Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дарханы замыг хоёр урсгал 4 эгнээтэйгээр шинээр барих эцсийн шийдвэр гарлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг

- Засгийн газрын хуралдаанаас /2018.09.05/ гаргасан шийдвэр -

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км авто замыг шинээр барих шийдвэрийг 2017 онд Засгийн газраас гаргаж, зам барилгын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгч, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох ажил үе шаттай хийгдэж өнөөдөр эцэслэн шийдэгдлээ. 

Энэ чиглэлийн автозамыг шинээр барих барилгын ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “барих-шилжүүлэх” нөхцлөөр  2019 оны дөрөвдүгээр сард эхлүүлж, дөрөвдүгээр ангиллын  хоёр эгнээтэй тус замыг тусгаарлах зурвастай нэгдүгээр ангиллын дөрвөн эгнээ бүхий болгон барихаар шийдвэрлэв.

Барилгын ажлын улирал богино учир таван гүйцэтгэгчээр 204.6 км автозамын барилгын ажлыг хуваан гүйцэтгүүлэх болов.

Санхүүжилтийг Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хөнгөлөлттөй зээлээр болон бусад эх үүсвэрээр хангахаар тогтов. Уг төсөлд нийт 225 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах юм.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь дөрөвдүгээр зэрэглэлийн хоёр эгнээтэй хэдий ч бусад ижил зэрэглэлийн авто замаас нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим 1.4-2.7 дахин их ердийн үед өдөрт дунджаар 5,800 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг бол наадам, цагаан сар гэх мэт зорчигчдын урсгал нэмэгддэг оргил ачааллын үед өдөрт 12,300 гаруй автотээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихтэй  авто зам юм. Энэ нь тээврийн хэрэгсэл аюулгүй зорчин өнгөрөх нөхцөл алдагдахад хүргэж, өндөр эрсдэлтэй болгодог байна.