Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин: Ил-20 онгоцыг унагасан явдал бол санамсаргүй тохиолдол

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Сирийн Латакиа дахь агаарын баазын харалдаа Газар дундын тэнгис дээгүүр нисэж явсан Оросын Ил-20 нисэх онгоц унаж, дотор нь явсан 14 цэргийн алба хаагч амиа алдсан юм.

Израйлийн нисэх онгоцнууд Латакиа дахь цэргийн байгууламжуудад цохилт өгөх үеэр Сирийн армийнхан хариу цохилт өгөхдөө Оросын нисэх онгоцыг санаандгүй унагасан нь сүүлд тодорхой болжээ.

Өчигдөр Москвад Унгарын ерөнхий сайд Виктор Орбантай уулзсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинаас сэтгүүлч уг хэрэг явдлыг 2015 онд Туркийн тал Оросын нисэх онгоцыг буудаж унагасан явдалтай адил эсэхийг асуусан байна.

Путин “Туркийн тал тухайн үед санаатай манай онгоцыг буудан унагаж байсан бол энэ удаа золгүй үйл явдлын үр дүнд осолдлоо. Израйлийн тал манай нисэх онгоцыг буудаагүй” хэмээн хариулжээ.

Даваа гарагийн орой Израйлийн нисэх онгоцнууд Латакиа руу пуужин харвахад Сирийн засгийн газрын арми С-200 газар-агаар ангиллын зэвсгээр эсэргүүцэхдээ Оросын Ил-20 онгоцыг онож унагасан байна.

Хэрэг явдал Орос-Израйлийн харилцаанд хүндрэл үүсгэж магадгүй болжээ. Өчигдөр ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Израйлийн батлан хамгаалахын сайд Авигдор Либермантай холбогдож, Израйлийн талын үйлдэлд Москва зохих хариуг барина хэмээн мэдэгдсэн байна.

Өчигдөр орой мөн Путин Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай утсаар ярихдаа дахин ийм алдаа гаргахаас сэргийлэхийг шаардаж, Израйлийн үйлдэл Сирийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг үл хүндэтгэсэн хэрэг болохыг сануулжээ.

 

Эх сурвалж: Russia Today