Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-аас Тайваньд зэвсэг нийлүүлэх шинэ санал тавьжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын эрх баригчид Тайваньд $330 саяын дүнтэй зэвсэг нийлүүлэх санал тавьсан нь Бээжингийн тэвчээрийг шалгасан хэрэг болжээ.

Пентагоны зарласан уг саналд F-16, C-130, F-5 байлдааны нисэх онгоцнуудын сэлбэг, эд ангиуд багтсан байна. Тайваний засгийн газар АНУ-ын уг саналыг талархан хүлээж авч, өөрийнх нь батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх ач холбогдолтойг онцолжээ.

Пентагоны мэдэгдэлд “Шинэ санал нь АНУ-ын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдалд дэмжлэг болохын хажуугаар худалдан авагч талын аюулгүй байдал, батлан хамгаалах чадварыг сайжруулж, бүс нутгийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил, хүчний тэнцвэртэй байдалд чухал үүрэг гүйцэтгэх юм” гэсэн байна.

Бээжингийн эрх баригчид Тайванийг өөрийн газар нутгийн салшгүй хэсэг гэж үздэг ба шаадлагатай бол зэвсгийн хүчээр өөртөө нэгтгэхээ мэдэгддэг.

АНУ-аас Тайваньд зэвсэг худалдах, батлан хамгаалах салбарын харилцаа үүсгэхийг эх газрын Хятад хүчтэй эсэргүүцдэг юм.

Тайваний ерөнхийлөгчийн тамгын газар АНУ-ын шийдвэрийг таатай хүлээн авч байгаагаа илэрхийлээд Вашингтоныг Тайваний өмнө хүлээсэн зургаан зүйл бүхий амлалтдаа үнэнч байгаад талархсан байна.

Мөн дээрх шийдвэрийн үр дүнд Тайвань улс эх газрын Хятадын зүгээс үзүүлж буй дарамт сүрдүүлгийг сөрөн зогсох хүч чадал, итгэл үнэмшилтэй болж байгаагаа мэдэгджээ.

Хэдийгээр Вашингтон Тайваний тусгаар тогтнолыг зөвшөөрдөггүй, дипломат харилцаагүй ч 1982 онд АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган тус арал улстай харилцахдаа баримтлах зургаан зүйл амлалтыг өгсөн байдаг.

Үүнд Тайваньд зэвсэг нийлүүлэх үйл ажиллагаагаа зогсоох хугацааг товлохгүй, Тайваньд зэвсэг нийлүүлэхдээ Хятадтай зөвлөлдөхгүй, Тайвань-Хятадын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхгүй гэх зэрэг амлалтууд багтдаг юм.

Вашингтоны сүүлчийн алхам нь АНУ-Хятадын хооронд худалдааны дайн ид өрнөж байгаа үед тохиож байгаагаараа онцлогтой болж байна.

 

Эх сурвалж: South China Morning Post