Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

"500-600 сая доллар оруулж ирдэг алтны борлуулалтыг нэг тэрбумд хүргэхийг зорьж байна"

А.Ням-Өлзий, iKon.mn
2018 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

“Монгол Улсад нүүрс 2.5 тэрбум орчим ам.доллар олж ирдэг бол зэс 3 тэрбум ам.доллар оруулдаг. Манай улс гаднаас уул уурхайгаар нийт 6 тэрбум  орчим ам.доллар олдог. Бидний гаднаас худалдаж авдаг бараа бүтээгдэхүүний хэмжээ 6-7 тэрбум ам.доллар даваад ирэхээр долларын дутагдалд ороод төгрөгийн ханш унадаг. 

Тэгэхээр төгрөгөө ханш сайтай байлгахын тулд уул уурхайгаас олдог орлого өндөр байх ёстой. Зэс, нүүрс хоёр том байр суурь эзэлдэг боловч алт чамлахааргүй өндөр байр суурьтай. Яагаад гэвэл сүүлийн хэдэн жилд алт тогтвортойгоор, багаар бодоход 500-600 сая ам.доллар байнга олж ирсэн. 

Бид цаашдаа алтнаас нэг тэрбум гаруй доллар олдог болох сонирхолтой байгаа” хэмээн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх М.Дагва өчигдөр болсон “Алтны форум”-ын үеэр ярьсан юм. 
Уг форумыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголбанк болон “Bloomberg TV Mongolia” хамтран анх удаа зохион байгууллаа. 

Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханшаас ихээхэн хамааралтай манай улсын хувьд эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалах шийдэл нь алт юм. Манай улс 2012 онд Алтны татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, 2013 оноос таван жилийн хугацаатайгаар алтын нөөц ашигласын төлбөрийг бууруулж, өсөн нэмэгдэх татваргүй болгосон. Ингэснээр төв банканд тушаах алтны хэмжээ нэмэгдэж, ам.долларын ханшийн өсөлтийг хазаарласан билээ. 

Эдийн засагт эерэг үзүүлэлт дагуулсан алтны татварын тухай дээрх хуулийн хэрэгжилтийн хугацаа энэ онд дуусгавар болох гэж байна. Уг хуулийн хэрэгжих хугацааг дахин таван жилээр сунгах саналыг Монголбанкнаас холбогдох албаныханд өгөөд байгаа. 

Энэхүү цаг үеийн шаардлагаас гадна алтны салбарын өнөөдрийн байдал, тулгарч буй бэрхшээлийг тодорхой болгох үүднээс олон талыг оролцуулсан “Алтны форум”-ыг зохион байгуулж буй нь энэ ажээ. 

Форумын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Үндэсний алт үйлдвэрлэгчдийг төрийн бодлогоор дэмжиж, тулгарч буй хууль эрхзүйн зохицуулалтын шинжтэй хүндрэл бэрхшээлийг төрийн байгууллагууд хамтран шийдвэрлэх нь алтны салбарын хөгжил төдийгүй Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал юм” гэдгийг онцолсон. 

"Алтны форум"-д оролцогч талуудыг байр суурийг хүргэж байна.  

Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал С.Бадарч алт үйлдвэрлэгчдэд тулгарч буй асуудлын талаар “Орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд нь аж ахуйн нэгжийн алт олборлохыг дэмжих, Монголбанканд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлэх Засгийн газрын бодлогын эсрэг ажиллах нь цөөнгүй байна.

Хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгохгүй, нөхөрлөл хэмээх нинжа нарыг тусгай зөвшөөрөлгүй газарт хууль бусаар үйл ажиллагаа явуулахыг дэмжсэнээр байгаль орчин сүйтгэх, нөхөн сэргээлт хийхгүй байх, гол ус бохирдуулах, ямар нэгэн хариуцлага хүлээхгүй, татвар төлөхгүй байх, далд эдийн засгийг дэмжих сөрөг үр дагавар үүсгэж байгааг анхаарах цаг болсон гэж үзэж байна. Тэд нинжа нартай үгсэн хуйвалдаж, ашиг олох зорилгоор ажиллах нь илүү сонирхолтой байгаа нь тодорхой болсон. 

Нөгөө талаар нөхөрлөл нэрээр үйл ажиллагаа явуулдаг нинжа нар хяналт, шалгалтаас нуугдаж, хариуцлага хүлээдэггүй. Өөрөөр хэлбэл, шалгалт хийх тухай орон нутгийн албан тушаалтнаас урьдчилан мэдэж, зугтаадаг. Эцсийн үр дагавар нь хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн нэр хүндэд муугаар нөлөөлдөг. Тиймээс ашигт малтмалын хайгуул, олборлолтын зөвшөөрлийг орон нутгийн удирдлага бус төрийн захиргааны байгууллага мэдэлдээ авах шаардлага харагдаж байгаа

Мөн төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж аж ахуйн нэгжүүдэд чирэгдэлгүй үйлчилдэг байх зохицуулалт нэн шаардлагатай байна. Түүнчлэн алтны нөөц ашигласны төлбөрийг бууруулах хуулийн хугацаа энэ жил дуусч байгаа. Энэ хугацааг дахин таван жилээр сунгуулах хүсэлтийг бид гаргаад байгаа” гэлээ. 

 
mpa.mn

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх М.Дагва “Бидний хувьд уул уурхайн салбарт байгаа нэг том эрсдэл нь олон улсын зах зээл дээрх бүтээгдэхүүний үнийн өсөлт бууралтын мөчлөг байдаг.

Зэс, нүүрсний үнийн өсөлт бууралт Монгол Улсын эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлдэг. Яамны зүгээс уул уурхайн салбарыг дотор нь 3-4 тулгууртай болгоод, тус бүр нь нэг тэрбум ам.доллар давсан борлуулалт хийдэг болгох зорилт тавьж байгаа.

Нүүрс, зэс хоёр 3-4 тэрбум ам.доллар олдог хүчирхэг салбарууд байгаа. Нөгөө талд нь алт, жонш, уран зэрэг рүү анхаарлыг хандуулж, бодлогыг зөв томъёолох шаардлага байгаа. Энэ шаардлагын хүрээнд алтын салбарын бүх талуудыг оролцуулаад асуудлаа хэлэлцэж байна.

Энэ салбар өөрөө онцлогтой. Нэг талаас маш олон жижиг аж ахуйн нэгжүүд шороон ордууд дээр ажиллаж байдаг. Гэтэл шороон ордын нөөц нь шавхагдах тал руугаа болчихсон. Дараагийн хайгуулын ажлууд нь нэлээн тасалдчихсан. Шороон ордуудыг дагасан байгаль орчин, нийгмийн асуудал ихтэй. 

Мөн нэг асуудал нь алтны томоохон үндсэн ордуудыг ашиглалтад оруулах асуудал байдаг. Бэлэн болчихсон ордуудыг дагаад олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарах, зохион байгуулалттайгаар шантажлах гэх мэтийн асуудал гарч байгаа. Эдгээрийг хэрхэн шийдэх вэ. Тодорхой бүлгийн эрх ашигт үйлчилж байгаад хэсэг бүлэг нөхдийг орлогожуулах хэмжээнд асуудлыг авч явах уу. Эсвэл уул уурхайн салбарыг дотор нь олон тулгууртай тус бүр нь тэрбум долларын салбар болгож гаргаж ирэх үү. 

Алтны салбар нь 500-600 сая ам.доллар, үнэ сайн байгаад олборлолт нь сайн байвал 800 гаруй сая ам.долларын орлого бүрдүүлдэг салбар байгаа юм”гэлээ. 

АМГТГ-ын ахлах мэргэжилтэн Т.Баасанпүрэв Алтны үйл ажиллагаа явуулдаг компаниудын 60 орчим хувь зогсолттой байна. Эдгээрийн шалтгааныг тодруулаад үзэхээр ихэнх хувь нь хөрөнгө оруулалтын асуудлаа шийдэх шаардлагатай байдаг. Мөн шүүх , цагдаагийн асуудалтай компаниуд байна. 

Эндээс хамгийн гол алт олборлогчид гэвэл алтны үндсэн ордыг эзэмшигч компаниуд байдаг. Тэдгээрийн хувьд хамгийн гол асуудал бол алтны шороон ордыг ашиглахад хэрэглэдэг химийн бодисын хэрэглээ. Тодруулбал, химийн бодисыг хадгалах агуулахын асуудал. Орон нутаг химийн бодис хадгалж, хэрэглэснээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн буруу ойлголт байдаг учраас асуудал үүсч, үндсэн ордын олборлолт зогсдог. 

Алтны шороон ордын 2-3 жилийн нөөц үлдсэн байгаа. Яг энэ олборлолтоороо явахад шороон ордын нөөц 4-5 жилийн дараа дуусна. Тиймээс АМГТГ-аас шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл, ялангуяа шороон орд байх магадлалтай талбай дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох чиглэл барин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон болон өргөдлөөр олгох ажлыг энэ жилээс эхлүүлсэн.

Өнөөдрийн байдлаар сонгоны байдлаар гурван удаагийн шалгаруулалтаар 30 талбайд сонгоны ажлыг эхлүүлээд байна. Дээрээс нь УУХҮЯ-наас өргөдлөөр тусгай зөвшөөрөл өгөх ажлыг эхлүүлэхээр хуульд өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлээд явж байна” 

 
mpa.mn

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа “Нарийвчилсан үнэлгээний асуудал дээр та нар хатуу хандаж байна, хааж боож байна гэсэн асуудал гардаг. Орон нутагт, байгаль орчны яам, мэргэжлийн хяналтын газар, уул уурхайн яам, алт олборлож байгаа аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны асуудлыг зөв зүйтэй байр суурин дээр нь тавих асуудал чухал байна. 

Алт олборлож байгаа бүх компаниуд нөхөн сэргээлтийг мундаг хийдэг болсон гэж хэлэх эрт байна. Үүнийг яаж дүгнэдэг, ямар хууль эрх зүйн орчинтой вэ гэхээр тухайн аймгийн байгаль орчны чиглэлийн байгууллага, хүмүүс нь оролцсон ажлын хэсэг байгуулагдаад тухайн жилийн арваннэгдүгээр сард багтаагаад газар дээр нь очоод нөхөн сэргээлтийг 20 үзүүлэлтээр 80 хүртэл оноогоор дүгнэдэг. 80 онооноос доош оноо авсан бол дараа жилийн менежментийг төлөвлөгөө нь батлагддаггүй. Энэ дээр хамгийн гол үзүүлэлт бол нөхөн сэргээлтийн асуудал байдаг. 

Нинжа нарын тоог олон хүн асуудаг. Гэвч тухайн газарт хэдэн хүн очоод ажиллаж байгааг орон нутгийнхан ч мэддэггүй. Баримжаа тоогоор 30-40 мянга гэдэг. Гагцхүү бид үүнийг ашиглаад хаягдчихсан газрын тоогоор л баримжаалж байгаа юм. 

Сүүлийн хоёр жилд БОАЖЯ-наас бүх аймгийн Засаг дарга нарт уул уурхайн улмаас эвдэрч, хаягдсан газрын тооллого хий гэсэн үүрэг чиглэл өгсөн. 2012 онд ийм ажил хийгдэж байсан. Тэр үед 4,256 га талбай хаягдсан байсан. Тухайн үеийн үнэ ханшаар тооцоход нэг гаг нөхөн сэргээхэд 25 сая төгрөг шаардлагатай гэж үзвэл дор хаяж 100 тэрбум төгрөгөөр нөхөн сэргээх хэрэгтэй болж байсан. 
Өнөөдөр энэ тоо хэд болж вэ гэдгийг ондоо багтааж гаргана. 

Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал С.Бадарч "Энэ асуудлаар хамтарч ажиллах шаардлагатай байгаа. Тодруулаад хэлэхэд, Заамрын бүс нутагт алт олборлох үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй аж ахуйн нэгж байгаа.

Эдгээр байгууллага нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг өндөр түвшинд хийж байгаа. Дээрээс нь байгаль орчны удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн нэлээн хэдэн газар бий. Өөр газруудад олборлолт хийж байгаа байгууллагуудын асуудал хөндөгдөж байх шиг байна. Тэрэн дээр төгс төгөлдөр гэж хэлэх боломжгүй байна" гэлээ.