Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүк компани сонгуульд нөлөөлөх оролдлогоос хамгаалах “дайны өрөө”-г байгуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Фэйсбүүк компани өөрийн байранд сонгуульд нөлөөлөх оролдлогоос хамгаалах “дайны өрөө” (war room)-г байгуулснаа зарлажээ.

Тус компанийн иргэдийн оролцоог хариуцсан захирал Самид Чакрабарти “Бид удахгүй болох АНУ, Бразилын сонгуулиудад зориулж Менло Парк дахь байрандаа “дайны өрөө” шинээр байгууллаа. Энэ өрөө нь дайны үеийн командлалын төв байдлаар ажиллах бөгөөд энд хэрэгцээтэй арга хэмжээг тэр дор нь авч байх юм” гэж хэвлэлийн хурлын үеэр тайлбарласан байна.

Уг өрөөнд сонгууль болж байгаа улс орны иргэдийн сошиал хэрэглээг анхааралтай хянаж, буруу, хууль бус үйлдлүүдийг газар дээр нь хориглож байх гэнэ.

Фэйсбүүк компани 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд нөлөөлөхөд гол үүрэг гүйцэтгэсэн гэгдэж байгаа. Тиймээс сүүлийн жил гаруй хугацаанд тус компани сүлжээгээр нь улс төрийн суртал нэвтрүүлэг, хуурамч мэдээлэл тархахыг хязгаарлах арга хэмжээ авах болсон юм.

Өнгөрсөн долоо хоногт Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг гадаадын хэд хэдэн орны сонгуулийн ажиллагаанд нөлөөлөх оролдлого илрүүлснээ мэдэгдэж байв.

“Бид Франц, Герман, Мексик, Бразил, Алабамагийн сонгуулиудад чиглэсэн хуурамч экаунтуудыг олж устгалаа. Бас бид Орос, Иран улсуудаас АНУ, Британи, Ойрх Дорнодын улс төрд нөлөөлөх гэсэн оролдлогууд, Мексик, Бразил улсуудын улс төрд нөлөөлөх гэсэн дотоодын бүлэглэлүүдийн ажиллагааг олж устгасан” гэж Зукербэрг ярьжээ.

Тэрээр 2016 оны сонгуульд ямар ч бэлтгэлгүй байснаа дахин хүлээн зөвшөөрч, харин өнөөдөр Фэйсбүүк тэр үеэс хавьгүй дээр болсныг мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: AFP