Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн улстөрчид сонгогчдын саналыг гар утсаар наймаалцдаг болжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн улстөрчид сонгогчдын саналыг янз бүрийн бэлэг сэлтээр худалдаж авдгаараа алдартай. Өмнө нь тэд сонгогчдод бэлэн мөнгө, мал, алт, сав суулга зэрэг эд зүйлсээр бэлэг барьж саналыг нь авдаг байсан бол сүүлийн үед электроник бараа бүтээгдэхүүн сонгох болжээ.

Тухайлбал баруун Ражастан мужийн одоогийн сайд Васундхара Раже ирэх орон нутгийн сонгуулиар 10 сая ширхэг ухаалаг гар утсыг өөрт нь санал өгсөн иргэд, тэдний гэр бүлд тараахаар болсон байна.

Эмэгтэй улс төрчийг сонгосон хүн бүр $14-ийн үнэтэй дотоод үйлдвэрийн гар утсыг худалдаж авах эрхтэй болох гэнэ. Ражастан муж үүнд зориулж 10 тэрбум рупи ($139.1 сая) гаргаж байгааг орон нутгийн хэвлэл мэдээлжээ.

Тус мужийн захиргаа гар утасны оператор компаниас хямдралтай үнээр их хэмжээний гар утас авах тохиролцоо хийсэн юм байна.

Гэхдээ Раже анх удаа гар утсаар санал сольж авч байгаа хүн биш. 2017 оны Уттар Прадеш мужийн сонгуулийн үеэр Самажвади нам саналаа өгсөн бага орлоготой өрхүүдэд гар утас амлаж байжээ.

Тэд бас оюутнуудын саналыг үнэгүй зөөврийн компьютераар сольж авч байсан юм. Үүний эсрэг эрх баригч Бхаратя Жанта нам үнэгүй зөөврийн компьютерыг 1GB дататай хамт амлаж байжээ.

2016 онд Энэтхэгийн өмнөд Тамилнаду мужийн сонгуулиар намууд телевиз, хоолны цахилгаан хэрэгсэл тарааж байсан ч харамсалтай нь тус мужийн тосгодын ихэнх нь гэрэл цахилгаангүй амьдардгаас хэрэглэж чадаагүй өнгөрсөн гэдэг.

Гэхдээ Энэтхэгийн Сонгуулийн Комисс санал худалдаж авах явдлыг авлигын төрөлд тооцож, хориглодог байна. Өнгөрсөн онд тус байгууллага Гоа мужаас сонгуульд зориулсан 5 сая рупийн үнэтэй бараа бүтээгдэхүүн хурааж авсны дотор гар утас, телевиз, сэнс зэрэг эд зүйлс багтаж байв.

Ирэх онд Энэтхэгт үндэсний хэмжээний сонгууль болох бөгөөд энэ үеэр улс төрчид ямар шинэ санаа гаргахыг харах сонирхолтой цаг үе ирж байна.

 

Эх сурвалж: The Next Web