Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсаас Швед, Канад, Их Британид суух Элчин сайдууд ИЖБ-ээ гардан авлаа

Т.Саран, iKon.mn
2018 оны 9 сарын 6
iKon.MN
 
  1. Шведийн Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Очирын Энхцэцэг
  2. Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Ядмаагийн Ариунболд
  3. Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томилогдсон Нархүүгийн Тулга нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Итгэмжлэх жуух бичгээ гардан авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдаар томилогдон явж байгаа эрхмүүдэд нэг бүрчлэн захиас даалгавар өгч, очоод улс орондоо хэрэгтэй ямар ажлууд хийх гэж байгаа талаар асууж, ярилцав.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Элчин сайд” гэдэг цол хэргэм нь хэн нэг улстөрчийн гавьяаны амралтаа авахдаа хийдэг ажил биш болохыг онцлон шүүмжилж, цаашид энэ төрлийн Элчин сайдын томилгоог таслан зогсоох тал дээр хатуу зогсоно гэдгээ илэрхийллээ.

Томилогдон явж буй Элчин сайд нарт үүрэг өглөө.

  • Гадаад харилцааны яам өндөр чадвартай мэргэжлийн дипломатч гэж үнэлсэн учраас эн тэргүүнд иргэдийн болон улсын эрх ашгийг хамгаалах чиглэлээр санаачилгатай ажиллаж, богино хугацаанд үр дүнтэй ажиллах. /Үүнд, боловсрол, эрүүл мэнд, өндөр технологи, нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх асуудлыг багтаах/
  • Элчин суугаа улсдаа 1, 5, 10 гэлтгүй нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, оюутнуудад тэтгэлэг олж өгөх, өндөр өртөгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Монгол иргэдэд үнэгүй хүргэх боломжуудыг судлах зэрэг наад захын асуудлыг шийдэж, хагас жилийн дотор үр дүн гаргахыг үүрэг болгов.

Мөн Элчин сайдын яамдын үүд хаалгыг өөрийн улсын иргэддээ үргэлж нээлттэй байлгаж, улс хоорондын олон талт ажиллагаанд санаачилга гаргах замаар харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудалд анхаарахыг хүслээ.

Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Энхцэцэг дипломат албанд 31 жил ажилласан, 2017 оноос Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын захирлаар,
Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд дипломат албанд 22 жил ажиллаж буй бөгөөд 2016 оноос Гадаад харилцааны яамны Консулын газрын захирлаар,
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга дипломат албанд 29 дэх жилдээ ажиллаж буй. 2017 оноос Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газарт зөвлөхөөр тус тус ажиллаж байв.