Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Ганхуяг: Цагаанхадыг цахилгаантай болгохоор тэрбум төгрөг төсөвлөсөн

Үндэсний шуудан сонин
2018 оны 9 сарын 19
Үндэсний шуудан
Зураг зураг

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын уул уурхай хариуцсан мэргэжилтэн Э.Ганхуягтай ярилцлаа.

-Өмнөговь аймгийн газар нутгийн хэдэн хувьд нь тусгай зөвшөөрөл олгон хайгуул хийж байна вэ?

-Энэ оны эхний найман сарын мэдээгээр манай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 9.5 хувь ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байна, Үүний 7.5 хувийг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэлдэг. Үлдсэн нь ашиглалтын зөвшөөрөл байгаа. Нийтдээ 92 ашиглалтын тусгай зөвшөөрөл, 115 хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна.

-Үүнийг хэчнээн аж ахуйн нэгж эзэмшдэг вэ?

-“Монгол алт” гэхэд арав гаруй лиценз эзэмшдэг. Идэвхтэй олборлолт хийдэг 14 компани байдаг

-Уул уурхайн нөлөөллөөс болоод орон нутгийн иргэд тоостой орчинд амьдрах, газар нутаггүй болох, бэлчээрийн хомсдолд орох зэрэг бэрхшээлүүд гардаг. Энэ асуудалд хэрхэн анхаардаг вэ. Компаниудад шаардлага тавьдаг уу?

-Тэгэлгүй яахав. Бид шаардлага тавьдаг. Дээд төвшний удирдлагуудад нөхцөл байдлаа танил-цуулдаг. Харамсалтай нь орон нутгийн салбарт уул уурхайн нөлөө ямар байгаа талаар тэр бүр ярьдаггүй. Орон нутагт уул уурхайг дагасан асуудлууд маш их гардаг. Бид төр, иргэний дунд дуу хоолой нь болж ажилладаг. Нүүрсний олборлолттой холбоотой агаарын бохирдол, хөрсний элэгдэл тулгамдсан асуудал. Мөн мал амьтан дайжих, хордож үгүй болох гэх мэт сөрөг нөлөө ч байна.

Энэ асуудлыг уул уурхайн бодлогын бичиг баримтад зайлшгүй тусгах хэрэгтэй байна. Ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж зөвхөн өөрийнхөө лицензэд заасан газар нутагт л үйл ажиллагаа явуулах тухай асуудал байдаг. Гэтэл түүний дам нөлөө буюу тээвэрлэлтээс шалтгаалан олон салаа зам гардаг. 20 гаруй төрлийн салаа зам гарсан тохиолдол ч байна. Тэр замын асуудал яаж шийдэгдэх юм.

Түүнд хэн хариуцлага хүлээх вэ гэдэг бодлогын асуудал орон нутагт дутагдалтай байна. Одоогийн хэрэгжиж буй хууль тогтоомжид зөвхөн “А” лицензэд заасан хэмжээний дагуу гэж заасан шийдэл байгаа. Хуримтлал нөлөөлөл буюу төсөл хэрэгжихтэй холбоотой ямар хөнөөл орон нутагт байгаа талаар тусгаагүй.

-Агаарын бохирдол, тоосжилтод хэчнээн айл өрх орсон байгаа гэх мэт судалгаа хийсэн байдаг уу?

-Бидэнд хэд хэдэн судалгаа бий. Манай аймгийн гол нөлөөнд өртөж буй хэд хэдэн сум байдаг. Тавантолгой орд газрыг дагасан Цогтцэций, Нарийнсухайт орд газрыг дагасан Гурвантэс, Баяндалай гэсэн гурван сумыг дамнаад нүүрс, түлш тээвэрлэлтийн нөлөөнд автаад байна.

Гурван сумын 10 гаруй багийн нүүдэлчин иргэдийг бодлогоос гадуур үлдээсэн гэж харж байгаа. “А” лиценз эзэмшиж хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй компани зөвхөн байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ хийлгэдэг. Тэгвэл үүн дээр нэмээд нийгэм, эдийн засагт нөлөөлөх үнэлгээг зайлшгүй хийдэг болгомоор байна.

-Уул уурхай байгаль орчинд ямар нөлөөлөл үзүүлж байгааг та сая ярилаа. Тэгвэл нийгмийн ямар сөрөг нөлөөлөл үзүүлж байна вэ?

-Нийгэм эдийн засгийн нөлөөлөх байдлын үнэлгээ яагаад заавал хэрэгтэй байна вэ гээд жишээ татаад ярихад Цогтцэций суманд 2008 онд олборлолтын үйл ажиллагаа дөнгөж эхэлсэн. Тэр үед тус сум гурван мянган хүн амтай байсан. Өнөөдөр 10 жилийн дараа найман мянган хүн амтай болжээ. Тэгвэл Өмнөговь аймаг байнгын оршин суудаг 65 мянган хүн амтай. Хөдөлгөөнт хүн амтайгаа нийлээд өдгөө энэ тоо 120 мянгад хүрсэн.

Энэ нөхцөл байдлаас харахад Цогтцэций суманд гурван ЕБС байх ёстой гээд түүнд тохирсон ажиллах боловсон хүчнийг нь тавьсан. Гэтэл тэр нь 3-4 мянган хүн амд л үйлчилгээ үзүүлж чадах ажиллах хүчин. Гэтэл өнөөдөр энэ тоо нь хоёр дахин нэмэгдсэн. Энэ нь нийгэм эдийн засгийн үнэлгээ зайлшгүй шаардлагатай байгааг илтгэж байна.

-Гашуунсухайт, Цагаанхадын нөхцөл байдлыг шийдвэрлүүлэхийн тулд ямар ажлууд хийсэн бэ?

-Эмх замбараагүй байдал их байдаг тул төрөөс “Цагаан хадыг хаая” гэдэг байр суурьтай байдаг. Өмнөговь аймгийн орон нутгийн бодлого бол арай өөр. Тэнд хүн амьдарч байна. 21 аймаг, нийслэлийн есөд дүүргийн хаягтай хүмүүс тэнд байдаг. Тийм учраас тэнд тухтай орчинг бүрдүүлье гэж зорьж байгаа. Энэ ондоо багтааж цахилгаанд холбохоор орон нутгийн төсвөөс тэрбум төгрөг төсөвлөсөн. БНХАУ-аас эрчим хүчээ авахаар хэлэлцээр хийсэн.

-Нүүрсний экспортын тухай ярихаар үүнийг үйлдвэрлэж буй хүмүүсийн асуудал хөндөгдөнө. Тэнд байгаа жолооч нарын нөхцөл байдал хүнд байгааг бүгд ярьдаг. Аймгийн бодлогын төвшинд тэдний эрх ашгийг хэрхэн хамгаалдаг вэ?

-Энэ бол байнга яригддаг асуудал. Засгийн газраас ажлын хэсэг гарсан тухай мэдээлэл байсан. Жолооч нарын эрх ашигт, амьдрах орчныг сайжруулахаар бид шат шатны төвшинд санал, зөвлөмж хүргүүлдэг.

Зураг