Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Налайх дүүрэг олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетикийн гүйлтийн зам бүхий байгууламжтай боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Налайх дүүрэг дэх Олон улсын хөнгөн атлетикийн замын ажил бүрэн дуусаж, комисс ажиллаж байнгын ашиглалтад хүлээн авсан байна. 

Тус замыг Олон улсын хөнгөн атлетикийн холбооны итгэмжлэгдсэн газар болох Итали улсын Монде компани 320,000 ам.долларын үнэ бүхий стандартын резинэн замыг манай улсад оруулж ирэн, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны буцалтгүй тусламжаар хийж гүйцэтгэсэн байна.

Уг байгууламж ашиглалтад орж байгаа нь Монгол Улс олон улсын чанартай томоохон уралдаан, тэмцээнийг зохион байгуулах бололцоотой болж байгаа талаар  Нийслэлийн Авто замын хөгжлийн газар мэдээлжээ. 

 
 

Энэ тухай Налайх дүүргийн Биеийн тамир спортын хороо наймдугаар сарын 27-нд мэдээлэхдээ  "Налайх дүүрэг Хөнгөн атлетикийн олон улсын стандарт бүхий замтай болж байна.

Монгол улсад анх удаа, Хөнгөн атлетикийн дэлхийн стандартын зам талбай тавигдаж байна. 400м бүхий уг талбайн хучилтын ажил дуусч, хэмжээс тавих ажил явагдаж байна. Дүүргийн маань хүүхэд залуус төдийгүй, Монголын үе үеийн хөнгөн атлетикийн тамирчиддаа баяр хүргэн амжилт хүсье. Энэхүү замыг хайр гамтай ашиглаж, олон олон амжилтууд гарах болтугай. 

Мөн энэ замыг хийж гүйцэтгэсэн олон олон хүмүүсдээ, БСШУСЯам, ЗГХАгентлаг БТСГазар, ННБТСХороо, Хөнгөн атлетикийн холбоо, Налайх дүүргийн ЗДТГАзар, Монде компанийхан, тусалж дэмжсэн олон хүмүүсдээ баярлаж талархсанаа дүүргийн нийт залуучуудын өмнөөс илэрхийлж байна" гэж байв. 

Хөнгөн атлетикийн олон улсын стандарт замын нээлтийн ажиллагаа энэ сарын 16-ны өдөр 11 цагт болох юм байна.  Нээлтийн ажиллагаанд зориулсан гүйлтийн тэмцээн болох ажээ.