Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

CO2-ыг өөр молекул болгож хувиргах уралдааныг NASA зарлажээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын үндэсний сансрын хүрээлэн буюу NASA нь сансарт судалгааны баг илгээхдээ бүх хангамжийг нь хамт илгээдэг. Жишээ нь олон улсын сансрын станцад ажиллах баг өөрийн хэрэглэх хүнс, агаар, ус зэргийг нөөцөлдөг бол Аполло багийнхан дэлхийн дагуул дээр хөл тавихдаа сарны нөөцийг огт хөндөлгүй буцаж ирсэн.

Харин Ангарагийн аялал үүнээс эрс өөр байх ажээ.

NASA-гийн тооцоолж байгаагаар Ангарагт хүрэх анхны хүмүүс аль болох ачаа багатай аялж, хүрсэн хойноо улаан нүдэн гараг дээрх түүхий эдийг ашиглан амьдрах нөхцлөө бүрдүүлэх юм байна.

Энэ зорилгоор тэд саяхан CO2 Conversion Challenge нэртэй уралдааныг зарлажээ. Зорилго нь Ангарагийн агаар мандалд хамгийн их байдаг нүүрстөрөгчийн давхар исэл буюу CO2-ыг өөр молекулд хувиргаж, түүнийгээ янз бүрийн хэрэгцээнд ашиглах юм.

Энэ уралдаанд оролцох хувь хүмүүс, багууд 2019 оны нэгдүгээр сарын 24-нд бүртгүүлж, төслийн ажлаа хоёрдугаар сарын 28-нд илгээх юм байна.

Мэргэжилтнүүд төслүүдтэй танилцаад тав хүртэл тооны хувь хүн, багийг шалгаруулж, нийт $250,000-аар шагнаж урамшуулах юм.

Энэ бол уралдааны нэгдүгээр үе. Харин үүний дараа төслөө амьдралд хэрэгжүүлж, ажиллуулж үзүүлсэн хувь хүн, багуудын нэгэнд $750,000 хүртэл мөнгөн шагнал олгох ажээ.

NASA-гийн мэдэгдэлд “Ирээдүйд Ангарагт суурьших хүмүүс дээд зэргийн өөрөө өөрийгөө тэтгэх чадвартай байх ёстой. Тэд дэлхийгээс авч очсон зүйлсээ дахин ашиглах, Ангарагийн өөрийнх нь нөөцийг (тухайлбал CO2) ашиглах замаар амьдрах хэрэгцээгээ хангаж, хоол хүнсээ ургуулж чаддаг байх юм” гэж тайлбарласан байна. Уралдааны нэгдүгээр үе дууссаны дараа хоёрдугаар үед тавигдах шаардлага, нөхцлүүдийг зарлахаа NASA мэдэгджээ.

 

Эх сурвалж: BGR News