Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Далай лам “Европ бол Европчуудын газар” гэж хэлээд шүүмжлүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Европ тивийн орнуудаар айлчилж яваа Төвдийн Буддын шашны тэргүүн 14 дүгээр Далай Ламын хэлсэн үг олны дунд маргаан дэгдээжээ.

Тэрээр Шведийн Мальмё хотод болсон хурал дээр үг хэлэхдээ “Европ бол Европчуудын газар нутаг” гэж хэлсэн байна. “Тэднийг хүлээж аваад, туслаад, сургаж боловсруулах нь зүй ёсны хэрэг. Гэхдээ эцэст нь тэд төрөлх нутагтаа буцаж, улс орноо хөгжүүлэх ёстой” хэмээн 83 настай шашны тэргүүн дүрвэгчдийн тухай хэлсэн юм.

Тэр бас “Миний бодлоор Европ бол Европчуудын газар нутаг” гэж хэлжээ.

Саяхан Шведэд болсон парламентын сонгуулиар тус улсын хэт барууны, дүрвэгчдийг эсэргүүцэгч улс төрийн хүчнүүд өмнөхөөсөө олон хувийн санал аваад байгаа.

Тиймээс дүрвэгсдийн асуудал тус улсад хамгийн халуун сэдэв болоод байгаа юм. Сошиал сүлжээний хэрэглэгчдийн зарим нь Далай ламыг “хоёр нүүртэн” хэмээн шүүмжилж эхэлжээ.

Хэдийгээр тэр олон сая дагагчтай, дэлхийн томоохон шашны тэргүүн, Нобелийн энх тайвны шагналтан боловч дүрвэгчдийн талаар маргаантай мэдэгдлүүдийг өмнө нь хийж байв.

Жишээ нь тэр 2016 онд Германы Frankfurter Allgemeine Zeitung сонинд ярихдаа “Европ, тухайлбал Герман орон Арабын улс болж чадахгүй” гээд Европт хэт олон дүрвэгч ирснийг шүүмжилж байжээ.

Далай лам өөрөө мөн дүрвэгчид тооцогддог. 1959 онд тэрээр олон мянган иргэнээ дагуулан Төвдөөс дүрвэн ирж, Энэтхэгт суурьшсан юм.

 

Эх сурвалж: Independent