Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Амгаланбаатар: Боловсролын салбарынхны ажил хаялтын хүрээ маргаашаас тэлэх төлөвтэй байгаа

Г.Номин, iKon.mn
2018 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Боловсрол, шинжлэх ухааны салбарынхан цалинг есдүгээр сарын 1-нээс 15 хувь, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувиар нэмэгдүүлэхийг шаардан, өнөөдрөөс ажил хаялт зарлаад байгаа. Ажил хаялтын талаар МҮЭХ-ноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "МҮЭХ-ноос жил бүр төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоотой гурван талт хэлэлцээр байгуулж ирсэн. Энэхүү хэлэлцээрийн гол асуудал нь цалин нэмэгдүүлэх байдаг ч сүүлийн дөрвөн жилд Засгийн газар цалинг огт нэмэгдүүлээгүй. Хэлэлцээрээр хүлээсэн үндсэн үүргээ огт биелүүлээгүй гэсэн үг. 

Тиймээс Үйлдвэрчний эвлэлийн байгууллага 2018 оны тавдугаар сараас хөдөлмөрийн маргаан үүсгэж, ажил хаялтын өмнөх суулт зохион байгуулж эхэлсэн. Энэ суулт Засгийн газарт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломж олгосон. Харамсалтай нь, Засгийн газар энэ хугацаанд цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх аргыг л хайж ирсэн.

Засгийн газар 2018 наймдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хөдөлмөрийн гурван талт хэлэлцээрийг зөрчин, дангаар шийдвэр гаргаж, салбар тус бүрийн цалинг өөр өөр хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Манай боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарынхны цалинг 8-12 хувиар нэмснийг эсэргүүцэж, өнөөдрөөс ажил хаялт зарлаж байгааг МҮЭХ-ноос албан ёсоор мэдэгдэж байна. Ажил хаялтын хүрээ маргаашнаас тэлэх төлөвтэй байгаа. Мөн "МҮЭХ ажил хаялтад турхирч байна. Ард нь улс төрийн хүчин байна" гэх мэтийн гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тарааж байгаад харамсаж байна. Энэ ажил хаялт бол төрийн үйлчилгээний албан хаагчдын туйлийн бага цалингаа нэмэгдүүлэхийн төлөө, эрхийнхээ хүрээнд зохион байгуулж байгаа тэмцэл гэдгийг албан ёсоор хэлье. Мэдээж үүний ард хүүхдий сурч боловсрох эрх яригдана. Үүнийг багш нар маань маш сайн ойлгож байгаа хэдий ч багшийн хөдөлмөрийн үнэлэмж сургалтын чанартай холбоотой гэдгийг хамтад нь ойлгохыг ард иргэдээсээ хүсье. Ар гэртээ санаа зовж байгаа багш шавийнхаа төлөө бүхий л зүтгэлээ гаргахад хүндрэлтэй. 

Ажил хаялт хуулийн дагуу явагддаг. Албан байгууллагын ажилтнуудын олонх хуралдаж, шийдвэр гаргаад удирдлага буюу эрхлэгч, захиралдаа мэдэгддэг. Мэдэгдлийг хүлээн авсан удирдлагууд эцэг, эхчүүдтэй холбогдож, ажил хаях болсон талаар мэдэгдэх ёстой. Гэсэн ч зарим удирдлага энэ талаар мэдээлэл өгөхгүй иргэдийг төөрөгдүүлж байна" гэлээ.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн байдлаар нийслэлийн 114 сургуулиас 86, 192 цэцэрлэгээс 89 нь, ШУА-ын 12 хүрээлэн ажил хаялтад нэгдэхээ МҮЭХ-нд мэдэгдсэн ч өнөөдрийн байдлаар хэдэн сургууль, цэцэрлэг ажил хаяад байгаа талаар нэгдсэн мэдээлэл ирээгүй байгааг хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өнөө өглөө МҮЭХ-ны удирдлагууд шуурхай хуралдаж мэдэгдэл гарган, Засгийн газарт хүргүүлжээ.

 
Гэрэл зургийг mpa.mn