Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Кенийн иргэдийг ерөнхийлөгчтэй нь цуг сармагчинтай зүйрлэсэн Хятадын бизнесмэнийг баривчилжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Кени, Хятадын удирдагч нар

Арьс өнгөөр ялгаварласан агуулгатай зүйл ярьж байгаа бичлэг нь сошиал сүлжээнд тарсны дараа Кенийн эрх баригчид тус улсад ажилладаг Хятад бизнесмэнийг өчигдөр баривчилжээ.

Лю Жячи гэх энэ хүнийг удахгүй хилээр албадан гаргах гэж байгаагаа Кенийн цагаачлалын алба мэдээлсэн байна. Сошиал сүлжээнд тарсан 2.5 минутын бичлэг дээр тэр нэгэн ажилтантайгаа маргалдаж байгаа нь баримт болж үлджээ.

Лю “Кенийн бүх хүн, бүр ерөнхийлөгч Ухуру Кенята нь ч сармагчин шиг” гэж хэлсэн байна. Үүний дараа ажилтан түүнд хэрвээ ингэж боддог бол Хятад руугаа буцахыг зөвлөжээ.

Хариуд нь Лю “Би энд байх дургүй, сармагчин шиг хүмүүст дургүй, тэдэнтэй ярих ч дургүй, тэд муухай үнэртэй, бохир, ядуу, тэнэг, бас хар. Тэд яагаад цагаан арьстнууд шиг байж болдоггүй юм бэ?” гээд мөнгө олохын тулд л Кенид байгаагаа ярьсан байна.

Уг дүрсийг үзсэн зарим Кени хүмүүс Люг зүгээр явуулалгүй, шийтгэх ёстой гэж сэтгэгдлээ бичицгээжээ.

Харин Кени дэх Хятадын элчингийн ажилтан Жан Ган уг хэрэг явдал зургаадугаар сард болж өнгөрсөн, Лю буруугаа хүлээж, компаниасаа шийтгэл хүлээсэн хэмээн мэдэгдсэн байна.

Тэрээр “Залуу хүний үзэл бодол, хувийн яриа нийт Хятадын ард иргэдийн байр суурийг төлөөлж чадахгүй” гэж тайлбарлажээ.

Люгийн үйлдсэн хэрэг анхны тохиолдол биш. Гурван жилийн өмнө Кенийн нийслэл Найробид ажилладаг хятад ресторан оройн 5 цагаас хойш хар арьстанд үйлчлэхгүй гэсэн бодлого хэрэгжүүлж байсныхаа төлөө бизнес эрхлэх боломжгүй болж, хаагдаж байв.

Энэ оны эхээр Хятадын тусламжаар баригдаж байгаа төмөр замын төслийн Хятад менежэрүүд арьс өнгөний үзэл гаргадаг гэж орон нутгийн ажилчид гомдол гаргаж байжээ.

Гэвч $3.2 тэрбумын төслийн ажилд саад учруулахгүйн тулд Кенийн засгийн газар уг асуудлыг дарагдуулан өнгөрч байв.

Энэ долоо хоногт Бээжин хотод Хятад-Африкийн дээд хэмжээний чуулган болж байгаа ба түүнд Кенийн ерөнхийлөгч Кенята оролцож байгаа юм.

 

Эх сурвалж: AFP