Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Жэк Магаас Алибабагийн удирдлагыг шилжүүлэх ажил өнөөдрөөс эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Жэк Ма, Даниэл Жан нар

Азийн хамгийн үнэтэй компани болох Алибаба Холдингийн ТУЗ-ийн даргын үүрэгт ажлыг түүний үүсгэн байгуулагч Жэк Магаас гүйцэтгэх захирал Даниэл Жанд шилжүүлэх 12 сарын хугацаа өнөөдрөөс эхэлжээ.

Төлөвлөгөө ёсоор 2019 оны есдүгээр сарын 10-наас эхлэн Жэк Ма ТУЗ-ийн ердийн гишүүн болж, тус компанийн гүйцэтгэх захирал Даниэл Жан төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албыг давхар хаших юм.

Өнөөдрөөс эхлэн 12 сарын хугацаанд Жэк Ма үүрэгт ажлаа залгамжлагчдаа шилжүүлж, мэдлэг мэдээллээ өвлүүлэх, сургах юм байна.

Хятадын тэргүүн баян Жэк Ма энэ тухайгаа “Энэ шилжилтийн үйл явц нь Алибабаг хувь хүнд суурилсан засаглалаас байгууллагын соёлд суурилсан засаглалд шилжиж байгааг харуулж байна. Алибаба бол Жэк Ма биш, харин Жэк Ма бол Алибабад үүрд харьяалагдана” гэж захидалдаа бичжээ.

Өнөөдөр буюу есдүгээр сарын 10-ны өдөр бол Жэк Магийн 54 насны төрсөн өдөр юм.

Өнөөдрийн байдлаар $420 тэрбумын зах зээлийн үнэлгээтэй, 86,000 гаруй ажилтантай Алибаба нь зөвхөн онлайн худалдааны чиглэлд бус, мөн бэлэн бус төлбөр тооцоо, хиймэл оюун, Холливүүдийн кино үйлдвэрлэл, үүлэн тооцоолол зэрэг олон салбарт ажиллаж байна.

Өнөөдөр бас Хятад, Хонг Конгт багш нарын баярын өдөр болж байгаатай дээрх шийдвэр давхцан гарсан нь учиртай. Англи хэлний багш, хөтөч, орчуулагчийн ажил эрхэлдэг байсан Жэк Ма 1990-ээд оны сүүлээр Алибабаг үүсгэн байгуулалцаж байсан юм.

Мөн судалгаагаар 85 орчим хувь нь удам залгасан гэр бүлийн бизнесийн вант улсуудад харьяалагддаг Азийн тэрбумтнуудын дотроос удирдлага шилжүүлэх үйл явцыг шинэлэг байдлаар зохион байгуулж байгаа нь Алибабагийн хувьд онцлог болж байна.

Жэк Ма өөрийн байгуулсан Jack Ma Foundation сангийн шугамаар боловсрол, байгаль хамгаалал зэрэг нийгэмд тустай сайн үйлсэд зориулсан ажлыг цаашид эрхлэх төлөвтэй байгаа юм.

“Надад маш олон мөрөөдөл бий. Намайг зүгээр суух хүн биш гэдгийг хүмүүс мэдэж байгаа. Дэлхий ертөнц уужим, миний нас залуу байна. Тиймээс би цоо шинэ зүйлсийг хийж эхлэх хүсэлтэй” гэж тэр ярьжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post