удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан. Менежмент, эрхзүйн зохих мэдлэг туршлагатай.
Ур чадвар: Байгууллагын хамт олон, сургалт судалгааны ажлыг удирдан зохион байгуулах чадвартай, 2-оос доошгүй гадаад хэлний мэдлэгтэй.
Тусгай шаардлага:
Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны (51) 267445 утсаар холбогдож лавлагаа авч болно гэж ТАЗ-аас мэдээллээ.