Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Их, дээд сургуулийн хичээлийг 10 дугаар сарын 1-нээс эхлүүлэхийг санал болгов

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Их дээд сургуулийн оюутны холбоод нэгдэн Оюутны зөвшилцөх хөдөлгөөнийг байгуулж 8 шаардлага бүхий албан тоотыг их дээд сургуулиудын удирдлага болон БСШУСЯ-нд хүргүүлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Оюутны зөвшилцөх хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Г.Сайнбилэг "Өнөөдөр энд нийт их, дээд сургуулийн оюутны холбооны төлөөллүүд болон оюутнууд оюутны зөвшилцөх хөдөлгөөний талаар ярихаар хүрэлцэн ирсэн байна. 

Сүүлийн жилүүдэд сургалтын төлбөр тодорхой хувиар нэмэгддэг байсан. Харин энэ жил ихэнх сургуулийн сургалтын төлбөр огцом нэмэгдсэн. Жишээ нь, МУИС олон нийтэд хүргэж байгаа тайлбартаа 24.7 хувиар нэмэгдсэн гэж байгаа боловч 47 хувиар нэмэгдсэн. Бусад их, дээд сургуулиудын төлбөр мөн 10-аас дээш хувиар нэмэгдсэн байна. 

Мөн сургалтын төлбөрийн эсэргүүцлийн үеэр дуу хоолойгоо хүргэж байсан оюутнууд руу сургуулийн удирдлагууд ёс зүйгүй авирласан асуудал гарсан. Тиймээс оюутнууд нэгдэн нийлж, өөрсдийн эрх ашгийн төлөө, сургалтын төлбөрийг нэмэгдэл болон удирдлагуудын ёсзүйгүй харьцаж буй байдлыг буруушаан эсэргүүцэж оюутны зөвшилцөх хөдөлгөөний үүсгэн байгуулсан. Хөдөлгөөнд 18 их, дээд сургуулийн төлөөллүүд оролцохоо илэрхийлсэн. 

Энэ хичээлийн жилд 85 их, дээд сургуулиуд байгаа. Цаашдаа хөдөлгөөнд улам олон их, дээд сургуулиуд нэгдэнэ гэдэгт бид итгэлтэй байгаа. 

Юун түрүүнд, сургалтын төлбөрийн нэмэгдлийг бид эсэргүүцэж байгаагаа дахин илэрхийлье. Гэхдээ бид маш утга учиртайгаар, зөв шаардлагаа хүргэж эсэргүүцэх байр суурьтай байна.

Их, дээд сургуулиуд жил бүр төлбөрөө нэмдэг, ингэхдээ инфляцын хувиас илүү нэмэгдүүлсэн. Тухайн сургуулиудад асуудлаа тавьж, байр сууриа илэрхийлэхээр "Бид энэ жил ийм үйл ажиллагаа хийнэ" гэх мэтээр шалтгаанууд хэлдэг. Гэхдээ тэр зүйлүүд нь бодит байдалтай нийцдэггүй. Мөн зарим их, дээд сургуулийн удирдлагууд оюутнуудтай зөвшилцсөний үндсэн дээр нэмсэн гэж хэлсэн байдаг. Гэхдээ бодит байдал дээр оюутнуудтайгаа зөвшилцсөн удаа нэг ч байхгүй. Удирдах зөвлөл дээрээ оруулж суулгадаг ч гэсэн, тэдний үгийг сонсдоггүй.

Тийм учраас бид сургалтын төлбөрийг нэмэхдээ тухайн сургууль дээр ямар бүтээн байгуулалт хийх гэж байгаа, багш нарын цалинг хэдэн хувиар нэмсэн талаар оюутнууд болон эцэг эхчүүдтэйгээ зөвшилцөж байж зөв нэмдэг байя гэсэн байр сууринаас зөвшилцөх хөдөлгөөнийг байгуулсан юм. 
 
Бид холбогдох яам, тамгын газар, Засгийн газарт дараах 8 шаардлагыг хүргүүлэхээр бэлдсэн байгаа.

  1. Их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн нэмэгдлийг бууруулах
  2. Төлбөрийн нэмэгдлийн асуудлаар тухайн сургуулийн оюутнуудтай зөвшилцдөг байх
  3. Тухайн сургуулийн удирдах зөвлөлийн оюутны төлөөллийн тоог нэмэгдүүлэх 
  4. Төрийн өмчит сургуулиудад төрийн дэмжлэгийг нэмэгдүүлэх 
  5. Ёсзүй, хариуцлагын алдаа гаргасан багш, ажилчидтай сургуулийн удирдлагын зүгээс хатуу хариуцлага тооцдог байх
  6. Их, дээд сургуулийн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэгчдийн байдалд Боловсролын салбар болон Хөдөлмөрийн зах зээлийн уялдаа холбооны талаар нарийвчилсан судалгааг холбогдох яам, тамгын газрууд нь гаргадаг байх шаардлагатай. Ингэхгүй бол өнөөдөр их, дээд сургуулиуд төлбөрөө нэмчхээд сургалтын төлбөрийн зээл рүү түлхдэг болсон байна. 
  7. Дэлхийн болон Азийн топ 100-д багтдаг сургуульд тэнцсэн оюутнуудаа дэмжиж, тэтгэлэг олгодог байх 
  8. Их, дээд сургуулийн оюутнуудын хичээл аравдугаар сарын 1-нээс эхэлдэг байх талаар санал асуулга явуулж, үр дүнг танилцуулахыг Засгийн газар, холбогдох яамд санал болгож байна. Энэ хүртэл оюутнууд ажил хийж сургалтын төлбөрөө олох боломжтой. Мөн замын түгжрэлийг бууруулах нэг гүүр болох юм.

Бид энэ Пүрэв гарагт холбогдох газруудад бичгээ хүргүүлж, зөвшилцөлд урина. Бид нийт оюутнуудынхаа өмнөөс шийдэлд хүрж, зөвшилцье гэсэн байр сууринаас хандаж байгаа юм" гэв.

МУИС-ийн оюутны холбооны тэргүүн Г.Мандах "МУИС төлбөрийн нэмэгдэл болон бусад асуудлаар маш олон удаагийн тэмцлийг өрнүүлж байгаа. Бид наймдугаар сарын 24-нд тайван жагсаалыг зохион байгуулсан. Бид бодит үр дүнг л хүсэж байна. 

Оюутнуудын эрх ашиг энд ноцтой хөндөгдөж байна гэж харж байгаа. МУИС-ийн оюутны холбооноос юуг эсэргүүцэж, юуг хүсээд байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Энэхүү зөвшилцөх хөдөлгөөн үр дүнд хүрнэ гэдэгт бид итгэж байна" гэв.

Этүгэн их сургуулийн оюутны холбооны тэргүүн А.Мөнхбаяр "Хувийн хэвшлийн их сургуулийн сургалтын төлбөр илүү бизнес тал руугаа байдаг. Улсын сургуулийг бодвол хувийн хэвшлийн их сургуулийн хөгжил арай нэг алхмын урд байдаг нь сүүлийн жилүүдэд харагдаж байгаа. 

Сургалтын төлбөрөө нэмсэн ч сургалтын орчин, чанар, багшийн цалин нэмэгдсэн үү гэх зэргээр олон асуудлууд тулгардаг. Манай сургуулийн хувьд олон бүтээн байгуулалтууд шинээр нэмэгдэж байгаа. Гэтэл бусад сургуулиуд төлбөрөө нэмсэн хэдий ч шинээр нэмэгдсэн бүтээн байгуулалтууд харагдахгүй, асуудалтай байна. Тийм учраас бид энэхүү зөвшилцөх хөдөлгөөнд оюутан бидний ирээдүйн асуудал яригдаж байгаа гэдэг үүднээс нэгдэж оролцож байна. Бусад сургуулиудаа ч мөн энэхүү хөдөлгөөнд нэгдээсэй гэж хүсэж байна" хэмээн онцоллоо.