Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Цэрэгт алба хаахгүйн тулд биеийн жингээ нэмсэн хэрэг Өмнөд Солонгост илэрчээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн 60 гаруй жил дайны байдалтай байгаа Өмнөд Солонгост эр хүн бүр заавал цэргийн алба хаах үүрэгтэй байдаг.

Энэ үүргээс ямар ч алдартан зугтаж чаддаггүй. Тэгвэл саяхан дуулаачийн ангийн оюутан 12 залуу цэргийн албанаас зугтахын тулд зориудаар биеийн жингээ нэмсэн нь илэрчээ.

Нэрийг нь нууцалж байгаа эдгээр залуус өдөрт таван удаа пицца, гамбургер идэж байсны хүчинд жин нэмж, бие бялдрын хувьд цэрэгт тэнцэхгүй болж чадсан байна. Тэдний “өндөр илчлэгтэй уургийн коктейл уух, алой шүүс уух” зэргээр хэрхэн биеийн жингээ нэмэх талаар туршлагаасаа хуваалцан бичилцсэн мессенжэрийн бичлэгүүдийг эрх баригчид олж авчээ.

Өмнөд Солонгост эр хүн бүр 28 наснаасаа өмнө 22 сарын хугацаанд цэргийн алба хаах үүрэгтэй. Гэхдээ бие бялдрын шаардлага хангасан байх ёстой. Хэрвээ уг шаардлагыг хангаагүй бол нийгмийн ажилд дайчлагдах замаар орлуулан алба хаадаг ажээ.

Харин Олимпийн болон Азийн наадмуудын, сонгодог хөгжмийн наадмын тэргүүн байр эзэлсэн тамирчид, уран бүтээлчид цэргийн албанаас чөлөөлөгддөг.

Дээр дурдсан 12 залуугийн хоёр нь жингээ нэмж чадсаны хүчинд цэргийн алба хаалгүй, нийгмийн ажилд дайчлагдаж үүргээ гүйцээсэн юм байна. Тэдний туршлагаар бусад нь адилхан арга хэрэглэж байжээ. Ингэснээр тэд дуучны карьераа тасалдуулалгүй, үүрэгт ажлынхаа хажуугаар үргэлжлүүлэх бодолтой байсан гэнэ.

Санаатай жингээ нэмсэн нь илэрсэн тул одоо тэдний хэргийг прокурорт шилжүүлсэн байна. Хэрвээ буруутай нь тогтоогдвол тэднээр дахин цэргийн алба хаалгуулж шийтгэх юм. 

Өмнөд Солонгосын засгийн газар цэргийн алба хаах хугацааг 22 сараас 18 сар болгон бууруулахаар болсон. Ингэснээр тус улсын армийн цэргийн тоо 618,000-аас 500,000 болон буурах юм. Цэрэгт алба хаах үеэр авдаг цалин нь сарын 300,000 вон буюу тус улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ч бага тул ихэнх залуус албанаас зугтаж, илүү орлоготой ажил эрхлэхийг боддог байна.

 

Эх сурвалж: The Guardian