Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

ХОМ-ээ өгөөгүй нэр бүхий гурван албан тушаалтанд хариуцлага тооцсон байна

А.Намуун, iKon.mn
2018 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай Тэмцэх Газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаарх мэдээллийг өгсөн юм.

Тодруулбал, Монгол Улсын Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн сургалтын менежер Р.Энх-Амгалан нь өөрийн болон нөхрийн цалин хөлсийг худал мэдүүлсэн, нөхрийн нэр дээрх тээврийн хэрэгсэл, мөн өөрийн болон нөхрийн үүсгэн байгуулсан компаниуд, хувьцааны талаар мэдүүлээгүй тул “албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах” арга хэмжээ тооцуулахаар тус сургуулийн захиралд албан бичиг хүргүүлж, хариуцлага тооцуулжээ.

Монгол Улсын Үндэсний Батлан Хамгаалахын Их сургуулийн “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн захирал, хурандаа Э.Бямбажав нь эхнэрийн нэр дээр бүртгэлтэй компани, авто зогсоолыг мэдүүлээгүй тул “сануулах” хариуцлага тооцуулах талаар Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргад албан бичиг хүргүүлж, хариуцлага тооцуулсан байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 121 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч В.Дэлгэрмаа нь өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүүгийн эхнэр О.Гантуяаг 2016 оны ажилд томилон бага ангийн бүлгийн туслах багшаар ажиллуулж байгаад 2018 онд ажлаас чөлөөлжээ. Энэ хугацаанд үр дүнгийн урамшуулал болон ур чадварын нэмэгдэл олгохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн тул хариуцлага тооцуулахаар Нийслэлийн боловсролын газрын даргад албан бичиг хүргүүлж, хариуцлага тооцуулсан гэж АТГ-аас мэдээллээ.

Түүнчлэн, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 897 этгээдийн ХАСУМ-ийг хянан шийдвэрлэсэн байна. Уг хугацаанд Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Боловсролын салбараас ирүүлсэн урьдчилсан мэдүүлэг бусад байгууллагатай харьцуулахад өндөр дүнтэй байгаа аж.