Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

“Осол гарч хоёр машин 15 минут зам дээр зогссоноос үүссэн түгжрэл арилж хэвийн болоход 1-2 цагийн хугацаа шаардлагатай болдог"

Г.Номин, iKon.mn
2018 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Замын хөдөлгөөний удирдлагын Төвийн дарга Д.Одбаяртай Улаанбаатар хотын авто замын нөхцөл байдал, цаашид түгжрэлийг бууруулах чиглэлээр зохион байгуулж байгаа ажлуудын талаар ярилцлаа.

- Есдүгээр сарын 3-наас замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. Улаанбаатар хотын замын өнөөгийн нөхцөл байдлын талаар яриагаа эхэлье?

- Юуны өмнө энэ өдрийн амар мэндийг уламжлан Замын хөдөлгөөний ачааллыг илтгэх хэд хэдэн тоон мэдээллийг эхлээд хүргэе. 

Энэ жилийн хувьд нийслэлийн авто замын байгууламжид урьд нь хийгдэж байгаагүй их хэмжээний томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа юм.  Төмөр замаас урагш хэсгийг хотын төвтэй холбодог гол дөрвөн зам байдаг. Иргэдийн нэрлэж заншсанаар Замын цагдаагийн уулзвар, Энхтайваны гүүр, Нарны гүүр, Гурвалжингийн гүүр гэсэн үндсэн дөрвөн хэсгээр хотын төв рүү нэвтэрдэг. Үүний нэг болох Замын цагдаагийн уулзвар дээр бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаатай холбоотойгоор ачааллыг нь үндсэндээ Энхтайваны гүүр үүрч байна. Авто машины тоо гүүрний хүчин чадлаас нь хэтрээд ирэхээр 120 мянгатын уулзвар, Богд уулын арын зам руу болон бусад уулзвар зам руу ачаалал өгөөд байгаа. Тиймээс Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хэсэг дээр янз бүрийн санал дэвшүүлж, дэмжигдсэн саналуудыг хэрэгжүүлэхээр яригдлаа. 

Замын цагдаагийн уулзварыг хаасантай холбогдуулан тус уулзварын ачааллыг үүрч буй Энхтайваны гүүр хоногт 40 мянган авто машиныг нэвтрүүлэх хүчин чадалтай боловч уг хүчин чадлаас давсан ачаалал бий болж Төв шуудан, 120 мянгат гэх мэт ойролцоох уулзварууд түгжирч ихээхэн ачаалал авч байна.

 

 

- Гүүрийн бүтээн байгуулалтууд ашиглалтад орохоор болон бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэн хотын түгжрэлийг тодорхой хувиар бууруулах талаар судалгаанууд хийгдэж байгаа юу. Ер нь түгжрэлийн гол шалтгаан нөхцлийг юу гэж үзэж байгаа вэ? 

- Судалгаа тооцоолол бол хамгийн чухал. Хэн хаанаас ямар ажлаар ямар тээврийн хэрэгсэл ашиглаад хэрхэн зорчиж байна, Хаанаас хаа хүртэл хичнээн хүн аль цагт энэ урсгалд байна гэдгээс эхлээд бүх зүйл судалгаа тооцоолол мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн тооцоолдог. Жишээ нь: Уулзварын гэрэл дохионы асах хугацааг  тооцохдоо нэвтрэн өнгөрдөг тээврийн хэрэгсэл, явган зорчигч, зэргэлдээ уулзвараас орж ирэх тээврийн хэрэгслийн тоо зэрэг бүхий л өгөгдийг дэлхий даяар ашигладаг Vissim програмд  оруулж хамгийн боломжит хугацааг тооцоолж  хэрэгжүүлдэг байх жишээтэй.

Ер нь хүн амын төв рүү чиглэсэн хөдөлгөөн суурьшлын бүсээсээ хамаараад тээврийн хэрэгслийн нягтрал түгжрэл харилцан адилгүй шалтгаан нөхцөлтэй байдаг.

Олон улсын хэмжээнд ч ялгаагүй тухайн хотын хүн ам, автомашины тоо, насжилт,  хууль дүрэм журам, гудамж замуудын байршил, уулзвар замуудын фигур буюу хэлбэр хэмжээ, нэвтрүүлэх чадвар, эдийн засгийн чадамж , хөдөлгөөнд оролцогчдын ур чадвар, импортын бодлого, нийтлэг соёл гэх мэт олон нөхцөл байдлаас шалтгаалан түгжрэл гэх хүндрэл үүсдэг. 

Үүнийгээ дагаад ч түгжрэл, нягтралыг бууруулах тогтсон аргачлал, нэгдсэн арга буюу энийг нэвтрүүлээд л түгжрэлгүй болчихно гэсэн онол байхгүй. Гэхдээ түгээмэл ашиглагддаг үндсэн ойлголт арга замууд байдаг.

- Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хэсэг гэж байдаг. Энэ түгээмэл аргуудаас манай Улаанбаатар хотын хувьд хийж хэрэгжүүлэх боломжтой аргууд нь юу байж болох вэ. Дээрх ажлын хэсгийн хурлаар ямар гарц шийдлүүдийн талаар хэлэлцэв?

- Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаанд ЗЦА, НАЗХГ, НТГ, ЗХУТ, НМХГ, НБГ гээд холбогдох бүхий байгууллагын төлөөлөл оролцож, цаашид бүтээн байгуулалт, үүнтэй холбогдон үүсч буй нөхцөл байдлыг хэрхэн оновчтой хэлбэрээр зохицуулах талаар ярилцлаа. 

Уулзваруудад хоёр түвшний буюу  дээгүүр, доогуур нэвтэрдэг болох, гүүрэн байгууламжийн шинэчлэл зэрэг бүтээн байгуулалтын ажлууд нь хөдөлгөөний нягтрал түгжрэлийн эсрэг хийж байгаа томоохон дорвитой алхмууд бөгөөд дээрх ажлуудыг ашиглалтанд орох хүртэл богино хугацаанд өртөг зардал багатайгаар шийдэж болох ямар ажлууд байна вэ гэдэг дээр тал талын саналуудыг нэгтгэлээ. 

Үүнд, 

  • шинээр болон зарим холбоос замуудыг нээх,
  • тэмдэг тэмдэглэгээ, хөдөлгөөн зохион байгуулалтыг өөрчлөх,
  • зарим орц гарцыг нээж хөдөлгөөний урсацыг нэмэгдүүлэх,
  • нийтийн тээврийн эргэлтийн тоо болон хүртээмжийг нэмэгдүүлэх,
  • зогсоолын менежмент хийх,
  • уулзварыг чагтлахаас сэргийлдэг шар зураасан тэмдэглэгээг зарим уулзваруудад нэвтрүүлэх,
  • гэрэл дохионуудыг хугацаа хэмжигч суурилуулах,
  • зарим байршлуудад хайс хашлага суурилуулах,
  • ажлын цагийн уян хатан зохицуулалт зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

- Ажлын цагийн уян хатан зохицуулалт гэдгийг тодруулбал?

- Сонирхуулж хэлэхэд Олон улсын жишигт ялангуяа Солонгос, Япон, Европын олон хотуудад ажлын цагийн уян хатан зохицуулалтыг хэрэгжүүлдэг. Байгууллагын дарга захирал, хэлтэс алба нэгжийн дарга, оператор, цагийн ажилтнуудаас  бусад гүйцэтгэх албан тушаалтан, үйлчилгээний ажилтнууд буюу байгууллагын 70 хувь нь өглөө 7-10 цагийн хооронд ажилдаа ирж болно. Ингээд ирсэн цагаасаа эхлэн хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 8 цаг ажиллаад тарна. Энэ зохицуулалтыг хэрэгжүүлбэл ажилтан албан хаагчид цувж ажилдаа очоод, цувж тарж, өглөө оройн яг нэг цагт нэгэн зэрэг хөдөлгөөнд оролцдог оргил цагийн ачаалал саарах боломж бүрдэнэ.

Солонгос, Япон, Европын олон хотуудад ажлын цагийн уян хатан зохицуулалтыг хэрэгжүүлдэг.

Анзаарч харвал ажил эхлэх тарах цагийн үеэр томоохон барилга байгууламж дахь лифт, цагийн бүртгэлийн хуруу уншигч дээр үүсч байгаа хүлээлт дарааллыг ажиглахад л ойлгомжтой харагдана. Улаанбаатарт байрладаг төр захиргааны байгууллагууд, яам тамгын газар, сургууль, цэцэрлэг гээд бүх байгууллагын ажил нэг цагт эхэлж, нэгэн зэрэг тарж байгаа нь өглөө, оройд оргил цагийн ачаалал гэдэг зүйлийг бий болгоод байна. 

Үүнийг дагаад ажлаас хоцрох хатуу цагт баригдах, хүүхдээ хоцроох гэх мэт олон стресс бухимдлаас зайлсхийж гэр бүлийн уур амьсгал, ажлын бүтээмжид хүртэл эерэг нөлөөлдөг талаар судалгаа байдаг. Энэ зохицуулалтыг элдэв нэмэлт хөрөнгө зардал гаргахгүй, тушаал шийдвэр захирамж хүлээлгүй, дотоод журмаараа зохицуулаад явах боломжтой гэж харж байгаа. Замын хөдөлгөөний  удирдлагын төв ч бас энэ аргыг өөрийн байгууллагадаа туршиж үзэх бодолтой байгаа.

- Замын ачаалал сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж байгаа нь мэдрэгдэж байна. Гэтэл ачаалалтай байгаа энэ үед гүүрийн бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас зарим зам уулзваруудыг хаах талаар мэдээлэл гараад байгаа. Энэ талаар тодруулж мэдээлэл өгвөл?

- Нийслэлийн Автозамын хөгжлийн газраас тухайн замуудын зарим зорчих эгнээг түр нээх хаах өдөр, графикт хуваарийн талаар зурагт мэдээллийг олон нийтийн хэрэгслээр түгээнэ байх. Бидэнд ирүүлсэн мэдээллээр гүүрийн бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан Яармаг, Баянзүрхийн гүүр орчмыг бүрэн хаахгүйгээр  хуваарьт төлөвлөгөөний дагуу хэсэгчлэн  хаалт хийж тээврийн хэрэгслийг зорчуулна гэсэн ойлголттой байна. Шинээр нэмж замууд түр хааснаар мэдээж замын ачаалал эрс нэмэгдэнэ. Гэхдээ энэ үед нь тухайн зам уулзваруудад уртасгасан цагаар ажиллах цагдаагийн алба хаагчдын тоог нэмэгдүүлэх, нийтийн тээврийн автобусны тоог нэмэгдүүлэх, түр замуудыг нээх замаар замаар 7-10 хоногт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс түр хязгаарлалт хийж гүүрний дам нурууг хийн гүйцэтгэхээр тооцон ажиллаж байгаан байна.

Яармаг, Баянзүрхийн гүүр орчмыг бүрэн хаахгүйгээр  хуваарьт төлөвлөгөөний дагуу хэсэгчлэн  хаалт хийнэ.

Ер нь жил бүрийн энэ үед хөдөө орон нутгаас сургууль соёл, шинэ оюутан, хурим найрын бэлтгэл хангах гээд нийслэлийг зорьсон урсгал замын ачаалал эрс нэмэгддэг. Энэ жилийн хувьд товчоодоор орж ирсэн орон нутгийн дугаартай 89,300 гаруй тээврийн хэрэгсэл орж ирсэн тоо байна. “Энэ ачаалалтай бүтээн байгуулалтын хэдэн сарыг хүлээцтэй хүндэтгэлтэй тэвчээртэй байж ард нь гарцгаая” гэж жолооч явган зорчигч бусад хөдөлгөөнд оролцогчиддоо уриалах байна.

Удахгүй Яармагийн гүүр гэх мэт замын бүтээн байгуулалтууд ашиглалтад ороод ирэхээр одоогийн ачааллыг шингээгээд зам гүүрнүүдийн нэвтрүүлэх чадвар 30-40 хувиар нэмэгдэнэ гэж тооцож байгаа.

- ЗХУТ-ийн үндсэн чиг үүрэг нь гэрлэн дохионы зохицуулалтаар замын хөдөлгөөнийг зохицуулах мөн зөрчилд хяналт тавьж ажилладаг. Зарим иргэдийн зүгээс тухайлбал Төв шуудангийн урд талын гэрлэн дохион дээр явган зорчигчийн ногоон гэрэл асах давтамж хэтэрхий удаан гэх шүүмжлэлийг хэлдэг. Энэ тухайд тайлбар өгөөч?

- Замын хөдөлгөөний удирдлагын төв нь автозамын хөдөлгөөнийг зохицуулах, хэт ачааллыг бууруулах, гэрлэн дохиог нэгдсэн удирдлагаар хангах, гэрэл дохио хяналтын болон зөрчлийн телекамеруудын арчлалт хамгаалалтыг хийх зорилготой чиг үүргийн байгууллага. Хотыг бүхэлд нь дээрээс нь харж ачааллыг тэнцвэржүүлж гэрэл дохиогоор удирдах замаар Тээврийн цагдаагийн албатай хамтран хөдөлгөөнийг зохицуулдаг гэж ойлгож болно. Зарим тохиолдолд уулзвар нэвтрэх боломжгүй болж хэт ачаалал авсан үед болон зарим шаардлагаар гэрэл дохиог алгасаж хөдөлгөөний нягтралыг бууруулахын тулд цагдаагийн алба хаагч биет зохицуулалтаар хөдөлгөөнийг зохицуулах нь бий. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслүүд  зохицуулагчийн дохиог дагаж улаан гэрлээр орж байгаатай адил явган зорчигч ч мөн Замын хөдөлгөөний дүрмийн 5.9-д заасны дагуу зохицуулагчийн дохиогоор явганы гарцаар нэвтрэхээр зохицуулагдсан байдаг.   Өөрөөр хэлбэл дүрмийн дагуу цагдаагийн зохицуулалтыг хараад улаанаар ч нэвтрэх боломжтой гэсэн үг. Харин иргэд зөвхөн ногоон гэрлээр л гарах ёстой гэж ойлгоод хүлээгээд байдаг.

- Хяналтын камерын хэрэглээ хэр хэмжээнд байгаа вэ?

- Хотын хэмжээнд хөдөлгөөний нөхцөл байдлыг хянах, зөрчил бүртгэх гээд олон чиг үүргийн камер бий. Ихэнх жолооч камерыг баримтжуулж торгодог хэрэгсэл гэж ойлгодог. Гэтэл таны 1 секунд хожих гэж гэрэл дохио зөрчих үйлдэл өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө сүйдэх нөхцөл үүсгэхээс гадна хөдөлгөөн зохицуулах горим алдагдуулдаг. 

Торгууль бол татвар биш. Харин захиргааны зөрчил гаргасныхаа төлөө хүлээж буй хариуцлага шийтгэвэр.

Түүнчлэн Зарим иргэд торгуулийг нийслэлийн төсөв бүрдүүлэх арга мэтээр ч ойлгох тал бий. Мэдээж манай хамт олны зорилго жолоочийг торгохын төлөө биш жолооч зорчигчид хүссэн газраа аюулгүй, саадгүй хүрэхэд нь туслахын төлөө байдаг. Торгууль бол татвар биш, харин захиргааны зөрчил гаргасныхаа төлөө хүлээж буй хариуцлага шийтгэвэр юм. Өөрөөр хэлбэл та замын хөдөлгөөнд соёлтой, дүрмээ баримталж оролцвол 1 ч төгрөг төлөхгүй байж болно. 

-Тээврийн хэрэгслийн тоо хэт ихсэж байгаа талаар дурдлаа.  Мөн сурагчдын хичээл амрахаар хөдөлгөөн багасдаг. Энэ ямар нөхцөлөөс үүдэлтэй талаар танай төвөөс хийсэн судалгаа байдаг уу?

- Ерөнхий боловсролын сургуулийн хичээл цуглах тарах цаг сургууль орчмын замын хөдөлгөөнд шууд нөлөөлдөг. Жишээлбэл, Сант, 1, 23 дугаар сургуулиудын хичээл эхлэх тарах цагийн хөдөлгөөн тэр хавийнхаа замд шууд нөлөөлдөг.

Ер нь Улаанбаатар хотын уулзвар, гэрэл дохио ойр байрлалтайгаас нэг уулзвар осол гарах, тээврийн хэрэгсэл гэмтэж зогсох болон бусад шалтгаанаар ачаалал авахад маш хурдан хугацаанд дараа дараагийн зэргэлдээ уулзварууд руу нөлөөлдөг.

Нэг осол гарч хоёр эгнээтэй замын нэгт нь осол гаргасан хоёр машин 15 минут зогссоноос үүссэн түгжрэл арилж, зам буцаад хэвийн болоход 1-2 цагийн хугацаа шаардлагатай болдог.

Сурагчдын амралт эхлэх үеийн судалгаагаар 26 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнөөс хасагддаг. Ингээд харахаар тэр хэмжээний тээврийн хэрэгсэл “хүүхэд зөөх” ажилд явдаг байх нь. Тиймээс сургуулийн автобусыг нэмэгдүүлэх, нэг байранд байдаг нэг сургуульд явдаг хүүхдүүдийг ээлжилж хүргэж өгч авах боломжийг бүрдүүлсэн програм хангамж ашиглах  гэх мэт зохицуулалт хийх нь үр дүн гарна гэж харж байгаа.  Мөн эцэг эхчүүд хүүхдээ заавал ангид нь оруулж өгөх эсвэл эсрэгээрээ багш нь гадаа хүүхдүүдээ тосоод авах хоёрын ялгаанд л сурууль орчимд үүсгэж байгаа нөлөөлөл их зөрүүтэй.  Энгийн жижигхэн үйлдэл мөртлөө үр дагавар нь төсөөлөшгүй. Энэ мэт зайлшгүй хөрөнгө мөнгө шаардаж биш зохион байгуулалтаар шийдэж болохуйц жишээ их.

Нэгэнт 1.3 сая хүн 500 мянган тээврийн хэрэгсэлтэй болсон том хотын хувьд би өөрийгөө бодож миний эрх ашиг БИ гэхийн оронд БИД яаж зэрэгцэн орших, бусад хөдөлгөөнд оролцогчдод хэрхэн хүндэтгэлтэй хүлээцтэй хандах талаар ч ухамсарлахаас өөр аргагүй. Харилцаанаас харилцаа, хүндлэлээс хүндлэл үүсдэг шүү дээ.

- Ачаалалтай замуудын мэдээллийг харж болох UBtraffic.mn гэдэг аппликейшн  Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс гаргасан байдаг. Уг аппликейшны хэрэглээ хэр байгаа вэ. Хэрэглэгчдийн статистик мэдээлэл байдаг уу?

- Smart UB бодлогын хүрээнд төрийн олон ажил үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж иргэдийн төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай хүлээн авах боломжийг бүрдүүлэх ажлуудыг Нийслэлийн байгууллагууд хэрэгжүүлсээр байна. Үүний нэг болох UBtraffic.mn апплилкейшнээс ачаалалтай байгаа замуудын мэдээллийг авах боломжтой бөгөөд нэг жилийн өмнө анх нэвтрүүлж байсан бол одоо дараагийн шинэчлэлтүүд хийгдэж байна. Уг шинэчлэлтийн хүрээнд бид Гүүгл компани руу албан ёсоор хандчихсан байгаа. Ингэснээр хэрэглэгч гар утаснаасаа байрлал, буюу одоо байгаа цэг, очих цэгээ оруулмагц хамгийн бага зай туулж очих маршрут эсвэл ачаалал багатай зам буюу хамгийн богино хугацаанд очих, очоод зогсох зогсоол зэргийг тооцоолох боломжтой болно.

Мөн, манай байгууллага  E-Police аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Замын хөдөлгөөний дүрмийн зөрчил гаргасан буюу гарц хааж тавих, урсгал сөрөх, эгнээ байр буруу эзлэх зэрэг иргэдийг ихээр буримдуулдаг зөрчлүүдийн талаархи мэдээллийг иргэд уг аппликейшнийг ашиглан холбогдох албанд хүргүүлснээр торгууль илгээгдэх, дахин зөрчил үйлдэхийг таслан зогсоох, дүрэм зөрчилт багассанаар хөдөлгөөний нягтралыг бууруулах, эрүүл аюулгүй уур бухимдалгүй хөдөлгөөнд оролцох боломжууд бүрдэх болно. Мөн шүргэлцсэн, мөргөлдсөн зэрэг 2 жолооч хоорондоо тохиролцох боломжтой үед заавал цагдаа даатгал дуудалгүйгээр дүрс бичлэгээ илгээн асуудлаа шийдвэрлүүлэх, ингэснээр зорчих хэсгийг хурдан чөлөөлж түгжрэл үүсгэхгүй байх боломжуудыг харилцан санал солилцож байна.   

- Танд баярлалаа. Ярилцлагынхаа төгсгөлд жолооч зорчигч нартаа хандаж уриалга хэлбэл?

- Согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийн тоо хангалттай буурахгүй байгаа нь миний болон захиргааны байгууллагын, зам дээр зогсож байгаа цагдаа бүрийн өдөр бүр сонсдог эмгэнэлтэй тоон мэдээлэл. Осол гэмтлийн 90 хувьд нь хамгаалах бүс зүүгээгүй, хүүхдийн зориулалтын суудал хэрэглээгүй байдаг. Хэн ч өнөөдөр аваар осол хийе гэж гэрээсээ гардаггүй. Болзошгүй аюулаас бусдыг болон өөрийгөө, гэр бүл, үр хүүхдээ урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Автомашин бол сэлбэгтэй, хүний бие эрхтэн бол сэлбэггүй заяагдсан шүү дээ. Машинд суусан бол бүсээ зүү, хажууд суусан хүнээ бүсээ зүүхийг шаардах эрхтэй бас үүрэгтэй.

Замын хөдөлгөөнд оролцохдоо “Миний хийж байгаа үйлдэл зөв билүү, би бусдад саад учруулаагүй байгаа?”, “Хотын хөдөлгөөнд оруулж байгаа миний хувь нэмэр юу байна вэ?” гэдгийг бүгд дор бүрнээ бодвол сайнсан. ТА-БИ-ТА зарчмаар бие биедээ хүлээцтэй хүндэтгэлтэй хандах тал дээр анхаараасай гэж дахин дахин хүсье. Мэдээж нэг дарга бүгдийг шийдэхгүй. Манай хамт олны туршлага, эрч хүч, мэдлэг, сэтгэл зүтгэл нэгдэж, нэг зүгт харж, хамтран ажилладаг байгууллагуудтай нягт уялдаатай  байж олон ажлын ард гарах учиртай.

Төгсгөлд нь нийт жолооч, замын хөдөлгөөнд оролцогч иргэн бүртээ замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалаад “Алтан шар зам нь өлзийтэй байг” гэж ерөөе.