Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ажлаа хаясан багш нарын оронд ажиллах хүсэлтэй багш нар мэдээлэл хийв

С.Бадрал, iKon.mn
2018 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Багш нарын цалинг 8-12 хувиар нэмснийг чамлан, дор хаяж 15 хувиар нэмэхийг шаардан багш нар ажил хаяад байгаа. Тэгвэл ажилгүй байгаа багш нар нэгдэн фэйсбүүк групп нээж, багш нарын ажил хаялтыг буруутган өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Ажилгүй байгаа багш нарын төлөөлөл Н.Лхагваа “Би ажилгүй байгаа багш. Одоогоор 12 сургуулийн багш нар ажил хаяж, 20 мянган сурагч, 40 мянган эцэг эхчүүд хохирч, нийгэмд эмх замбараагүй байдал үүсээд байна. Багш нар ёс зүйгүй үйлдэл гаргаж байна гэж бодож байгаа. 

Би бага ангийн багш мэргэжилтэй. Би бололвсролын салбарт 10 гаруй жил ажиллаж байгаад 2014 оноос хүүхдээ хараад гэртээ сууж байгаа. Багш нар 600 мянган төгрөгийн цалин авдаг. Түүнийгээ бага гэдгийг мэдэж байгаа ч хичээлийн эхний өдөр ажил хаяж байгааг эсэргүүцэж байгаа юм. Тиймээс одоогоор ажилгүй байгаа болон ажил эрхлэхийг хүсч байгаа багш нарыг бидэнтэй нэгдэж, ажил хаялт зарласан багш нарын оронд ажиллахыг уриалж байна" хэмээн ярилаа.

Тэдний зүгээс "Үнэхээр багшлах чин хүсэлтэй ч улсын сургуульд ажилд ороход хүндрэлтэй байдаг. Багшлах эрхийн шалгалтад ороод ганц, хоёр оноо дутуугаас шалтгаалаад ажилд орж чадахгүй байгаа биднийг ажлын байраар хангаач ээ" хэмээн сургуулиудын удирдлагуудад хандаж байгаагаа хэлж байв. 

Түүнчлэн багшийн цалинг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа хэдий ч нэгдсэн зохион байгуулалтгүй хэсэгчлэн ажил хаяж байгаа нь хүүхдүүдийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл бөгөөд есдүгээр сарын 1-нийг хүлээж, цүнхтэй ном дэвтрээ дахин дахин үзэж, догдлол дүүрэн сургууль дээрээ ирэхэд нь ажил хаясан гээд байж байгаа нь ёс зүйгүй үйлдэл гэсэн юм.