Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын хариу цохилт: АНУ-ын $60 тэрбумын бараанд 5-10 хувийн импортын татвар оноолоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Хятадын худалдааны яам Трампын авсан хориг арга хэмжээний хариу болгож АНУ-ын $60 тэрбумын дүнтэй бараа бүтээгдэхүүнд 5-10 хувийн импортын татварыг ирэх Даваа гарагаас эхлэн оноох болсноо зарлалаа.

Урд өдөр нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын $200 тэрбумын дүнтэй бараанд есдүгээр сарын 24-нөөс эхлэн 10 хувийн импортын татвар оноож байгаагаа зарласан юм.

2019 оны нэгдүгээр сарын 1-нээс уг татвар 25 хувь болж нэмэгдэнэ.

Үүнийг зарлахдаа хэрвээ Хятадын тал хариу арга хэмжээ авбал нэмж $267 тэрбумын бараанд импортын татвар оноохоо Трамп амласан юм.

Өчигдөр Бээжингийн эрх баригчид хариу арга хэмжээ авсан тул Трампын амлалт биелэх эсэхийг харах үлдлээ.

2016 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж эхлэхдээ Дональд Трамп улс орныхоо гадаад худалдааны алдагдлыг бууруулах амлалт өгч байсан юм. Тэр өнгөрсөн долоо, наймдугаар саруудад хоёр үе шаттайгаар Хятадын нийтдээ $50 тэрбумын дүнтэй бараанд татвар оноосон. Хоёрдугаар шатанд $200 тэрбумын бараанд татвар оноосноор хоригийн дүн нийтдээ $250 тэрбум болж байна. Хэрвээ амласан $267 тэрбумыг нэмбэл үндсэндээ Хятадаас АНУ-д нэг жилд нийлүүлдэг бүх бараа бүтээгдэхүүн импортын өндөр татвартай болох юм.

 

Эх сурвалж: Russia Today