Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-тай хийж буй худалдааны дайны улмаас Хятадын хоёр оператор нэгдэж магадгүй болжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Дональд Трампын эхлүүлсэн худалдааны дайны улмаас 5G технологийн салбарт АНУ-ын өмнө гарахын тулд Хятадын засгийн газар харилцаа холбооны хоёр компаниа нэгтгэх боломжийг судалж байгаа ажээ.

Төрийн өмчит гурван компанийн хоёр нь болох China Telecom (CT), China Unicom (CU) хоёр компанийг нэгтгэх саналыг Хятадын дээд удирдлагууд хэлэлцэж байгааг уг асуудалд ойр эх сурвалж Блүүмбергт мэдээлсэн байна.

Хятадын 1.49 тэрбум хэрэглэгчтэй үүрэн холбооны зах зээлийн 19 хувийг China Telecom, 20 хувийг China Unicom эзэлдэг.

Үлдсэн 61 хувийг China Mobile компани эзэмшдэг юм.

“5 дугаар үеийн харилцаа холбооны салбарт амжилт гаргах нь Хятадын маш чухал зорилт. Ингэхийн тулд CT/CU компаниудыг нэгтгэх нь хамгийн тодорхой шийдэл юм” гэж салбарын шинжээч Эдисон Ли тайлбарлажээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ “АНУ-Хятадын худалдааны дайн дараагийн шатанд шилжихээс өмнө Төрийн Зөвлөл 5G сүлжээг түргэн нэвтрүүлэхийн тулд эрс шийдмэг алхам хийх байх гэж бид харж байгаа” гэсэн байна.

Хоёр компани нэгдсэний дараа Хятадын зах зээлд хоёрхон тоглогч үлдэж, тэдэнд өөр өөр давтамжийн зурвасыг ижил тэгш хуваарилснаар 5G технологийн нэвтрүүлэлт саадгүй хэрэгжинэ гэж эрх баригчид тооцоолж байгаа ажээ.

Тавдугаар үеийн буюу 5G харилцаа холбооны технологи бол АНУ, Хятад хоёр гүрний өрсөлдөөний нэг том салбар. Одоогийн 4G технологиос 100 дахин илүү хурдтай 5G технологийн хөгжүүлэлтээр дэлхийд тэргүүлэх стратегийг АНУ-ын Холбооны Харилцаа Холбооны Зөвлөл (FCC) боловсруулаад байгаа.

“Leading the World Toward 5G Future” нэрийн дор боловсруулагдсан төлөвлөгөө ёсоор FCC нь давтамжийн зурвасын нөөц багтаамжуудыг нэмэгдүүлэх, зохицуулалтын хүнд суртлыг багасгах, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого баримталж байна.

 

Эх сурвалж: Business Insider