Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Монгол Улс “32-ын бүлэг” дотроо хэдэд жагсдаг вэ?

Ч.Болортуяа
2018 оны 10 сарын 4
iKon.MN
 
НЭГ. Товч түүх

Америк, Япон, Герман, Швед, Сингапур гээд хүний хөгжил, эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч орнуудтай бид өөрсдийгөө харьцуулах нь элбэг. Гэвч хөгжил, хүн ам, газар зүйн байршил, цаг агаарын таатай уур амьсгал зэрэг харьцуулж боломгүй улс орнуудтай Монгол Улсыг зэрэгцүүлэх нь олон зүйлийн учир дутагдалтай.

Тэгвэл ойролцоо хөгжлийн түвшинтэй, тэр тусмаа өөрсдөө сонгоогүй өгөгдлөөрөө адил төстэй орнуудтай хөгжлийн үзүүлэлтүүдээ харьцуулж харах нь, тэрэн дундаа тэргүүлэгч орны туршлагыг эхний ээлжинд судалж харах нь илүү оновчтой сонголт байхыг үгүйсгэхгүй.  Энэ бол далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тухай юм. 

Энэ тухай яриа хэлэлцээ аль 1990-ээд оноос яригдаж Монгол Улс, НҮБ болон олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудалд хандуулах чиглэлээр бусад холбогдох орны хамт идэвхтэй ажиллаж ирсний дүнд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын (ДГХБО)-ын албан ёсны бүлгийг НҮБ-ын дэргэд байгуулжээ.

Үүнээс хойш Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв (ДГХБО-ын ОУСТ)-ийг Улаанбаатарт байгуулах санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч 2006 онд гаргаснаас хойш НҮБ болон далайд гарцгүй бусад орны дэмжлэг авах ажлыг идэвхтэй зохион байгуулсны дүнд 2009 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар ОУСТ-ийг Улаанбаатар хотод байгуулах тухай A/RES/64/214 тоот тогтоолыг батлуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын 2009 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тус Төвийн шавыг тавьсан юм.

Үүний хүрээнд Монгол Улс ОУСТ-ийг үүсгэн байгуулах тухай Олон талт хэлэлцээрийн төслийг боловсруулан 2010 оны ДГХБО-ын Гадаад хэргийн сайд нарын хурлаар батлуулсан байна.

НҮБ-аас Олон талт хэлэлцээрт ДГХБО-д гарын үсэг зурах хугацааг 2010 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс нээж, 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хаасан. 2011 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр гарын үсэг зурах хугацаа дууссан тул уг хэлэлцээрт гарын үсэг зурахгүй шууд нэгдэн орох боломжтой болжээ.

ДГХБО-ын ОУСТ-ийг Улаанбаатар хотноо үүсгэн байгуулах тухай Олон талт хэлэлцээрийн дагуу хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход доод тал нь 10 ДГХБО-ыг нэгтгэх шаардлагатай гэж тус хэлэлцээрийн 12.1-д заасан байдаг.

Олон талт хэлэлцээрийг нийт 12 улс соёрхон батлаад байна. Үүнд:

  1. Монгол – 2011,
  2. Лаос – 2012,
  3. Афганистан – 2013,
  4. Армени – 2012,
  5. Казахстан – 2015,
  6. Буркина Фасо – 2016,
  7. Парагвай – 2016,
  8. Кыргыз – 2017,
  9. Тажикистан – 2017,
  10. Балба – 2017,
  11. Этиоп – 2018,
  12. Бутан - 2018 зэрэг болно.
2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Балба Улс Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээрт нэгдсэнээр хэлэлцээр хүчин төгөлдөр болох нөхцөлийг хангасан. Улмаар энэ оны зургаадугаар сард ДГХБО-ын ОУСТ-ийг Улаанбаатарт нээж буйгаа зарласан билээ.

Тиймээс ч энэ жилийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд Монгол Улс амлалтаа биелүүлсэнээ танилцуулж өөрсдийн санаачлан байгуулсан судалгааны төвийнхөө статусыг нэмэх зорилготой оролцож байгаа тухай бид мэдээлсэн билээ.

ХОЁР. ДГХБО-ын ОУСТ-ийн статус нэмэгдсэнээр...

Дэлхийд далайд гарцгүй хөгжиж байгаа статустай 32 орон байдаг. Далайд гарцгүй орнууд хөгжлийн хувьд үндсэндээ далайд гарцтай орнуудаас 20 хувиар хоцрогдсон байдаг гэх судалгаа бий.

 

Энэ жилийн НҮБ-ын Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцсон ДГХБО-ын ОУСТ-ийн гүйцэтгэх захирал Э.Одбаяртай товч ярилцсанаа хүргэж байна.

- Энэ удаагийн НҮБ-ын Далайд гарцгүй орнуудын хурлын онцлох сэдэв, ач холбогдлын тухай ярихгүй юу?

- Жил болгоны хурлын сэдэв, агуулга өөр өөр байдаг. Энэ удаагийн хурлаар дэлхийн уур амьсгалын өөрчлөлт далайд гарцгүй орнуудад ямар үр нөлөө үзүүлж байгаа талаар онцгойлон анхаарч хэлэлцлээ. Өмнө нь энэ асуудлаар улс орнууд дандаа тус тусдаа хэлэлцдэг байсан бол энэ жил далайд гарцгүй 32 орны бүлэг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрхэн хамтарч ажиллах ёстой вэ гэдэг талаар ярилцсан онцлог хурал боллоо.

Монгол Улсын хувьд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг санаачлан байгуулсан улстөрийн өндөр ач холбогдолтой. НҮБ-ын түвшинд манай эзэлж байгаа байр суурьд ч эерэг нөлөөтэй. Үүнээс цаашлаад эдийн засгийн хувьд ямар үр ашигтай вэ гэхээр мэдээж далайд гарцгүй орнууд бие даан хөрш орнуудтайгаа хэлэлцээ хийхэд хүндрэл бэрхшээлтэй байдаг. Энэ бэрхшээлийг давахын тулд олуулаа, бүлгээрээ нийлж хэлэлцээ хийх зэрэг олон давуу тал бий болж байна. 

- Далайд гарцгүй орнууд жил болгон асуудлаа хэлэлцэж хуралддаг ч энэ жилийн хувьд бид илүү манлайлж оролцож байгаа гэж ойлголоо. Зөв үү?

- Жил болгон бид манлайлж оролцдог гэж хэлж болно. ДГХБО-ын ОУСТ-ийг гэхэд 2006 оноос санаачилсан. Ингэж явсаар энэ оны зургаадугаар сард албан ёсоор нээлтээ хийсэн. Энэ тухайгаа буюу Монгол Улс амлалтаа биелүүлчихсэн. Та бүхэн одоо энэ байгууллагаа ашиглаарай, идэвхтэй оролцоорой гэж бусад орнууддаа уриаллаа. ДГХБО-ын ОУСТ-ийн тухайд далайд гарцгүй орнуудын хөгжлийн судалгаа хийж холбогдох судалгаануудыг гаргадаг. Энэ мессежийг НҮБ-ын ЕА-н 73-р чуулганы үеэр өгөхийг хичээлээ.

- Далайд гарцгүй орнуудын хөгжил далайд гарцтай орнуудтай харьцуулахад 20 орчим хувийн хоцрогдолтой байдаг гэсэн судалгааны дүн байдаг. Үүнийг зарим хүн зүгээр шалтаг гэх нь бий. Яг бодит шалтгаан мөн үү?

- Тухайн улс, үндэстэнд далайд гарцгүй байна гэдэг яах аргагүй хөгжлийн бэрхшээл болж байдаг. Яагаад гэхээр далайд гарцгүй орнууд руу бараа, бүтээгдэхүүн экспорт, импорт хийхийн тулд илүү их урт хугацаа шаарддаг, олон удаагийн гаалийн шалган өнгөрүүлэлт давдаг нь худалдааны үнэ өртгийг нэмэгдүүлж байдаг. Энэ бол зөвхөн худалдааны салбар дахь бэрхшээл. Худалдаанаас гадна хүний хөгжил, боловсрол, байгаль орчинд ч гэсэн далайд гарцгүй байх нь бэрхшээл болж байна. Тэгэхээр энэ бүгдийг даван туулахын тулд бүлгээрээ ажиллах шаардлагатай байгаа юм.

Тиймээс ч далайд гарцгүй орнуудын гадаад хэргийн сайд нар жилдээ нэг уулзаад мэдээллээ солилцоод байр сууриа нэгтгээд бодлогоо тодорхойлж байна.

- 32 орон дотроо Монгол Улсын хөгжлийн үзүүлэлтүүд хэддүгээр байрт жагсаж байгаа вэ?

- Жил жилээсээ хамаарч өөр байна. Одоогийн байдлаар 32 орныг тэргүүлж байгаа нь Казахстан, хоёрдугаарт Азербайжан ороод явдаг. Монгол Улсын хувьд ерөнхий дундаж үзүүлэлтээр наймдугаар байрт эрэмбэлэгдэж байна. 2009-2012 оны үед түүхий эдийн үнэ өндөр байхад манай улсын үзүүлэлтүүд гуравдугаар байрт жагсаж байсан. Яг эдийн засгийн өсөлтөөр одоогийн байдлаар долоодугаарт орж байна.



Монгол Улсын хувьд ийм судалгааны төвтэй болсноор наад зах нь далайд гарцтай болохын тулд аль улсын хил гаалийн боомт ашиглах нь эдийн засгийн өгөөжтэй байж болох зэрэг мөн ижил далайд гарцгүй орнуудын хөгжлийн асуудлыг судлах боломж нээгдэж байна.

Энэ тухай Э.Одбаярын 2018 оны тавдугаар сард өгсөн ярилцлагаас дэлгэрэнгүй үзэх боломжтой.

ВИДЕО:

НҮБ-ын ЕА-н 73 дугаар чуулганд Монгол Улс өөрийн санаачлан байгуулсан олон улсын судалгааны төвийн статустыг нэмэх тогтоолыг өргөн бариад байгаа бөгөөд шийдвэрийг энэ сардаа багтаан гаргах тухай албаныхан мэдээлж байв.

Ингэж статус нэмэгдсэнээр  далайд гарцгүй орнуудыг нэгтгэсэн цорын ганц байгууллагын бүх арга хэмжээ, санхүү, нөлөөлөл, оролцоо талаасаа ч ач холбогдол нь өндөр болж ирэх юм байна.

 

Энэ тухай Д.Цогтбаатар сайд “Тухайлбал, оролцоо талаасаа чухам ямар ач холбогдолтой вэ гэхээр зөвхөн далайд гарцгүй орнууд тойрч суугаад асуудлаа ярих биш транзит орнуудтайгаа хамтарч ярилцаж ойлголцох боломж нэмэгдэнэ гэсэн үг.

Далайд гарцгүй орнууд дангаараа буюу хоёр талт уулзалтаар өөрсдийн асуудал бэрхшээлээ ойлгуулж, дэмжлэг авах амаргүй байдаг. Тэгвэл 32 орны хамтрал бол улстөрийн хүч.  Үүн дээр нэмэх нь НҮБ ард нь түрлэг болж өгөх нь илүү л хүчтэй болно. Монголчууд өөрсдөө санаачлан ийм байгууллага байгуулсан учир бидний зүгээс хамтын ажиллагааны санаачлагуудыг гаргах, идэвхтэй манлайлах үүрэгтэй. Тиймээс энэ удаагийн НҮБ-ийн чуулганд бид өндөр ач холбогдол өгч оролцож байна” гэсэн юм.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ тухай "Монгол Улс өөрөө далайд гарцгүй орон. Тийм ч учраас далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын эрх ашгийг бид хамгаалах ёстой. Улаанбаатарт 32 орноос бүрдэх Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг санаачилж байгуулсан. Жил болгоны төсвөөс энэ судалгааны төвд санхүүжилт өгье гэж үзэж байгаа. Бусад гишүүн орон ч энэ байгууллагын ач холбогдлыг маш сайн ойлгож байна. Худалдаа, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр далайд гарцгүй хөгжиж буй орнуудад НҮБ болон бусад олон улсын байгууллагаас туслалцаа дэмжлэг авах, өөрсдийнхөө эрх ашгийг хангах чиглэлд хамтарсан ажил зохион байгуулах НҮБ-ын түвшинд ярих ийм байгууллага болон хөгжиж байна" гэж байлаа. 

Гурав. Монгол Улс хэдэд жагсдаг вэ?

Далайд гарцгүй хөгжиж буй гэсэн статустай 32 орны дундаа Монгол Улс хэдэд жагсдаг вэ гэдгийг хэд хэдэн үзүүлэлтээр та бүхэнд танилцуулж байна.

(Компьютерийн хулганаа график дээгүүр гүйлгэж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү)

1. НИЙТ ЭКСПОРТ, 2016 ОНД

2. НИЙТ ИМПОРТ, 2016 ОНД

3. НИЙТ ЭКСПОРТОД АНХДАГЧ ТҮҮХИЙ ЭДИЙН ЭЗЛЭХ %

4. ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, 2017 ОНД

5. 1 хүнд ногдох ДНБ, 2015 онд

6. Хүний хөгжлийн индекс, 2017 онд

7. Интернэт хэрэглэгчийн тоо (хүн амд эзлэх хувиар)

8. Үүрэн холбоо хэрэглэгч (100 оршин суугч тутамд)

 

Статистик эх сурвалж:  ДГХБО-ын ОУСТ